Ц.Уранчимэг: Монголынхоо язгуурын соёлтой бүтээлүүдээр даяаршлийн давалгаанд тодорч үлдэнэ
Монголын урлаг судлалын хичээлийн хөтөлбөрийг Индианагийн сургуульд амжилттай хэрэгжүүлж буй доктор, профессор Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-АНУ-д эрдэм шинжилгээний бие даасан бүтээл хэвлүүлэх гэдэг ямар их хүч хөдөлмөр, өндөр шалгууртай байдгийг манай эрдэмтэн судлаачид, уншигчид мэдэх биз. Энэ бүхнийг давж Буддын шашны талаар номоо хэвлүүлжээ. Монголын Буддын шашны урлагийг судлах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Монголын буддын шашин гэдэг нэр томъёо эрдэм шинжилгээний шинэ ухагдахуун гэж хэлж болно. Яагаад гэвэл Буддын шашин, Буддын шашны урлаг соёлыг судалдаг эрдэмтэн судлаачид Хятадын Буддын шашин, Төвдийн Буддын шашныг судалсаар ирсэн боловч өдий болтол монголчууд Төвдийн Буддын шашныг өөртөө шингээж, хөгжүүлж ирсэн болохоос биш Монголын гэсэн онцлогтой, Монгол уламжлалт соёл дээр тулгуурлаж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, судалсан нь тун бага байжээ. Үүний нэг жишээ нь АНУ-ын дэлхийд нэртэй их сургуулиудын нэг Бёркли дэх Калифорний их сургууль дээр 2017 онд болсон “Монголын Буддизм” хэмээх хурал дээрээс тод харагдсан. Хуралд оролцсон гадаадын зарим эрдэмтэд нэр томьёоноосоо эхлээд Монголын Буддизм гэж байхгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Бас ийм соёл бий гэж хамгаалсан эрдэмтэд ч байсан. Иймээс энэ хурал дээр маш том маргаан дэгдсэн. Ялангуяа XVIII-XIX зууны үед Далай ламыг дагах Төвдийн нөлөө Өвөр Азид их орж ирсэн. Буддын шашны ном хэвлэл нь төвд хэлээр бичигдэж, манай сүм хийдийн хурлын уншлага төвд хэлээр явагддаг. Манай Буддын шашны сургааль нь төвдөөс үүсэл гаралтай байдаг учраас Төвдийн Буддизм, эсвэл Төвд-Монголын Буддизм гэж үзнэ хэмээж зарим эрдэмтэн маргаж байсан. Харин миний бүтээсэн номнууд болон манай урлаг соёлыг харахад Монголын язгуурын, эзэнт гүрнээсээ, үе залгамжилсан хаадуудаасаа уламжилж ирсэн урлаг соёл хэзээ ч хаягдаагүй, Монгол нутагтаа уламжлагдаж ирсэн. Энийг Монголын буддизмд нэвт шингээн хөгжүүлж ирсэн гэдэг нотолгоо гаргаж байгаа юм. Яаж нотлогдох вэ гэвэл, хэдийгээр зарим зохиол бүтээлүүд, бичвэр нь төвд хэлээр байгаа ч монгол хүний мэдлэг оюун шингэсэн нь харагддагийг маш олон уран зураг, уран баримал, буддын шашны зохиолиуд, аман түүх дээр тулгуурлан тайлбарлаж бичсэн билээ.
-Буддын шашин судлаачдаас таны номонд ямар үнэлэлт дүгнэлт өгсөн бэ?
-АНУ-д шинэ эрдэм шинжилгээний бүтээл гарахад янз бүрийн эрдэмтдийн дүгнэлт гардаг. Одоогоор гурван эрдэмтэн судлаач миний номын талаар шүүмж нийтэлсний дотор хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард Төвд судлаач, нэрт эрдэмтэн Матью Капштейн гэдэг хүн бичсэн байна. Тэрээр: “Би залуудаа Калифорний их сургуульд оюутан байсан. Миний багш, монгол хэлтэй Жеймс Боссон хэмээх эрдэмтэн монгол хэлийг мэдэхгүй, Монголыг судлахгүйгээр Буддын шашныг ойлгохгүй гэж бидэнд захидаг байлаа. Гэтэл би төвд хэлээ мэдээд, төвд судлалаа дагнаад явчихад миний судалгааны ажлын гол бүтээл гарчихна гэж итгэж байжээ. Гэтэл cүүлийн үед Весна Уоллас, Ц.Уранчимэг, Матью Кинг зэрэг эрдэмтэдийн ном бүтээлээс харахад Монголын үе үеийн эрдэмтэн лам нар, урлаачдын Буддын шашны соёлд оруулсан хувь нэмрийг мэдэж, Монголын Буддизмыг ойлгож шинжлэхгүйгээр Буддын шашныг судалж болохгүй юм байна гэдэг нь мэдэж тодорхой болж байна” гэсэн байсан. Энэ нь миний бичсэн “Нүүдлийн хийд болон Хожуу үеийн Монголын Буддын шашны урлаг ба улс төр”, нэрт эрдэмтэн Весна Уолласын бичсэн “Монголын Буддизмын сурвалжуудын орчуулгын түүвэр” Матью Кингийн “Зава Дамдины тухай бичсэн” номыг хэлж байгаа юм.
