Маргааш эхлэх хэлэлцээрийн өмнөх Оюутолгой тойрсон асуудлууд

Aдмин / Эдийн засаг

Оюутолгой төслийн хамтрагч талууд хэлэлцээрийн ширээнд маргаашнаас эхлэн суух гэж байна. 2025 он дуусахаас өмнө зээлийн хүүгийнхээ талаар ярилцах эрхтэй, тэрнээс хойш санахын ч хэрэггүй дахиад долоон жил хүлээх гэж байсан нэг үеэ бодвол хэлэлцээр эхлэхээр боллоо.

УИХ дээр Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хяналтын түр хороо байгуулж, түр хорооныхон долоо хоног бүр хуралдаж, ажлын хэсэг Засгийн газрыг шахахдаа шахаж, бас ч нягт ажиллаж чадсаных ямар ч байсан он дуусахаас 64 хоногийн өмнө хэлэлцээр эхэлж байна.

Өмнө 2018 онд хэлэлцээр хийж чадаагүй алдаагаа давтахгүй байх ёстой гэсэн олон нийтийн хатуу хяналтын дор энэ хэлэлцээр эхэлж байна. Учир нь энэ төсөлтэй холбоотой гэрээ хэлцэл, баримт бичиг нууцлалтай, монголчууд өөрсдөдөө хамгаас хамааралтай зүйлээ огт мэдэхгүй явж ирсэн учраас энэ удаад тун ихээр анхаарч байгаа юм.

Тэгвэл ямар асуудлууд байгаа, юуг хэрхэн яаж анхаарбал зохих талаар хамтдаа сөхөцгөөе.

Өгөөжийн харьцаа алдагдаж, анх ярьж байсан 79:21 харьцаа эсрэгээрээ эргэв

Оюутолгой биднийх мөн ч юм шиг, биш ч юм шиг. Бид тэндээс ашиг хүртэх гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг он жилүүд өнгөрсөөр. Учир нь анх энэ гэрээ яригдаж байхад Оюу толгойн төслөөс монголчуудын хүртэх ашиг 71 хувь байна гээд талхны ихэнх томыг монголчуудынх гэсэн сурталчилгаа битүү явж байсныг санах хүн олон байх учиртай.

Автобусны буудал, замын хажуугийн том самбаруудад өлгөсөн дугуй талхыг хувааж, үр өгөөжийг харуулсан зургаар Оюутолгойтой танилцсан хүмүүс ч олон. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ бүхэн яг эсрэгээрээ явж ирэв.

2010-2024 жилийн хугацаанд энэ төслийн нийт борлуулалтын орлого 16.3 тэрбум ам.доллар, нийт алдагдал нь 5.6 тэрбум ам.доллар гэсэн тооцоо бий. Монгол Улсад төлсөн бүхий л татвар хураамж 3.2 тэрбум ам.доллар. Нийт өгөөжийг хувьчлаад үзвэл Монголын талд 26 хувь, харин хөрөнгө оруулагчдын өгөөж 9.4 тэрбум ам.доллар буюу 74 хувь нь байгаа юм. Үүний 7.4 тэрбум ам.доллар нь өндөр хүү, хүүнээс хүү бодогдсных гээд бод доо.

Тэгээд дээрээс нь өр төлөгдөж дуустал бид хувь ногдол авахгүй, өрөө харин 2037 он болтол төлж чадахааргүй байгаа учраас ашиг хүртэх нь хойшилсоор байгаа юм. Гэтэл Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтын орлогын 30 жилийн тооцооллыг харвал /2021-2051/ хамгийн өндөр олборлолт хийх үе нь 2025-2034 он гэдэг. Өөрөөр хэлбэл, бид зээлийн өндөр хүүндээ бүдэрч бүдчээд төлж амжилгүй явах үед тэд хамгийг хуу хураачихна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид өрмийг нь хамж байхад бид зээлээ төлж чадахгүй явсаар хусам дээр нь жаахан хувь хэмжээ бодож эхлэх юм уу даа. Бороо гоулд дээр юу болсон гунигт түүхийг биеэрээ туулсан улс байж дахиад л нэг ийм маягтай сууж байна даа.

