МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Шинэ зууны хүн төрөлхтний хүнс хоолны үндсэн эх үүсвэр нь байгалийн уламжлалт бүтээгдэхүүн, найрлагыг тохируулсан бүтээгдэхүүн, хувиргасан амьд организмын гаралтай бүтээгдэхүүн гэж эрдэмтэд төсөөлж байна. Дэлхийн хүн амын өсөлт хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн хөгжлөөс түрүүлсэн учраас хэрэгцээг дан ганц байгалийн уламжлалт бүтээгдэхүүнээр хангах боломжгүй. Хүн төрөлхтөн нэгэнт нүүрлэсэн хүнсний хомсдолоос гарахаар биотехнологи, генийн инженер зүйн нээлт, ололтууд ашиглан ихээхэн ажил хийж, зах зээлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн элбэгшиж байна.
Монгол улсын газар нутгийн хэмжээ, мал сүргийн тоо, байгалийн баялгийн нөөцийг тоймлон үзэхэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаад зогсохгүй, мах, сүү, үр тариа, төмс хүнсний ногооны бүтээгдэхүүн, биологийн идэвхит бэлдмэлийн экспортоор дэлхийн хүнсний зах зээлд оролцох боломж бүрэн байна.
Монголын хүнсний нөөцийн давуу тал нь дэлхийн дахинаар эрхэмлэдэг байгалийн бүтээгдэхүүн, түүний эх үүсвэр нь унаган төрхөө хадгалан үлдсэн газар нутаг, бэлчээрийн мал аж ахуй билээ. Үүнээс гадна ан гөрөөс, загас, хүнсний ургамал, жимс жимсгэнэ, мөөг зэрэг биологийн идэвхит хүнсний бэлдмэлийн түүхий эд болгон ашиглах байгалийн баялаг ч бий.Гэхдээ эх орны хүнсний нөөцөд байгаль цаг уур, экосистемийн өөрчлөлт, бэлчээрийн даац, хөрсний элэгдэл, хотжилтын эрчим зэрэг хүчин зүйлсийн нөлөөллийг зөв тооцож, аж ахуй үйлдвэрлэлийн оновчтой менежментийг бүх талаар хөгжүүлэхдээ эрдэмтэн шинжээчдийн санал зөвөлгөөг заавал харгалзан үзэх шаардлагатай. Нөгөө талаар ашиггүй хүнсний нөөцийг байгаа хэрээр нь үр ашиггүй зарцуулдаг үрэлгэн сэтгэлгээнээс салж, нэгж түүхий эдээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд иргэд, бизнесийн байгууллага, төр, засаг аль аль нь онцгой анхаарах нь чухал.
Олон улсын практикт хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хүнсний бие даасан байдал (хүнсний хараат бус байдал)- ын итгэлцүүрээр үнэлдэг аргачлал өргөн ашиглагддаг. Хүнсний бие даасан байдлын итгэлцүүр нь хэрэгцээнд зарцуулсан гол нэрийн бүтээгдэхүүн бүрийн нийт хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр илэрхийлнэ.
Үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд итгэлцүүрийн 3 түвшинг авч үздэг.
• Итгэлцүүр 0,1-ээс 0,2-ын хооронд байвал хүнсний бие даасан байдал аюулгүй
• Итгэлцүүр 0,25-0,3 байвал хүнсний бие даасан байдал эрсдэлтэй
• Итгэлцүүр 0,5- аас дээш бол хүнсний бие даасан байдал алдагдсан.
Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглах хүнс хөдөө аж ахуйн цогцолбор, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэл, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэрэг стратегийн зорилтуудад яаралтай шилжих шаардлагатай.
Монгол улсад хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдэж, хяналт, торгууль, шийтгэлийн механизм үйлчилдэг ч хүний амь насанд учирсан ноцтой зөрчил маргааш давтагдахгүй гэх баталгаа алга. Хүнсний эрүүл ахуйн менежмент зөвхөн хяналтад төвлөрч, харин аюулгүй орчин, нөхцөл буй болгох үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн дотоод хяналт, эрүүл ахуйн үйл ажиллагаа орхигдсон нь харамсалтай.
