Ж.Дэлгэрцэцэг: Цоорсон шүдтэй хүүхэд эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар, өсөлт хөгжил хэвийн бус байх магадлал 1.3 дахин өндөр
Ж.Дэлгэрцэцэг: Цоорсон шүдтэй хүүхэд эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар, өсөлт хөгжил хэвийн бус байх магадлал 1.3 дахин өндөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл буюу шүд цоорол, шүдний гаж хөгжил их илэрч байгаа талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн.
Шүд цоорох өвчний үзүүлэлтийг гаргадаг томьёогоор цоорсон шүдтэй хүүхдийг цоо эрүүл ангилалд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй эрүүл гэдэг заалтад ордог. Гэтэл манай улсад 10 хүүхэд тутмын ес нь шүдний өвчтэй байгаа талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэгийн өмнө нь өгсөн ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.
Амны хөндийн өвчлөл нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг. Эрүүл болон цоорхой шүдтэй хүүхдүүдийг харьцуулахад (3 нас) цоорсон шүдтэй хүүхэд нь хоёр килограмм жингээр бага байгаа нь тогтоогдсон. Улмаар амны хөндийг эмчилж эрүүлжүүлснээс хойш зургаан сарын дараа тухайн хүүхдүүд хэвийн жиндээ хүрсэн талаарх олон улсын судалгаа бий.
Монгол дахь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчин тэдний биеийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар 2016 судалж байсан. Судалгаагаар, цоорсон шүдтэй хүүхэд нь эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар, өсөлт хөгжил нь хэвийн бус байх магадлал 1.3 дахин их болохыг тогтоосон.
Таван настай эрүүл шүдтэй хүүхдийг ижил насны цоорсон шүдтэй хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 1.6 килограммын зөрүүтэй байсан.Харин өндрийн үзүүлэлт нь 0.8 сантиметрийн өөрчлөлтэй гэсэн үр дүн гарсан.
Дэлхийн шүдний холбооноос шүд цоорох өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг гэдгийг баталж зарласан. Тэгэхээр шүдний өвчтэй хүүхдүүд эрүүл өсөж торних боломжгүй гэсэн үг.
Таван настай хүүхдэд 20 шүд ургасан байх ёстой. Судалгааны үр дүнгээс харахад 20 шүдний 7-8 шүд нь аль хэдийн цоорсон, авхуулсан, эмчлэгдсэн эсвэл цоорхой хэвээр явж байгаа гэсэн үр дүн байна. Тиймээс ч нүүр ам судлалын мэргэжилтнүүд үүнийг чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн хэмээн үзэж байна.
Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 28 байнгын шүдтэй байдаг. Гэтэл 28 байнгын шүднийх нь 12, зарим судалгаанд 18 шүд нь өвчтэй байгаа юм.
Эцэг эхчүүд хүүхдэдээ ундаа уулгаж байхаар сүү авч өгье гэдэг. Гэтэл нөгөө сүү нь шоколадтай, бананатай буюу цаад агууламж нь чихэр. Хүний амны хөндий хэдий чинээ хүчлийн дайралтад өртөнө төдий чинээ зөөлөрч хэврэгшдэг.
Цэвэр шүд цоордоггүй гэсэн маш товчхон үгийг Америкийн эрдэмтэн хэлсэн байдаг. Энгийнээр хэлэхэд, бид аягандаа янз бүрийн хоол идэхэд тэр хэмжээгээр бохирддог. Яг үүн шиг бидний шүд бохирддог. Бид хоол идсэнийхээ дараа аягаа угаадаг шиг шүдээ тогтмол угааж цэвэрлэх ёстой.
Сүүлийн үеийн хүүхдүүд талхны зах, мах зэрэг хатуу хүнс идэхгүй байна. Сайн зажлахгүй байхаар шүд өөрийнхөө хэмжээнд гүйцэд ажлаа хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, автоматаар шүдийг цэвэрлэх процесс явагдахгүй байгаа гэсэн үг. Үүнийг мэргэжлийн хэлээр амны хөндийн өөрөө цэвэрших үйл гэж нэрлэдэг.
Хүний физиологиор өдөрт таван удаа өөрийгөө цэвэрлэх процесс явагдаж, шүдийг тань хамгаалж чаддаг гэж үздэг.
Идэж байгаа зүйлээ аль болох тогтвортой ширээндээ суугаад гүйцэд идээд шүдээ цэвэрлэх нь чухал. Хэт олон удаагийн давтамжтай идэх нь шүд цоорох шалтгаан болж байна. Жишээ нь, ундааг барин тавин угсраад л уугаад байвал шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Сэтгэгдэл