Юу л хийцгээх гээд байна даа?
1990 онд гурван сая хүрэхгүй хүн амтай байсан Монгол Улс 32 жил улс төрийн хоёр намын удирдлагаар аж төрлөө. Хоёр намын гэж бүхэлд нь зааж хэлэх буруу л даа. Хоёр намын удирдах бүлэглэл, дарга нарын нь “булхай, луйварт автаж” гэх нь зөв байх. Хөөрхий жирийн гишүүдэд нь ямар буруу байх билээ! Тэд үнэндээ бидний л адил жирийн хүмүүс. Гэхдээ намчирхаж, хөөрч, дарвихлаараа “жирийн хүмүүс, бидний өрөөсөн” гэдгээ мартчихдаг “өвчин хуучтай нь” ч бас үнэн билээ. Хэтэрсэн намчирхал бол мухар сүсгээс ч хортой нь Монголчуудын хувьд хот, хөдөөгүй л батлагдаад, нотлогдоод л байгаа юм. 2022 оны байдлаар Саарал ордонруу орох гэж, тэнд үлдэх гэж үхэн, хатан тэмцдэг хүмүүс маань чухамдаа юуны учир тэгдэг нь үндсэндээ л тодорхой болчихлоо. Тэд маань Монголын эзэнгүй, хяналтгүй шахам байдаг хэдэн бүлэг хөрөнгөрүү л гараа дүрэх хүслэнд автаж бараг л шатаж байдаг юм байна. Уул нь бол Монголчууд сайхан амьдрахад хэрэгтэй шинэ, шинэ хууль батлах, мөрдүүлэх гэж, өмнөх хуулиудыг чанаржуулж, биелэлтэнд нь хатуу хяналт тавих гэж л төрийн түшээ болох ёстой шүү дээ! Гэтэл УИХ-ын гишүүд юу юу хийгээд, илчлэгдээд, улайгаад, гөлөлзөөд сууцгааж байгаа билээ?!
ЖДҮ-ийг дэмжихэд зориулагдах ёстой мөнгө, экспортыг нэмэгдүүлэхэд туслах ёстой зээл, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газруудын хөрөнгө, орлого, нүүрс, зэс алт, мөнгө, төмрийн хүдэр, газрын ховор металлуудын орд, гадаадын зээл тусламжийн мөнгө, улсын төсвийн хөрөнгө гэх мэтэд тэд хачиг адил шигдэж, хувалз болж томорцгоожээ. Ингээд зөвхөн зогссон биш ядуучууд, дундчуудад очих ёстой байсан бага хүүтэй зээлийг том томоор нь хулгайлан аваад банк санхүүгийн байгууллага, ломбард, өдрийн зээл, хадгаламж зээлийн хоршоолол мэтээр дамжуулан нэн өндөр хүүтэй зээл гаргаж ядуусаа, дундчуудаа дээрэмджээ. Хилийн боомтуудруу төмөр зам тавих ажлыг элдвээр саатуулж байгаад олон машинаар нүүрс зөөж ашгийг нь тэд л хүртжээ. Гаднаас хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл хямдаар аваад эх орон нэгтнүүддээ өндөр үнээр дамлан зарах ажлыг тэдний хамсаатнууд л хийдэг ажээ. Өнөөдөр гэхэд л Монголд борлогдож буй эмийн 30 хувь нь хулхи, тэр мөртлөө өндөр үнэтэй. Чанар муутай, өндөр үнэтэй эм хэрэглэж шанд нь өвчнөө архагшуулж, архаг хуучтай болдог хүмүүс бол Монголчууд. Архаг хууч өвчтэй хүмүүс Ковид-19-ээр амь нас хохирсоор байна. Энэ байдал таньж мэдэгдсэн хэдий ч эрх баригчид түргэн шуурхай арга хэмжээ авахгүй л байна.