-Судалгаа, шинжилгээний ажлынхаа хүрээнд, ер нь эх оронтойгоо хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Даяаршлын үед монголчууд бид олон том гүрнүүдийн дунд оршиж байна. Иймд бид бусад хүчирхэг гүрнүүдийн соёлын “түрэмгийлэлд” уусахгүйгээр юугаараа тодорхойлогдож үлдэх вэ гэдэг чухал асуудал юм. Сүүлийн үед Монголын төр засгаас уламжлалт соёлоо ойлгохгүй байж болохгүй. Уламжлалт соёлоосоо тасрахгүйн тулд улам гүнзгий судалж, ойлгож, сурталчилдаг, олон улсын төвшинд жинхэнэ утгаар нь гаргаж ирэхэд анхаарч байгааг харж, сонсож баярлаж байдаг. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгэнд ч энэ санаа үргэлж гарч байр сууриа илэрхийлж, дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгааг харж байна. Жишээ нь саяхан Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд болсон “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” хэмээх эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хэлж болно. Индианагийн их сургууль Монгол улсын их сургуультай хамтран ажиллах гэрээндхоёр сургуулийн Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Индиана Их Сургуулийн нэг хэсэг болох Херрон Урлаг, Дизайны Дээд Сургууль Монгол улсын Уран зургийн галерейтэй хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Одоо хамтын ажиллагаагаа эхлэх гэж байна. МУИС-ийн урлаг судлалын тэнхим хамтран ажиллах талаар ярьж эхэлсэн байгаа. Энэ хэлээд байгаа язгуурын уламжлал Монголын Буддын шашны урлагт нэвт шингэсэн юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Би номноосоо нэг жишээг хэлэхэд, Өндөр гэгээний хийц загварыг уран барилга дээр харж болно, энэ нь нүүдэлчний гэр, асар зэрэг уламжлалт хийц дээр тулгуурлан хийдийн загвар гаргасан байдаг., Италийн аялагч Плано Карпини монголчууд бөө шүтлэгтэй байсныг бичсэн байдаг. Энэ тэнгэр шүтлэгийн ухагдахуун болон язгууртан хаадын гоо зүйг Өндөр гэгээн бүтээлдээ шингээж өгсөн гэдгийг монголчууд бид нар л харж мэдэж, өөрийн ухаанаар тунгааж, уламжилж сурталчилж чадна.
-Та номоо зөвхөн Монголын музейнүүдэд хадгалагдаж байгаа бүтээлүүдээр хязгаарлаагүй гэж байсан. Өөр ямар улсын музейд Монголын Буддын шашны дурсгалтай холбогдох бүтээлүүд байна вэ?
-Би ерөнхийдөө 164 бүтээлийг судлан шинжилсэн. Ихэнх эх сурвалжаа манай Монголын Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, ганц хоёр бүтээлийг Монголын Цэргийн музейгээс авсан. Гэхдээ дэлхийн 10 гаруй музей, тухайлбал Польшийн Варшавын, Бээжингийн Гугун, Данийн Копенхаген, Шведийн, АНУ-ын Рубиний, Сан Франциско дахь Азийн Урлагийн, АНУ-ын Байгалийн түүхийн зэрэг музейнүүдээс үзмэрүүдийн гэрэл зургуудыг авсан. Өндөр гэгээний бүтээлүүд Бээжингийн түүхийн музейд байдагийг биер очиж үзэж судалсан. Би өөрөө Түвдэд судалгааны ажлаар явж байхдаа уран барилга бүтээлүүдтэй танилцаж, гэрэл зургууд авсан гэх мэтээр эх сурвалжаа бүрдүүлсэн.
-Та уг нь контемпорари урлаг судалдаг. Яагаад Буддын шашны урлагийг судлах болсон бэ?