Хувьцаа эзэмшигчдийн өгөөж нэмэгдэх 2024-2051 онд гэхэд монголчуудынх нэмэгдлээ нэмэгдлээ гээд 11.9 тэрбум ам.доллар буюу 37 хувьд хүрнэ, харин хөрөнгө оруулагчдынх 20.3 тэрбум ам.доллар буюу 63 хувь гэсэн тооцоолол бий. Яаж ч өслөө гээд анх ярьж байсан тэр хувилбарт хүрэхгүй. Гэтэл Үндсэн хуулийн 6.2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гээд заачихсан байдаг. Дийлэнх гэдэг 51 хувь ба түүнээс дээш гэсэн ойлголт байгааг бага ангийн хүүхэд ч хэлчихнэ. 51 хувь бол хамгийн бага хувилбар нь, түүнээс дээш байж Үндсэн хуулийн зарчимдаа хүрэх ёстой. Уг нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан 2010 оны ТЭЗҮ-д Монгол Улсын хүртэх өгөөж 36.3 тэрбум ам.доллар, өгөөжийн хувь 53 хувь байхаар баталсан байдаг. Тэгтэл үр өгөөжийн харьцаа алдагдана алдагдана гэхэд дэндүү алджээ. Гэрээ байгуулаад жилийн дараагаас 50 хувийн талаар ярих эрх нээгдэхээр байсан ч ярьсангүй, яриулсан ч үгүй. Бид ч мартаж, биднийг ч мартуулжээ. “Мартуулдаг” олон арга бий.

Одоо бид мартагдсан өгөөжийн зохист харьцаагаа эргүүлэн авчрахын тулд эхний шатанд зээлийн хүүгээ буулгах тухай ярих ёстой.

Өдөр бүр 10 тэрбум төгрөг зөвхөн хүүнд төлж байна

Энэ төслийг хөдөлгөх гэж хэд хэдэн эх үүсвэрээс зээл авсан бөгөөд биднийг хамгийн их хачирхуулж байгаа нь толгой компаниасаа авсан зээл юм. Одоо бидний ашиглаж байгаа зээлийн хүүгийн SOFR индекс өнөөдрийн ханшаар 11.3 хувийн хүүтэй байна. Өдөр бүр ханш хөдлөхийн хэрээр савлагаатай байдаг гэсэн үг. Анх гэрээ хийж байхдаа LIBOR индексээр явж байсан бол явцын дунд SOFR болсон. 2023 онд Оюутолгойн ТУЗ-ийн шийдвэрээр ингэж өөрчилсөн юм билээ. Яагаад үүнийг хөдөлгөсөн, ямар эрх ашиг байсан юм, юутай ч ингэж өөрчлөгдсөн.

Тухайн үед Эрдэнэс Оюутолгой компанийн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат мөн ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж байхдаа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн индексийг өөрчлөх өөрчлөлтөд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан аж. Ингэснээр талуудад ямар давуу хийгээд сул тал үүссэнийг эргэж харах хэрэгтэй болов уу.

2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж, хоёр тал зөвшилцсөнөөр өөрчилж болно" хэмээх "11.3 Ё" гэсэн заалтыг оруулж өгсөн боловч 14 жил өнгөрч байхад хэн ч өөрчилсөнгүй. 2011 онд нэмэлт өөрчлөлт орсон гэхэд 2018 онд үүнийг өөрчлөх боломж байсан ч тухайн үеийн эрх баригчид эс үйлдлээрээ хойш суусан. Түүгээр үл барам дахин өөрчлөх 2025 оных нь бүхэл бүтэн 10 сар өнгөрчихөөд байхад золтой өнгөрөөчихсөнгүй. Ер нь гэрээнд өөрчлөлт оруулах эрх цаад талд байдгаас бидэнд хэзээ ч байгаагүй. Монголын Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байдаг ч нөгөө талын 6 хүний саналыг давах ямар ч боломжгүй гэж байгаа. Энгийнээр хэлбэл, өндөр цалинтай, бэлгэдлийн чанартай хүмүүс юм уу даа.