Өөрсөд нь өгөөж, ашигтай бол УИХ-ын гишүүд мөн ч зоригтой хөдөлдөг дээ...
Тэд 4-5 удаа Өршөөлийн хууль санаачлан батлуулж бага хүүтэй авсан том том зээлээ, мөн улсад төлөөгүй албан татвараа улсын төсвөөс төлүүлжээ, нольлуулжээ. Энэ талаарх тогтоол, шийдвэрүүдээ төрийн нууц болгож хав даржээ. Эрх баригчид нь ингэж хулгайлж, дээрэмдэж, мөлжиж байхад тэсээд, тэвчээд, амьд байж чаддаг ард түмэн Монголчуудаас өөр байхгүй л болов уу? Эх орны байгалийн хишиг, өгөөж, таван хошуу малын маань их буяны ачаар л өлсөж үхэх аюулаас олон иргэд аврагдаж байна даа!
Ус ховор, малгүй, байгалийн баялаг, ой модгүй, ан амьтангүй улс оронд эрх баригчид нь ингэж дайсагнасан бол яанаа?
Өлсгөлөн, өвчин, ядуурлаар мөн ч олон хүн үхэх, үрэгдэх байсан биз ээ!
Монголд гарсан шиг муухай хэргүүд бусад оронд л бүү гараасай билээ!
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрдээ, хуулиудад нэмэлт, засвар хийх бүрдээ тэд өөрсөддөө зориулсан заалтуудыг оруулахын төлөө улайран, улангасан ил, далд тэмцэх боллоо. УИХ-ын гишүүдийн тоог аль болох нэмэх аваас зөвхөн намуудад л ашигтай. Тэдний бүх зардлыг даах болохоор татвар төлөгчдөд бол их хортой, хохиролтой. УИХ-д авсан суудлын тоогоор мөнгө авдаг болохоор намуудын удирдлагад бол бөөн мөнгө орж ирнэ. 76 дотор нэр, нүүрээрээ багтаж чадаагүй хүмүүс 108 дотор багтаж чадна гэж дотроо тооцоолж байгаа...
Хүн амын тоо, сонгогчдын тоотой харьцуулах юм бол манай парламентын гишүүдийн тоо дэлхийн дунджаас хоёр гаруй дахин олон байгаа.Хүн амын тоо өслөө гээд парламентын гишүүдийн тоог нэмдэг жишээ, баримт дэлхийн хэмжээнд бараг байхгүй. 108 болгоё гээд бараг 50 хувиар нэмэх санал ч гарчээ. УИХ-ын төсвийг 50 хувь нэмэхээ түр боловч орхиод Түлэнхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль мэтээ барих, дуусгах юмсан даа.
УИХ-ын гишүүдийн тоо олон болох хэрээр МАН байнгад олонхи нь байж чадна. Олонхиороо түрий бариад Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн өөрийн намын хүнээр сонгуулж орхино.
Ерөнхийлөгчийг хэрэв УИХ-аас сонгодогг болбол бусад намын хувьд “Ерөнхийлөгчийн суудал үүрд шахам баяртай” болно. Зургаа, зургаан жилээр зөвхөн МАН-ынхан л сонгогдоно. Парламентын засаглалын “сонгодог хэлбэр, загвар” гэж байдаггүй. Харин тухайн улсад өөрт нь тохирсон хэлбэр гэж л байдаг. Өөртөө тохируулж л улс орон нэг бүр үндсэн хуулиа өөрчилдөг юм. Яг яс ярих, мөн чанарыг олж хэлэх аваас Англи бол Үндсэн хуульт хаант засаглалтай орон. Засгийн Газрыг нь албан ёсоор Хатан хааны Засгийн Газар гэж нэрэлдэг. Засгийн Газрын дээр Хатан хаан байдаг. Хатан хаан бол эрх баригч намын гишүүн биш. Хатан хаан шаардлагатай гэж үзвэл Парламентынхаа доод танхимыг тарааж, сонгууль явуулаад Засгийн Газрыг, Ерөнхий Сайдыг өөрчилдөг. Англид парламентын дээд танхим тарна гэж байдаггүй. Ер нь дууриахын аргагүй төрийн тогтолцоотой орон. Тэгээд ч хэн нэгний төсөөлж байгаа тэр “сонгодог хэлбэр” Монголд яг таг тохирно гэж хэн батлаад байгаа юм бэ? Энэ тухайгаа гаргаж хэлэх, нийтлэх, нотлох ёстой шүү дээ!