-Би 1993 оноос эхлэн Монголын орчин цагийн урлагийн тухай бичиж,контемпорари урлагийн тухай тайлбарласаар ирсэн. 1995 онд СУИС-ийг урлаг судлалын магистрын зэрэгтэй төгссөн. Анхны магистр нэг дугаарын дипломтой. Тэр үед багштайгаа зөвлөлдөж байгаад “Хүрээ хийцийн уран зургийн” сэдвээр дипломоо хамгаалсан. Учир нь орчин үеийн урлагийг ойлгохын хувьд уламжлалаа бас ойлгох хэрэгтэй. Иймд одоо би судалгааны хоёр чиглэлээр ажиллаж байна. Миний судалгааны бүтээлүүд, заадаг хичээлийн агуулга Буддын шашны урлаг, Монголын урлаг, Азийн урлаг, контемпорари урлаг юм. Орчин үеийн урлаг судлалаараа нилээн бүтээл хийсэн, хэд хэдэн ном гаргасан. Энэ судалгаагаа үргэлжлүүлж байгаа. Би АНУ-д хамгаалсан докторын ажлаа “Монголын Буддын шашин буюу Хүрээ хийдийн урлаг” сэдвээр бичсэн. Энэ бол бас л манай багштай холбоотой. 1995 онд АНУ-ын Сан Франциско хотын Азийн урлагийн музейгээс Монголд хоёр куратор ирээд Монголын музейнүүдээс сонгосон бүтээлүүдээр “Чингис хааны өв” нэртэй үзэсгэлэнг АНУ-д гаргаж байлаа. Тэр үзэсгэлэнг зохион байгуулсан хоёр хүний нэг нь манай багш, урлаг судлаач Падрисия Бёргер. Тэрбээр Хятад урлагийн мэргэжилтэн боловч Хятадыг бол соёлоороо монополоо тогтоосон улс биш, хил залгаа олон мянган жил оршин тогтнож ирсэн олон улс байсныг бас судлах хэрэгтэй гэсэн үзэл бодолтой хүн байсан. Тийм учраас түүнд хятад, монгол, солонгос судлаач шавь нар байдаг. Монгол шавь нь би. Багш маань Чин гүрний үеийн урлагийн судалгаагаараа алдартай болсон эрдэмтэн. Миний багштайгаа Чингийн үеийн Монголын урлаг соёл ямар дүр төрх, арга барил, хийц маягтай байсан, түүний уламжлал, сэтгэлгээний онцлогийг гаргах зорилготой ажиллаж диссертациа бичсэн.
Диссертаци маань Жавзандамба хутагтын хөргүүд болон хүрээ хийдүүдийн тухай байсан бол харин энэ номондоо түүнээс гадна хос ёсны сургааль, төвдөөс ялгарч байгаа Монголын гоо зүй, хаад язгууртны хийц энэ бүхнийг шинэ баримтуудаар баяжуулан ахисан шатанд гаргаж ирснээрээ шинэ бүтээл болсон.
-Та энэ талаараа олон лекц уншсан байдаг. Үүнээс үүдэн Монголын талаар судлах сонирхолтой гадаадын оюутнууд тухайлбал магистрант, докторантууд хэр олон байна. Бас ямар улс үндэстнүүд Монголын Буддизмын урлагийг сонирхож байна вэ?
-Багш хүний хувьд шавь нартаа нөлөөлж, тэднийгээ Монголыг судлах хүсэлтэй болгохоос гадна, энэ чиглэлээр судалгаа хийх үндэслэлтэй болгоход анхаарал тавьдаг. Индианагийн их сургууль бол 1962 оноос Монгол судлалын суурьтай болсон, монгол судлалын нийгэмлэг байгуулагдаж Монгол судлалын ажил эхэлсэн уламжлалтай юм. Одоо болтол үйл ажиллагаагаа явуулж, монгол хэл, монгол түүх, эх сурвалжийн судалгаа зэрэг хичээлүүдийг заасаар байна. Монголын түүхэн судалгаа нилээн том байр суурь эзэлж байсан бол сүүлийн үед Монголын урлагийг судлах хүсэлтэй залуу эрдэмтэд нэмэгдэн гарч ирж байна. Миний нэг шавь манай нэрт зураач Б.Баатарзоригийн уран бүтээлд судалгаа хийж, Буддын шашны элементүүд түүний зохиомжид хэрхэн тусгагдаж байгаа, тэр нь контемпорари урлагт хэрхэн нөлөөлж байгаа талаар магистрын ажил бичээд дууссан. Тэр оюутан докторын төвшинд суралцахаар бэлтгэж байна.АНУ-ын Урлаг судлалын ухаанд Азийн урлагийг зөвхөн Хятад, Энэтхэг Японоор хязгаарлаад байдаг болохоор Монголын урлаг болон бусад Азийн орны урлагийг заах боломж тааруу, Калифорний их сургуульд долоон жил багшлаж, Азийн урлагийн хичээл орж байхад Монголын урлагийг Төвдийн болон Хималайн урлагтай харицуулсан байдалтай хичээл зааж байсан болхоос биш бие даасан хичээл орж байсангүй. Анх удаа АНУ-д “Монголын урлаг” нэртэй хичээлийг Индиана Сургуулийн Херрон Урлаг, Дизайны сургуульд 2020 онд хичээл заах завшаан олдсон. Энэ сургуульд маань хэд хэдэн оюутан маань Монголын урлагаас сэдвээ сонгон аван судалгааны ажлаа бичиж байсан. Одоогоор Швецарийн Бернын Их Сургуульд Микэла Уайзлэр хэмээх оюутан маань Монголын урлагийн сэдэвтэй докторын ажил хийж байна.