Хүнс хоолны монгол уламжлал
Нүүдлийн мал аж ахуйн соёл иргэншлийн хүрээнд монголчуудын бүтээсэн мэдлэг, амьдралын нэн баялаг ололт нь хоол хүнсээ бэлтгэх, хадгалах, нөөцлөх, хэрэглэх цогц арга ухаан юм. Монголчуудын хүнс хоолны уламжлалт мэдлэгийн технологийн мөн чанар нь үндсэн түүхий эдийн бүтэц, найрлагын шимт бодисуудыг цогцоор нь эсвэл аль нэг нь давамгайлсан бүтээгдэхүүн гаргаж авах, үрэгдэлгүй ашиглах, нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд хүнс хоолоо нөөцлөх, хадгалах арга хэлбэр эзэмшсэнээрээ онцлог.
Мал төхөөрөх, мах боловсруулах монгол мэдлэг нь дэлхий дахинд өргөн дэлгэр тархаагүй, нүүдлийн соёл иргэншлийн ололт, зөвхөн монголчууд бидний оюуны өмч билээ. Монгол аргаар төхөөрсөн малын маханд цусны агууламж өндөр, тэр нь загсаах явцад биохимийн хувиралд өртсөнөөс шөл гарахдаа сайн ч харин хадгалагдах хугацаа хязгаарлагдмал. Нүүдлийн нөхцөлд махыг удаан хадгалах, нөөшлөх зорилгоор монголчууд үүцлэх, шуузлах, борцлох зэрэг аргуудыг эртнээс эзэмшиж, одоо болтол уламжлан хэрэглэж байна. Хүнс хоол бэлтгэх уламжлалт аргууд нь физик- хими, биотехнологийн хүчин зүйлсийг Монгол орны байгаль, цаг уур, малчин өрхийн нөхцөлтэй маш сайн зохицуулан ашигладаг.
Борц бэлтгэх хамгийн тохиромжтой үе нь ес үргэлжлэх буюу агаар хуурайвтар, хүйтэн өвөл бөгөөд оройтвол махны гадна талд хатуу хальс тогтож, дотор нь чийг үлдэн борцыг удаан хадгалах боломжгүйд хүргэдэг. Айраг исгэх, тараг бүрэх, өрөм зөөхий хурааж, шар, цагаан тос, сүүн хурууд үйлдэх зэрэг сүү боловсруулах уламжлалт аргуудын нилээд нь биотехнологийн ажилбар юм.
Монголчууд хүнс хоолыг зөвхөн гэдэс дүүргэхийн тулд бус эрүүл мэндээ дэмжин хамгаалахад чиглүүлэн, цаг хугацаа, хэмжээний хувьд зохицуулж хэрэглэдэг баялаг уламжлал мэдлэгтэй. Монгол хүн хэдийгээр махыг урьтал болгодог ч зун, намрын дэлгэр цагт сүү, цагаан идээгээр үндсэн хэрэгцээгээ хангаж, өвөл хаврын турш махан хоолонд ядарсан ходоод гэдсээ амрааж, амин дэм, эрдэс бодис зэрэг биологийн идэвхит бодисын дутагдлаа нөхөж, гэдэснийхээ микрофлорт ашигтай бичил биетэн хуримтлуулдаг бөгөөд үүнийг өвөг дээдэс маань “ гэдэс цайлгах” гэж тун оновчтой нэрлэжээ. Оросын эрдэмтэн И. М. Майскийн 1920-иод оны судалгаагаар монгол хүн хоногт 2,9 литр сүүтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэж, илчлэгийнхээ 60 гаруй хувийг хангадаг байжээ. Тэгвэл орчин цагт хотжилт, амьдралын элдэв шалтгаанаар бид цагаан идээнээс улам бүр холдсоныг хотынхон хөдөөгийнхөөс 4-5 дахин бага цагаан идээ хэрэглэдгээс харж болно.