Төлөвшсөн сөрөг нам, нөлөөтэй сөрөг хүчингүй Монгол оронд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихвол зөвхөн л нам төвтэй төртэй болно, нэг намын засаглал 1990 оны өмнөхөөс ч илүү хүчтэй, илүү эрхтэй, дураар, зоргоор байдал нь ч жолоогүй болох биш үү?
Энэчлэн бодох, тооцох юм их байнаа! Юу ч болж мэдэхээр байнаа! Зөвөөр ойлготлоо бодох, тооцоолох, шалгах, нягтлах хэрэгтэй...
Долоо хэмжиж байж л нэг таслахтун!!
Хараад, сонсоод, харьцуулаад байхнээ их мөнгөтэй, том өмчтэй, гадаадад байр сууцтай хүмүүсийн сонирхол, эрмэлзэл жирийн иргэдийнхээс их өөр болчихжээ. Тэд Монголыг хоёр хөрштэй нь муудалцуулахаас ч сийхгүй, айхгүй, хоёр хөршийн маань тусламж, бараа таваарыг ч тоохгүй, ядуус ба дундчуудын байдал ихэд доройтохыг ч хэрэгсэхгүй, бодлоггүй, болгоомжгүй авирлацгаах болов. Араа бодох, ард олноо бодох, эв найрыг хичээх, хүлээцтэй хандах, хэргийн учир тодортол төвийг сахих ухаан ба сэтгэл дүр эсгэсэн ардчилагчдад, мөн баячуудад алга болчихжээ. Энэний балгийг ард түмэн л үүрнэ, хохирно шүү дээ. Жирийн иргэд Монголдоо л амьдарна, Монголдоо л ясаа тавина.Баячууд гараад л явчих байх...
Аль ч ард түмний амьдрал бол юуны өмнө, үндсэн агуулгаараа эдийн засгийн амьдрал, эдийн засгийн харилцаа байдаг. Нийгмийн амьдралын улс төрийн тал, үзэл суртлын тал, хууль-эрхийн талууд чухал л даа. Гэхдээ эцсийн эцэст эдийн засгийн талаа бодолцож, тооцож байж л “чанга дуугарах нь” нийтийн жишиг юм, ухаан юм.
Цэвэр хууль-эрх, ёс суртахууны үүднээс хэтэрхий сүржигнэж, туйлширч хандах нь субьективизмын нэгэн хэлбэр, яг амьдрал дээр бол алдаанд хүргэх нэг зам мөн. “Амьдрал зөвхөн өөртөө, амьдралдаа л захирагддаг” гэсэн үг бий. Энэ мэргэн үг түүхээр нэгэнт нотлогдчихсон, ухаантнуудаар бас шалгагдчихсан юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл
зочин [192.82.82.160] 2022-05-18 04:59:55
76-г цөөлөх хэрэгтэй.Дахиад 30 жил байна гэвэл горьдсоны чинь гарз шүү.
зочин [122.201.31.208] 2022-05-17 15:38:55
Академич нар үнэн бодит байдал, зөв шударга үгээ хэзээ хэлж бичиж эхлэх вэ? Монгол монголоороо үлдэх юмсан, Монгол газар шороо маань үеийн үед, үрийн үрд өвлөгдөн үлдэх болтугай. Монголчуудыг арай л арчаагүй ядуу буурай, дорой, хүлцэнгүй, мэдээлэлгүй амьдруулж байна уу?