Хөрөнгө оруулагч тал охин компани Оюутолгойдоо ийм өндөр хүүтэй зээл өгч, бас зээлийн хэмжээ нь нэмэгдсээр ирэхэд бид юу ч хийж чаддаггүй. Зээлээ нэмээд байвал бид хэцүүдэх нь, ярьсан хэлсэндээ бай, зардлыг үр ашиггүй бүү өсгө гэх ч эрхгүй явж ирэв. Хөрөнгө оруулагч тал өндөр хүүтэй зээл шахаад хөрөнгө оруулалтын банк шиг ажиллаж байхад баялгийн эзэн монголчууд юу ч хийж чадаагүй, чадах ч гэж дээ ямар ч эрхгүй учраас дэмий л харж ангалзахаас хэтэрсэнгүй.

Монголчууд өөрсдөө гаднаас 6.6 хувийн зээл олж байж яагаад Оюутолгой төсөл дээр даблдсан хэмжээгээр хүү төлнө гэж. Мөнгө хүүлж байгаагаа “Тийм сайн юм бол та нар өөрсдөө хямд хүүтэй зээлээ ол” гэж магадгүй юм. Гэхдээ мөнгө олох нь бидний ажил биш хөрөнгө оруулагч талын ажил шүү дээ. Одоо биднийг өглөө сэрэхэд л 10 тэрбум төгрөг буюу 3.5 сая ам.долларын хүүний өр нэмэгдэж байна. Зөвхөн 2025 онд Рио Тинтод хүүндээ төлөх мөнгө 1.3 тэрбум ам.доллар буюу 4.7 их наяд төгрөг. Нөгөө барьж чадахгүй гучин жил болсон шинэ цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулчих мөнгө гэж байгаа ш дээ. Энэ мөнгөөр жил бүр 400 цэцэрлэг, сургууль барих мөнгө гээд бод доо. Эсвэл гудамжинд жагсаад байгаа багш, эмч, тэтгэврийн хөгшдийн цалин мөнгийг нэмэгдүүлэхэд нэг, нэг гээд гурван их наяд нь гарахад цаана нь бас үлдэхээр мөнгө.

Рио Тинто зээл гаргахдаа зөвхөн ийм өндөр хүүтэйг өгдөг юм уу гэхээр бас биш. Яг адилхан байрлалд байгаа Оюутолгойтой хаяа нийлсэн лиценз бүхий Онтрэ компанитай өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн гэрээгээр 6.7 хувийн хүүтэй зээл олгосон байгаа юм. Энгийнээр дүрсэлбэл, хоёр хүүхдэдэдээ сурч боловсроход зориулж хөрөнгө оруулалт хийхдээ нэг хүүхдэдээ 11.3 хувийн хүүтэй зээл өгч, харин нөгөөдөө талаар нь шахуу буюу 6.7 хувийн хүүтэй зээл өгөх эцэг, эх гэж байх уу. Оюу толгой Риогийн дагавар хүүхэд нь гэмээр байгаа биз дээ.

Энэ удаагийн хэлэлцээрээр шийдэх гол асуудал бол хүүгээ бууруулах гэдгийг монголчууд даяараа ойлгочихсон хүлээж байна. Тэгэхдээ хэлэлцээр хийнэ гэж Эрээний зээл дээр явж байгаа мэт бага ганц нэг хувиар буулгаж, жүжиг тавиад байлтгүй бизнесийн шударга зарчмаар бусдад хэдээр өгч болоод байна, тэр зарчмаараа, олон улсын тавцанд жишиг ямар байна түүгээрээ өгөөд явчих хэрэгтэй. Түүнээс монголчууд хаа ч байхгүй хямд нөхцөлийг нэхээд байгаа улсууд биш. 2018 онд манай тал LIBOR+3.24%~4.53% гэсэн саналыг гаргахад хөрөнгө оруулагч тал LIBOR+8% гээд хэт зөрүүтэй саналыг өөдөөс тавьснаас хэлцэлд хүрч чадаагүй удаатай. Сүүлдээ зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаар зэрэглэл тогтоолгоно гээд хугацаа тулснаас асуудал шийдэгдэлгүй дахин 7 жил өндөр хүүний буулганд Оюутолгой явж ирэв. Мэдээж цаана нь монголчууд бидний боломж хумигдсан. Одоо энэ мэт явуургүй аргаа хэрэглэлгүй, шууд л шударга хэлэлцэх ёстой. Хугацаа тулсан энэ тэр гэж аргацаалгүй, хэлэлцээрийн явцад үргэлжлүүлэхээр нээлттэй үлдээх хэрэгтэй. Ер нь тэгээд гэрээ гэдэг хоёр талдаа харилцан ашигтай, бүгд сэтгэл ханамжтай байхын тулд болохгүйгээ засаад явдаг байхаас та нарт долоон жилд л нэг нар үзүүлнэ шүү гээд нэг нь хэт давуу эрхтэй байх учиргүй.

