АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц осолджээ
АНУ-ын Агаарын цэргийн хүчний "B-52 Stratofortress" бөмбөгдөгч онгоц даваа гарагт Өмнөд Калифорнийн Мохаве цөл дэх Эдвардсын Агаарын цэргийн баазаас хөөрөх үедээ осолдож, шатсаны улмаас багийн найман гишүүн бүгд амиа алдсан тухай тус улсын Агаарын цэргийн хүчний төлөөлөгчид мэдэгджээ.
Цөмийн болон ердийн бөмбөг тээвэрлэх зориулалттай, найман хөдөлгүүр бүхий уг тийрэлтэт нисэх онгоц нь ээлжит туршилтын нислэгийн үеэр хөөрөөд удалгүй Эдвардсын агаарын цэргийн баазын хөөрөх буух зурваст осолдсон гэж Агаарын цэргийн хүчний хурандаа Жеймс Хейс ослоос хэдэн цагийн дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уг бөмбөгдөгч онгоцны баг төрийн байгууллагын энгийн албан хаагчид, гэрээт ажилчид болон цэргийн албан хаагчдаас бүрдсэн "холимог баг" байжээ.
Нислэгийг радарын системийг шинэчлэх хөтөлбөрийг турших зорилгооор хийж байсан гэж хурандаа Ж.Хейс мэдээлсэн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд шалгах ажиллагаа явагдаж байна гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.
Дэлхийн хэмжээнд гарсан онгоцны ослын мэдээллийг нэгтгэдэг, Женев хотод төвтэй "Нисэх онгоцны ослын архивын товчоо"-ноос мэдээлснээр, даваа гарагт гарсан энэхүү үйл явдал нь 2016 оны тавдугаар сард Гуам аралд яг ийм загварын бөмбөгдөгч онгоц сүйрснээс хойш "B-52 Stratofortress" онгоц осолдсон анхны тохиолдол болж байна.
Г.ЭНХ-ОД

































































Сэтгэгдэл