Д.Идэр: Хоёр зууны хөгжлийг тодорхойлсон нь монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэгч
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэртэй Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд ярилцлаа.
-Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан нь Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргасан түүхэн үйл явдал гэж үздэг. Энэ цаг үеийн талаар эх сурвалжуудад хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг вэ?
-Чингис хаан Их Монгол Улсыг 1206 онд байгуулсан явдал бол монголчуудын хүчирхэгжин мандах суурийг тавьсан. Түүний залгамжлагчид болох Өгэдэй, Гүег, Мөнх, Хубилай хааны үед дэлхийн том эзэнт гүрэн болж хүчирхэгжин мандсан. Ийнхүү монголчууд XIII, XIV зуунд дэлхийн хөгжлийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр зууны хөгжлийг тодорхойлсон нь монголчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахаас өмнө, 1189 онд хамаг Монгол Улсын хаан ширээг залгамжилсан. Ийнхүү 1189-1206 оныг хүртэл тархай бутархай байсан олон овог аймгийг нэгэн жолоонд оруулсан. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр 32 удаагийн их, бага тулаанаар 81 овог аймаг, угсаатныг нэгтгэсэн гэдэг. Ер нь түүний үйл хэргээс Их Монгол Улсыг байгуулахад ихээхэн хүч хөдөлмөр гаргаж, бодлого дайн тулааныг хийсэн нь тодорхой харагддаг. Энэ тухай “Монголын нууц товчоо” болон “Судрын чуулган”, “Юань улсын судар” зэрэг тэр үеийн түүхэнд холбогдох томоохон гол сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
-Их Монгол Улсын үед Чингис хаан гадаад, дотоодын бодлогодоо ихээхэн анхаарал хандуулсан гэдэг?
-Тийм ээ. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсны дараа гадаад бодлого, харилцаандаа ихээхэн анхаарал хандуулсан. Тухайлбал, хөрш зэргэлдээ оршиж байсан улс орнуудаас монголчуудтай эртнээс өс хонзон, зөрчилтэй байсан нь Зүрчидийн Алтан улс байсан. Алтан улсыг Чингис хаан Их Монгол Улс байгуулсны дараа дайн тулаан хийж эзэлж байсан.
Гэвч түүхийн сурвалж бичгүүдийн мэдээ, баримтаас үзэхэд 1206 онд Их Монгол Улсыг байгуулсны дараа 1211 он хүртэл, Алтан улсад алба өргөж байсан баримтууд байдаг. 1211 онд Алтан улсын хаан нас барж, шинэ хаан суусны дараа Чингис хаан “Тэнгэрийн хөвүүн” хэмээн хүндэтгэж ирсэн хаан ширээнд зохисгүй хүн суусан гэж үзэн, алба өргөхөө зогсоож, улмаар Алтан улсыг байлдан эзлэх бодлогыг эрчимжүүлсэн. Харамсалтай нь Чингис хаан амьд ахуй цагтаа Алтан Улсыг эзэлж чадаагүй. Гэвч Алтан улсыг байлдан эзлэх аргыг гэрээс болгож үлдээсэн. Энэ гэрээсийг Өгэдэй хаан биелүүлж, 1234 онд Алтан улсыг мөхөөсөн. “Монголын нууц товчоо”-нд Өгэдэй хааны дөрвөн сайн үйлийн нэг нь эцгийн гэрээсийг биелүүлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ талаар Юань улсын сударт ч тодорхой тэмдэглэсэн. Тэр үеийн Алтан улсыг мөхөөнө гэдэг маш том үйл хэрэг л дээ. Өгэдэй хаан ч гэсэн эцгийн гэрээсийг биелүүлсний дараа маш их баярлаж, үйл хэргээрээ бахдаж байсан. Мөн Алтан улсаас гадна Хорезм руу аян дайн хийсэн. Тэр үед монголчуудын найрсаг харилцааны нэг зүйл нь худ ургийн харилцаа, мөн худалдаа арилжаа байсан. Ийнхүү арилжаа хийхээр явуулсан худалдаачдыг Хорезмууд хөнөөсөн. Дараа нь мөн гурван удаа элч илгээхэд, элчийг нь доромжилж буцаасан. Ингээд Хорезмын хаант улсыг Чингис хаан эрхшээлдээ оруулсан. Дараагийн дайлаар мордсон улс нь Хар Кидан улс. Чингис хааны эсрэг эвсэл холбоо байгуулаад ихээхэн аюул занал учруулж байсан учраас Хар Кидан улсыг мөхөөх, довтлох бодлогыг явуулсан. Дараагийн улс бол Тангуд улс. Чингис хаан Тангуд улстай нэлээд харилцаатай байсан. Өмнө нь Тангуд улс Чингис хаанд дагаар орсон, эсэргүүцээгүй бодлогыг явуулж байсан боловч Хорезмыг дайлах үед элч илгээгээд баруун жигүүрийн цэрэг гаргахыг зарлигдсан. Гэвч үүнийг Тангудууд эсэргүүцэж, цэрэг гаргахаас татгалзсанаас болж Чингис хаан Хорезмыг дайлаад буцаж ирснийхээ дараа Тангудыг дайлах бодлогыг баримталсан. Тийм учраас "Тангуд улс мөхөөгүй шүү гэж өглөө болгон надад сануултугай" гэж хэлж байсан. Ингээд Тангуд улсыг 1227 онд эзэлж аваад, тэр үедээ нас нөгцсөн.