Олон жил үзээтэй байсаар монголчууд Риогийнхоо аргыг ч бас мэддэг боллоо шүү дээ. Бага хувиар буулгана гэж гэдийнэ, эсвэл танайх эрсдэл өндөр л гэх биз. Угаасаа энэ төслийн гүйцэтгэл 99 хувьтай болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ оны сүүлийн хагасаас мөнгөн урсгал нь эерэг болж, одоо орлого орж ирэх үе нь эхэлчихсэн шүү дээ. Оны эцэст борлуулалтын орлого $4.4 тэрбум хүрч, Оюу толгой төсөл өөрийгөө бүрэн санхүүжүүлэх болсон энэ үед манайхыг эрсдэл өндөр гэвэл хэн ч үнэмшихгүй.

Онтрэ бол Оюутолгой байтугай орд

Өнгөрсөн хавраас хойш О.Батнайрамдал гишүүнийг Онтрэ, Онтрэ гээд эхлэхэд л хүмүүс мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Онтрэ бол зээлийн хүүгээс дутахгүй бидний анхаарах бас шийдэх сэдэв мөн. Оюутолгойн бүлэг орд бол стратегийн орд. Оюу толгойн Хойд Хюго болон Херуга орд Оюутолгой мөн Онтрэ компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг дамнан байрладаг. Бидний нэрлэдэгээр Жавхлант болоод Шивээ толгой л доо. Нийт Оюутолгойн бүлэг ордын 32 хувь Онтрэгийн мэдэлд байгаа лицензид хамааралтай байхад өнгөрсөн он жилүүдэд Онтрэг сайн мэдээгүй өдийг хүрсэн гэхээр монголчууд ч болоогүй байна даа гэмээр.

Эрдэнэтийн ирээдүй Оюут гэж байгаа шиг дараагийн Оюутолгой бол Онтрэ юм. Тиймээс монголчууд Онтрэ дээр ухаалаг хандаж, Оюутолгой дээр гаргасан гэнэн алдаагаа давтахгүй, өгөөж нь гарт баригдтал хэлцэл хийх учиртай. Харамсалтай нь, маниусыг гөлөөг ч гэлтгүй тэд хоорондоо тохироо хийчихсэн явдал гарсан. Угаасаа Оюутолгойн гэрээ бидэнд туйлаас ашиггүй гэдгийг захын хэнбугай ч хэлнэ. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт, гадаад нэр хүнд энэ тэрээ бодоод алдаан дээрээсээ суралцаад цааш явья гэдэг дээрээ монголчууд зогсдог. Тэгтэл яг энэ гэрээнийхээ дагуу Оюутолгой дээрээ Онтрэгээ нэмээд явахыг манай гадаад хөрөнгө оруулагчид хүсчээ.

Тийм ч учраас баялгийнх нь эзэн монголчуудад хамаараалгүйгээр тэд ашиг хуваах гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард хийчихсэн байгаа юм.