Монгол уламжлалт хүнс хоолонд зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн олон бөгөөд эдгээр нь байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлөөс шалтгаалан аминдэм, бичил эрдэс бодис, ашигтай бичил биетэн, олигосахарид, тосны ханаагүй хүчил, эслэг зэрэг зохицуулах үйлчлэлтэй биологийн идэвхит бодисууд юм. Хүнс хоол бэлтгэх монголчуудын уламжлалт мэдлэг нь хими-физик, биотехнологийн элементүүд агуулсан маш нарийн нийлмэл үйлдэл процесс болох нь тодорхой учир магтаал сайшаалыг шинжлэх ухаан технологийн судалгаагаар орлуулж, мөн чанарыг нь тайлбарлаж, үйлдвэржсэн технологид шилжүүлэх нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын тухай
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актын хүрээнд бүрдэж байна.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.
“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлжээ.
Хүнсний аюулгүй байдлын үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг:
1. Хүнсний хангамж тогтвортой, тэнцвэртэй байх.
2. Хүнс шим тэжээллэг чанартай байх.
3. Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан байх.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, менежментийг хөгжүүлэх санал, хувилбарууд:
1. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд
-ХАА, боловсруулах үйлдвэрийн хоршилт
-Түүхий эд бэлтгэл, чанарын хамгаалалт
-Орон нутгийн боловсруулах үйлдвэр
-Импортыг орлох үйлдвэрлэл
-Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хуваарилалт
2.Чанартай импорт
-Хүнсний түүхий эд материалыг бөөнөөр импортлох
-Бэлэн бүтээгдэхүүн импортлогчдыг шалгаруулах
-Гадаадын компаниудыг бүртгэлд хамруулж, кодлох тогтолцоо
-Урт хугацааны гэрээ
-Тохирлын үнэлгээ, олон улсын стандарт
3. Бүтээгдэхүүний аюулгүй байдал, шимт чанар
-Хүн амын эрүүл хоололтын төрийн бодлого, үзэл баримтлал
-Хүнсний үйлдвэрлэлийн хэлхээний хяналтын тогтолцоо, ISO 2200
-Үйлдвэрлэгч, импортлогч, худалдагчдын хариуцлага ISO9001, HACCP, GMP
-Хэрэглэгчийн боловсрол соёл
-Төрийн хяналтын, зохицуулалт
4. Эмзэг бүлгийн хүнсний хангамж хүртээмж
-Нэрийн бүртгэл, нийгмийн карт
-Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, өөрийгөө хангах бодлого
-Хүнсний эрхийн бичиг
-Олон улсын байгууллага, хандивлагчдын дэмжлэг туслалцаа
-Хөрөнгө оруулалт, татвар, зээл
-Орон нутгийн боловсруулах үйлдвэр
-Жижиг дунд үйлдвэр
-Хүний нөөц
-Шинжлэх ухаан, технологи мэдээлэл
Анхаарууштай нь Монголын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн хооронд социализмын үеийн үл итгэх байдал үргэлжилж, монгол хүний нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөөх хамтын ажиллагаа орхигджээ. Ер нь манайд хүнсний хангамж, хуваарилалт, түгээлтэд 1990-ээд оны эхэн үеийн “дамлан зарах ченж” сүлжээ ноёрхож байна.
Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, мал сүрэг хүрэлцээтэй оронд хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутах бус бас илүүдэх аюул ч тохиолдох эрсдэлтэй учир фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрийг алс хэтийн бодлоготой хөгжүүлэх учиртай. Хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг “хүний хүнсний эрхийг хангах, хүн амын эрүүл хооллолтын бодлого”-ын хүрээнд хөгжүүлбэл ажлын бай олноор буй болгож, тодорхой тооны өрх айлын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн түвшинд үнэлгээ өгч, богино, дунд, урт хугацааны стратеги, үйл ажиллагааг тодорхойлох “Хүнсний бодлого судлалын төв”-ийг байгуулан ажиллах нь шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн цогц судалгааны үндсэн дээр бодит байдлыг зөв үнэлж, стратегийг оновчтой тодорхойлоход чухал нөхцөл бүрдэнэ. Хүнсний бодлогоо зөв тодорхойлж чадаагүй Монгол улс байтугай хүнсний асуудлаа бүрэн шийдвэрлэсэн Америкт, бидэн шиг “социализм” байгуулж явсан ОХУ, бусад оронд ч хүнсний бодлогын бодит байдал, хэтийн төлвийг бие даасан эрдэм шинжилгээний байгууллага тандан судалж, төр, засгаас ул үндэстэй, алс хэтийн харсан шийдвэр гаргуулж байна.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах үндсэн арга зам нь төрийн зүгээс хянаж шалгахад бус харин үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, түүнийг үнэн зөв мэдээллээр хангаж, жинхэнэ “хаан”-аар өргөмжлөн ажиллахад оршдогийг зах зээлийн арвин туршлагатай орнуудын жишээ харуулж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд үйлдвэрлэгч, нийлүүлэгч юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх, харин хэрэглэгч өөрийн эрүүл мэндэд зөвхөн эрсдэлгүй ач тустай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх зарчим юм. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хариуцлагыг юуны өмнө үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүлээдэг, харин хэрэглэгч хянадаг зарчмыг санал болгож байна. Шинэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Хүнс, эмийн хяналтын алба тусгайлан байгуулах, Эрүүл мэндийн сайдад Монгол улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн эрх, үүрэг хариуцуулах, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг хуулиудыг шинэчилж, шинээр Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тухай, Шилжмэл ген бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бүртгэл хяналтын тухай, Хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээний лабораторийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын тухай зэрэг хуулиудыг батлан гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн ийм шинэчлэлтээр хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйн нэгж, худалдаа, тээвэр, үйлчилгээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах харилцаа, үүрэг, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломжтой.
Монгол хүний хүнс хоолонд биологийн идэвхит ямар хүчин зүйл нэн чухал байгааг бид тогтоож чадаагүйгээс гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр давс йоджуулах, гурил төмөржүүлэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг механик аргаар баяжуулахад анхаарч, харин биотехнологи, биохими, хальсан шүүлт, цахилгаан соронзон, гэрлийн долгион ашиглах зэрэг технологийн дэвшил нэвтрүүлж, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого орхигдож байна. Энэ байдал нь “эмчилгээ, сувиллын бүтээгдэхүүн” нэрийн дор чанар, эрүүл ахуй, гарал үүслийн баталгаагүй, хуурамч, дуураймал барааг зах зээлд нийлүүлэн хүний эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэж байна. ОХУ, Казахстан, АНУ, БНХАУ-ын жишээгээр хүнсний технологи, хооллолт зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх хүний нөөцийн бололцоо Монголд бий. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн технологийг хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгын дор хөгжүүлбэл хүнсний асуудлыг цогц утгаар нь шийдвэрлэнэ.
ШУТИС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн
Сэтгэгдэл
Ганбаа [203.23.199.221] 2022-06-10 10:03:15
Лангуу бүрийн ард хөргөлтийн агуулах, гар угаагууртай, вагон замд холбогдсон, хангалттай дулаан зогсоолтой, хэн ч хаанаас ч ирж түрээслэж /зочид буудалтай/ болдог автомат менежертэй ийм л зах хэрэгтэй байна бидэнд. Төр гэж байвал ийм зах бариад түрээсийн төлбөр, ариутгалийг удирдвал хүнсний үнэ хангамж тогтвортой байх болов уу
Зочин [192.82.90.128] 2022-06-10 17:38:16
Тийм захтай ямар улс байна?
Зочин [202.9.46.157] 2022-06-10 04:16:02
Монгол улсад санитарно-эпидемиологическая служба, санитарно-эпидемиологическое нормирование, надзор гэдэг юм устаад олон жил болж байна. үр дагавар нь хорт хавдар гм нийтийн эрүүл мэндийн том төлөөсүүд.