-Их Монгол Улсын хувьд "Их засаг" хууль үйлчилж байсан талаар ярихгүй юу?
-Нүүдэлчин монголчуудын хувьд бичиг үсэгтэй байсан уу гэдгээс л асуудал үүсч байгаа юм. Их Монгол Улсын үед Чингис хааны нэгэн үйл томоохон үйл хэрэг бол монголчууд уйгаржин монгол бичгийг улсын бичиг болгосон. 1204 онд Найман аймгийг эзлэх үед Чингис хаан бичгийн хүн болох Тататунгаг олзлон авч, түүний хэрэглэж байсан бичиг үсгийг төрийн хэрэгт нэвтрүүлсэн гэж үздэг. Ингэснээр уйгаржин монгол бичгийг төрийн албан бичиг болгон хэрэглэж эхэлсэн нь монголчууд хууль цааз, төрийн зарлигийг бичгээр тэмдэглэх үндэс суурийг тавьсан юм. Үүний нэг нь Их засаг хууль. Их засаг хууль бол тухайн үеийн Монгол Улсын хууль ёсны цааз бичиг юм. Зүйл заалтууд нь маш хатуу боловч тэр үед монголчууд чандлан мөрдөж байсан. Гэхдээ зөрчдөг хүн байгаагүй. Хубилай хааны үед цаазлагдсан хүний тоо өмнөх төртэй харьцуулахад маш бага тоо гарсан байдаг. Хууль цаазыг чандлан мөрдүүлж байсан нь монголчуудын хүчирхэн мандах үндэс суурь нь байсан гэж хэлж болно.
Мөн Чингис хааны билиг сургаал бол үнэхээр агуу. Чингис хааны билиг сургаалыг “Монголын нууц товчоо” шиг сурагчдад заавал уншуулдаг байх хэрэгтэй. 820 жилийн ойн энэ үед Чингис хааны билиг сургаалыг төрийн бодлогоор түгээн дэлгэрүүлэх ажил хийх хэрэгтэй байна. Хятадууд Күнзийн сургаалыг ярьдаг шиг монголчууд Чингис хааны билиг сургаалыг үргэлж бодож, хүндэтгэх ёстой.
-Монгол Улсыг гадаад хэлнээ "Mongolia" бус "Mongol" хэмээн нэрлэж хэвшүүлэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа юм билээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн ивээл дор маш олон эрдэмтэн, судлаач болон хэлний мэдлэгтэй түүхчид оролцож энэхүү судалгааг хийж байгаа юм билээ. Судалгааны хувьд маш өндөр түвшинд хийгдсэн. Өөрчлөх нь зөв үү, буруу юу гэдэгт түүхчид маргаантай байгаа. Миний хувьд уугуул нэрээ сэргээж байгаа явдлыг зөв юм уу гэж дэмжиж байгаа. Уг нэр нь "Монгол" учраас эртнээс явсан энэ нэрээрээ явсан нь буруудахгүй байх. Гэхдээ орчин үеийн чиг хандлага, олон улсын тогтсон нэршлийг тийм амархан өөрчлөх нь ямар вэ гэх мэт олон талаас нь судлах хэрэгтэй. Тийм учраас зөвхөн түүхчдээс гадна салбарын олон эрдэмтэд байж шийдэх ёстой.
-820 жилийн ойн хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачид ямар онцлох ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Ойг тохиолдуулаад төр засгаас тусгай комисс гаргаад, тэмдэглэх арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Харин МУБИС-ийн зүгээс "Монгол судлалын шинэ эрин" хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жилийн түүхийн салбар хуралдааныг Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулаад Их Монгол Улсын археологи, түүх соёлын чиглэлээр илтгэлүүдийг зарлаж, зохион байгуулахаар бэлдэж байна. Энэ хуралд долоон улсын 140 гаруй эрдэмтэн цуглахаар болсон. Манай түүхийн салбарт 20 орчим илтгэгч Их Монгол Улсын түүхээр илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Мөн Өмнөд Монголын Их сургууль болон Багшийн их сургуулиас хоёр профессор ирсэн. Их Монгол Улсын түүхтэй холбоотой маш сонирхолтой илтгэлүүдийг тавина. Монголчуудын хүчирхэгжин мандаж, дэлхийн олон улсыг эрхшээлдээ оруулж байсан түүхэн цаг үе нь өнөөдөр бидэнд ихээхэн сургамж өгдөг. Хэдийгээр өнөө цагт монголчууд хөгжлийн олон сорилттой нүүр тулж байгаа ч нэгэн цагт эзэнт гүрэн байгуулж чадсан ард түмэн гэдгээ үр хойчдоо ойлгуулах нь чухал юм. Энэ утгаараа түүх гэдэг зөвхөн өнгөрснийг өгүүлэх шинжлэх ухаан биш. Харин өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоонд оршиж, өнгөрснөөс сургамж авч, өнөөдрийг дүгнэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үндэс болдог.
Г.БАЛГАРМАА
Эх сурвалж: Өдрийн сонин



















































.jpg)













Сэтгэгдэл