Онтрэ ХХК-ийн толгой компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Антре ресурс компанийг ерөнхийдөө цаасан дээрх компани гэх нь ч бий. Ямартай ч Монголын говьд байгаа лицензээрээ, хайгуулын үзүүлэлтээрээ дэлхийн топуудад бичигдэх болсон. Тэд Оюутолгойн бүлэг ордын боломжийг мэдэж байсан тул тэр хавийн лицензийг нэлээд эртнээс эзэмших болсон байдаг. 2004 онд Оюутолгойтой ашиг хуваах гэрээ байгуулсан ч, нөгөөдүүл нь хөдөлж өгөхгүй нэлээд удсан. Удаан хүлээсэн ч өнөөдүүл нь монголчуудтай тогтвортой байдлын гэрээ хийх гээд юун Онтрэг тоох манатай. Тэвчээр алдарсан Онтрэгийнхэн арбитрийн шүүхэд 2022 оноос хандсан бөгөөд жил орчмын өмнө Ванкуверийн арбитрийн шүүхээс тэднийг олон жилийн өмнө ярьж байснаараа хамтын ажиллагааны гэрээгээ байгуул, тэгэхдээ Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлнэ гэсэн утгатай шийдвэр гарчээ. Арбитрт өгч асуудлаа шийдүүлсэн ч байж болно, бас өгүүлсэн ч байж болно. Яагаад гэвэл далд уурхайн олборлолт эхлээд явж байтал хүдрийн томоохон хэсэг Оюутолгойн мэдлийн биш Онтрэгийн мэдлийн газарт байгаа нь тодорхой болчихсон учраас олон жил царцсан тэдний хамтын ажиллагаа сэргэх шалтгаан болсон юм.

Гэхдээ энэ бол Оюутолгойн мэдлийн биш тусдаа Онтрэ компанийн лиценз бүхий талбай учраас бид нөгөө Үндсэн хуулийнхаа 6.2-т нийцүүлэх буюу газрын баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ногдох ёстой гэсэн суурь зарчмаа барьж, хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой. Түүнээс өөр хувилбар байх ёсгүй.

Монголд ирж хэлэлцээр хийх гэж байгаа хөрөнгө оруулагчид ч үүнийг ойлгож, хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байх үеэс монголчууд их өөрчлөгдсөөн, өссөөн гэж. Бас бус гэрээг ч хийлээ, болдог юм билээ.

Оюутолгойн засаглалын хямрал буюу айлаас олдсон тэрбумууд

Мэдээж хэлэлцэх ярих олон асуудал байгаа ч энэ удаагийн хэлэлцээрээр дээрх хоёр асуудал дээр төвлөрөхөөр байгаа.

Гэхдээ шийдэх асуудлууд байгаа юу гэвэл зөндөө. Монголчууд бид хамтран хөрөнгө оруулагч нэрээрээ өр зээл, түүний дийлдэшгүй хүүгийн өрөнд ороод байдаг. Тэгсэн мөртлөө тэгж их өр тавиулаад байгаа ажлын зардал, зарцуулалт энэ тэр яаж явдгийг мэддэггүй. Одоо зээл нэмж гаргуулахгүй шүү гэж манай талаас байр сууриа илэрхийлдэг ч Оюутолгойн ТУЗ дээр хүч түрээд л шийдчихдэг. Нөгөө талд нь монгол хүмүүс байлаа ч гэсэн гадныхнаасаа дор. Хэдхэн хоногийн өмнө тагнуулын байгууллагаас Оюутолгойн худалдан авах ажиллагааны нэр бүхий дөрвөн ажилтныг баривчилсан. Гэрээс нь хэдэн тэрбумаар нь мөнгө сэлт олдсон гэсэн. Ер нь сүүлийн үед хэвлэлүүдээр энэ компанийн мафижсан худалдан авах ажиллагааны талаар мэр сэр гарах болсон нь асуудал нэлээд даамжирсны баталгаа. Зөвхөн хэдэн ажилтнаар зогсохгүй дээд түвшиндээ асуудал хөтлөгдөх магадлалтай. Оюутолгойд нэг ангийнхан, нэг компанийн угшилтай хүмүүс даам гарчихсан талаар хүмүүсийн сэтгэгдэл мэр сэр харагдаж байсан нь оргүй биш байх. Одоо санхүүгийн аудит, хөндлөнгийн шинжээчдийг оруулж ажилуулах хэрэгтэй. Баялгаа өгөөд байдаг, өр зээлэнд нь хамжигч болоод байдаг хувиа хүртэх болоод ирэхээр хойшлоод юу ч авдаггүй. Эрх мэдэлтэй байгаа хүмүүсийн гэрээс хэдэн тэрбумаар бэлнээр гараад байдаг. Угаасаа Оюутолгой компани засаглалын хямралд орчихсон байгаагаа хүлээн зөвшөөрч, засах асуудлаа ч ярих цаг болжээ.