Зочин [192.82.69.248] 2022-05-16 13:25:43
Чухам үнэнийг бичжээ . 76 малыг яая гэж байхад дахиад тоог нь нэмэх асуудал байж болохгүй ээ . Цахим эрин эхэлж байхад харин багасгах хэрэгтэй . Оюутолгойн хулгайчид бүгд намын жагсаалтаар гөлөн гөлөн гээд орж ирж байсан биз дээ . Ард түмэнд нэр нүүрээ барсан хулгайч , луйварчид л дахиад орж ирнэ шүү дээ . Өмнөх 30 жилд улс орноо хөгжүүлж чадаагүй улсууд дараагийн 30 жилд хөгжүүлэхүү
Zochin [88.169.94.4] 2022-05-16 07:10:14
УИХ ын гишүүд Засгийн газар, Яам тамгын газрууд, төрийн бүх албаны мөрдөх Зарчмыг маш товч тодорхой нийтэлжээ. Даанч дээд 3 аас эхлээд төрийн бүх алба тоохгүй байх , яагаад гэвэл өөрсдиынх нь дүр төрхийг дэндүү үнэн хэлсэн .Үнэн үгэнд хүн дургүй үхэр унасан хүнд нохой дургүй.
Зочин [188.162.254.5] 2022-05-16 13:00:37
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [66.181.160.52] 2022-05-16 05:45:19
Манай өнөөдрийн дүр зураг судлаач хүний нүдэнд бидэнд ингэж д бууж байгаа нь үнэн.Эирийн иргэд ард түмэн биднийг төлөөлөн Төр барьдаг луйварчид биднээс мөнч хол тасарч арайл дэндүү ард түмнээ шулж,өөрсдөө идэж ууж тансаглаж байна даа.Үүнийг Монголчууд бид тэвчсээр 30 жилийг ардаа орхилоо.Хөгжлийн түүхэн нэг үе. Ардчлагчид гэгчид биднийгээ мунхаруулан гавьяа байгуулсан юм шиг таахалзахыг нь яана.
ҮНЭН ТӨРХ ШҮҮ [64.119.22.67] 2022-05-16 04:09:06
Үнэндээ төрд төрийг идэх луйварчид дотроосоо л гарч ирдэг. Тэд ёс зүй, үнэн гэдгийг умартаж улайм цайм төсвөөс ямар нэгэн шалтаг шалтгаанаар хумсладаг. Үүний жишээ үйлдвэрийг УИХ-ын гишүүн барьдаг, бусад нь болдоггүй байх нь. Өөрсдөө төсвөөс шомбодож амьдрал ахуйгаа дээшлүүлдэг нь олны нүдэнд ил байхад л гүжирдлээ, доромжиллоо гэх башир арга хэрэглэдэг, хуягладаг болчихсон нь худлаа юу?
Иргэн [122.201.24.215] 2022-05-16 03:50:25
Энэ бол та нарын буруу олигтой сөрөг хүчин байхгүй болхоор МАН г л сонгоно шүү дээ ядаж өөрийн гэсэн байртай албан ёсны дарга тамга тэмдэгтэй гишүүн боловсон хүчин сайтай гээд л тоочвол МАН д бүгд байна харин нөгөө сүрхий АН юу ч алга байр дарга тамга санхүү гээд бүгд алга нэг баян нь хувийн компани шигээ аашлаад л дарга болмоглох гээд баруун солгойгүй мөнгө цацаад л дээд шүүх юутай хүйтэй нь худалдаж авах гээд л байж байна ийм байхад яаж хүн тоох вэ дээ танай намыг
Зочин [202.21.109.116] 2022-05-16 03:22:25
Зөв.Дээгүүрээ идэж ууж ард түмнээ бодохоо больсон үнэн.