Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалт Лос-Анжелест эхэлж байна

Aдмин / Гадаад мэдээ

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америк тивийн орнуудын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт даваа гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо нээгдэж, 28 жилийн дараа АНУ-д дахин зохион байгуулагдаж байна. 1994 онд Майамид болсон анхны дээд хэмжээний уулзалтаас хойш олон жилийн дараа энэ үйл явдал АНУ-д болж байгаа тул Вашингтон бөмбөрцгийн баруун хагасын орнуудын энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байна. Гэсэн хэдий ч АНУ-ын эрх баригчид бүр уулзалтад бэлтгэх шатанд л дээд хэмжээний уулзалтыг тасалдах аюулд оруулжээ.

Тодруулбал, эрх баригчид нь ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэггүй, автократууд хэмээн Куба, Никарагуа, Венесуэлийн төлөөлөгчдийг уулзалтад урихгүй байхаар шийдсэн байна.

Энэ шийдвэр нь Мексик зэрэг зарим хөрш орных нь дургүйцлийг төрүүлжээ. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес уулзалтад оролцох талаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бол Хондурасын төрийн тэргүүн Сиомара Кастро бүс нутгийн бүх орны төлөөлөгчдийг урьсан тохиолдолд л оролцоно гэж мэдэгдсэн байна.

Мөн Карибын тэнгисийн Сент Винсент ба Гренадин улсын Ерөнхий сайд Ральф Гонсалвес оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. Удахгүй болох уулзалтын сэдэв нь бөмбөрцгийн баруун хагаст "тогтвортой, шударга ирээдүйг" байгуулах тухай байх болно гэж Америкийн удирдагч урьд нь мэдэгдэж байв. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, таван өдөр үргэлжлэх уулзалтад оролцогсод ногоон ирээдүй, цэвэр эрчим хүчний эх үүсвэр, залуучуудын улс төр дэх оролцоог дэмжих, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, цагаачлал, “COVID-19” цар тахал болон түүний үр дагавар, ардчилалд учирч буй аюул занал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгэм, улс төрийн тэгш бус боломжууд, бөмбөрцгийн баруун хагасын дижитал дэд бүтцийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг улс орнуудын удирдагчид оролцох гол арга хэмжээнүүд энэ долоо хоногийн сүүлчээр болох бөгөөд дээд хэмжээний уулзалтын эхний хэсгийг нийгэм, бизнесийн асуудлуудад зориулна.

Тодруулбал, зургаадугаар сарын 7-ноос эхлэн Иргэний нийгмийн есдүгээр чуулга уулзалт, Америк тивийн залуучуудын зургаадугаар чуулган, Америк тивийн орнуудын байгууллагын гүйцэтгэх захирлуудын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болно.

Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг 35 улсыг эгнээндээ нэгтгэдэг Америкийн улсуудын байгууллагын ивээл дор хэдэн жил тутамд зохион байгуулдаг. Хамгийн сүүлд Перу улсад 2018 оны дөрөвдүгээр сард болжээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Дональд Трамп уулзалтад оролцоогүй бөгөөд дэд ерөнхийлөгч Майкл Пенс улсаа төлөөлөн оролцсон байна. Америкийн орнуудын удирдагчдын анхны уулзалт 1994 оны 12 дугаар сард тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар Майамид болжээ. Үүнээс хойш АНУ-д нэг ч удаа зохион байгуулагдаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.