Анх гэрээ хийх үеэс ард түмэн асар өөрчлөгдсөн

Одоо хэлэлцээрийн ширээнд талууд суухдаа бүх талаас нь ярилцах байх. Гэхдээ анх хөрөнгө оруулалтын бас хувь нийлүүлэгчдийн гэрээ хийж байсан үе их өөрчлөгдсөн гэдгийг дахин сануулмаар байна. Өөрсдөдөө ашигтайгаар хэлцэлд ороод сурсан олон улсын мэргэшсэн мэргэжилтнүүдийн хаана ч хүрэхгүй ч алдсаар байгаад хашир болсон. Долоо буудуулсан чоно шиг болсон монголчууд гадныхан яадаг, бас манай улстөрчид яадаг вэ гэдгийг ихээ сайн мэдэж байгаа. Улстөрчид нь ч ах нарынхаа алдааг давтах гээд үзбэл ардаа юунд унахаа бас мэддэг болсон биз ээ. Анхны гэрээний үеэр ордонд хэдэн сая доллар тараагдсан, сүүлд хаанаас хэдэн хүн ирж, хэр хэмжээний юм тараасан гээд мөрдөөд мөшгөөд гаргаад ирж чадах хүмүүс.

Тиймээс хэлэлцээрийн тактикаа анхнаасаа зөв, харилцан хүндэтгэлтэй, ашигтай байхаар хийгээсэй. Түүнээс хэлэлцээр болгоны өмнө “Оюутолгойг Хятадад зарлаа шүү” айлгадаг арга бол хоцрогдчихлоо. Бүр 2015, 2018, 2019, 2021 онд яг хэлцэл яригдах үед ийм утгатай мэдээ мэдээлэл цацагдаж байсан байна лээ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд “Ройтерс” дээр Рио Тинто Хятадын Чайналкод хувьцааны оронд зарим төслүүдээ өгч магадгүй. Түүнд нь Гвинейн төмрийн хүдрийн орд эсвэл Монголы Оюутолгой багтаж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг монголчуудад зориулж гаргуулсан гэж ойлгож байгаа.

Монголд улс төрийн нөхцөл байдал зөрчил ихтэй байгаад ирэхээр тэрэнд нь тааруулж УИХ-ын Хяналтын хороо гурван ч удаа дуудахад ирэлгүй, Засгийн газартай хэлэлцээрийнхээ товыг яриад эхэлж байгаа нь анзаарагдсан. Гэхдээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага буюу монголчууд төлөөллөө явуулж байгуулсан байгууллага учраас ард түмнийг үл тоож болохгүй. Тэгээд ч Онтрэтэй холбоотой асуудал УИХ дээр л шийдэгдэнэ. Нөгөө талдаа дотроо алаантай байгаа ч Монголын гэсэн эрх ашиг дээрээ тэд нэгдчихнэ. Нэгдэхгүй бол ард түмний хонзон их байгааг улстөрчид эрх биш мэдэж байгаа.

Бас монголчууд гэрээний нөхцөлөө сайжруулах тухай яриад ирэхээр “Оюутолгойг хаа, хөөж гарга” гэсэн хэт эсэргүүний хүмүүс ч гараад ирдэг. Тэгээд төслийг царцаана, гэсгээнэ гээд баахан цаг алддаг. Үүнийг нөгөө гадаад мэдээ шиг зориудынх гэж итгэдэг хүмүүс ч ихэссэн. Ингэтлээ хашир суужээ, монголчууд. Тиймээс бизнесийн зарчмаар, хэн хэндээ хожил нь ирэхээр энэ удаад хэлэлцээрийг дуусгана хэмээн найдаж, олон нийт анхааралтай ажиглаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.70] 2025-10-28 07:30:36

ОТ бүх гүйлгээ Монголын банкаар явуулдаг болгох хэрэгтэй,Хэрэв манай банкууюын хүчин чадал хүрэхгүй гэвэл явуулж чадах гадны банкыг оруулж ирээд хийлгэх хэрэгтэй.Тэгсэн үёд ОТ-н гүйлгээг хянаж чадна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.