-Монголын музейнүүдээс танд тусалж байгаа байдал ямар байна вэ? Хэр дэмжиж байна вэ?
-Ганц миний ажил гэлтгүй, бусад өрнөдийн эрдэмтдийн ярьж байгаагаас үзэхэд Монгол улсад судалгааны ажил явуулахад бэрхшээлтэй байдаг гэж нэгэн дуугаар хэлдэг. Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед гэхэд л музей болон номын сангуудад байгаа бүтээл, баримтуудын бүртгэл, түүний тухай мэдээллүүдийн вэб сайт хангалтгүй байдаг. Тиймээс эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын эргэлтэнд оруулах боломж маш бага байна. Жишээ нь оюутнуудад “Монголд тийм тийм бүтээлийг үзэж судлах” гэсэн даалгавөр өгөхөд холбогдолтой мэдээллийг онлайнаас авах ямарч боломжгүй, хаалттай байдаг. Энийг л нээж өгөөсэй гэж үнэхээр их хүсч байна. Ингэж байж л бид Монголоо дэлхийд бүрэн бүтэн таниулж, даяаршлын үед өөрсдийнхөө онцлогийг Их Чингис хааныхаа байгуулсан хүчирхэг гүрний уг улбаа уламжлал соёлыг авч үлдэнэ. Манай Ерөнхийлөгч уламжлалт соёлоо авч үлдэе, түгээе, дэлгэрүүлье, залуу үеэ уламжлалаараа хүмүүжүүлье гэсэн уриа дэвшүүлж байгаад нэмэр болно. Гэрэл зургийг хуулбарлаж авах, эрдэм шинжилгээний оруулж бүтээлдээ хэвлэх зөвшөөрөл музей болгон өгдөг. Манайх ч ялгаагүй. Дэлхийн аль ч улс тэгдэг. Маш шуурхай, дор дор нь хариу өгч, асуудлыг шийдэж өгдөг. Гэтэл манай музейнүүд их уддаг, Хариу ирүүлдэггүй. Хэдэн сар, жил ч болдог. Тухайлбал иймэрхүү саатлаас болж миний 2017 онд хэвлэгдэх ёстой байсан ном 2020 оны сүүлээр гарлаа. Дараагийн хоёр бүтээл маань хэвлэгдэхэд бэлтгэгдэж байна. Нэг нь”Гэгээний бодол”, “Жигжидийн Жанхор” хэмээх хоёр зургийн тухай судадгааны бүтээл. Нөгөө бүтээл нь олон улсын 70 гаруй эрдэмтэн хамтран бүтээсэн “Хималайн урлагийг 108 бүтээлээр тайлбарлах нь” хэмээх том бүтээл Рубины мүзейгээс гаргах ном. Эдгээр хэвлэлийн газрууд манай музейнүүд рүү албан хүсэлт хавар удаа дараалан илгээсэн хэдий ч хариу авч чадаагүй гээд надад хандсан. Би долдугаар сард эх орондоо ирэхдээ холбогдох музйед өөрийн биеэр очиж “Өөрт байгаа судалгаа хийсэн бүтээлийн гэрэл зургийг хэвлэх зөвшөөрөл өгөөчээ” гэж хүсэлт гаргаад хариу байхгүй хоёр сар хүлээгдсэний дараа яамнаас бичгийг бүтээж өгсөн. Ийм нөхцөлд судалгааны ажил монголд яаж хөгжих вэ. Ерөнхийлөгч үүн дээрээ анхаараасай гэж хүсч байна. Бид Монголынхоо уламжлалт урлаг, хаад язгууртаны гоо зүй шингэсэн соёлтой бүтээлүүдээр даяаршлын давалгаанд тодорч үлдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.145] 2022-09-21 23:21:57
Нэг хэсэг баахан даяарчлал ярьж байгаад больсон, одоо ногоон энерги гээд солиорцогоодог болсон
Зочин [103.229.122.134] 2022-09-21 12:22:53
Номын зураг нь үгүйлэгдэж байна...