Б.БАЯРАА: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХУУЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙНХЭЭ ЭСРЭГ ТАЙЛБАР ГАРГАСАН

Aдмин / Хууль

Эрүүгийн хуульд албан ёсны тайлбар хийсэн Улсын дээд шүүхийн тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн байна. Энэ талаар мэдээлэл гаргасан хуульч Б.Баяраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн цэцэд ямар мэдээлэл өгч, маргаан үүсгэсэн талаар тайлбарлана уу?

-УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль болон мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуульд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр шүүх, прокурорын байгууллагад эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргүүдийг архиваас сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэх тухай заасан. Энэ нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилгод нийцэхгүй байсан тул иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дунд, их суудлын хуралдаанаар уг хуулийг хүчингүй болгосон.

Гэтэл Цэцээс хүчингүй болгосон хуулийн үйлчлэлийг Улсын дээд шүүх Эрүүгийн хуульд тайлбар хийх нэрийдлээр агуулгаар нь дахин сэргээсэн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг богиносгож хүндрүүлж хэрэглэх зохицуулалт нь уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай байтал Улсын дээд шүүх нь хууль батлагдахаас өмнөх үеийн үйлдэлд хамаарна гэж үзэн хэрэгт шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан тайлбар гаргасан.

Хуучин, шинэ хуулийн зохицуулалт зөрүүтэй тохиолдолд аль хуулийг хэрэглэх вэ гэдэг нь хууль буцаан хэрэглэх тухай ойлголт. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчилсан улсад хэзээ ч хүний эрхийг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг зөвшөөрдөггүй, тэр дундаа хүний эрхийг хамгийн их хязгаарладаг Эрүүгийн хуулийн тухайд зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд буцаан хэрэглэхийг зөвшөөрдөг. Харамсалтай нь Улсын дээд шүүх хуулийн суурь зарчим, үнэт зүйлсийнхээ эсрэг тайлбар гаргасан.

-Үндсэн хуулийн Цэцийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гарсан байхад Улсын дээд шүүх хүчингүй болсон хуулийн агуулгыг сэргээсэн гэсэн үг үү?

-Харамсалтай нь тийм. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд иргэн, байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж хуульчилсан. Цэцийн шийдвэрийн хувьд бусад ердийн шүүхийн нэгэн адил шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллага байхгүй тул өөрсдөө шийдвэрийн биелэлтээ хянах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Цэцийн хүчин төгөлдөр шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон шийдвэрийг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн хэний ч шийдвэрийг Цэц дахин хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх хуультай. Ингэснээр Үндсэн хуулийн биелэлт хангагдаж дархлаа үүсч байгаа юм.

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг хүний эрхийн талаас нь хэрхэн тайлбарладаг вэ?

-Үндсэн хуульд заасан иргэн бүрийн шударгаар шүүлгэх үндсэн эрх нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх ойлголтыг илэрхийлдэг. Хөөн хэлэлцэх хугацааг богиносгох замаар эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан хуулийг урагшаа нөхөж үйлчлүүлж иргэний эрхийг зөрчиж болохгүй. “Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй” гэсэн үндсэн зарчимтай.

-Хэргийг шалгаж шийдвэрлэх хуулийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа нь маргаан шүүмжлэл их дагуулдаг. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийг төлөөлдөг хууль хүчний байгууллагаас хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдэл, эдийн засгийн давуу байдал зэрэг төрийн механизмуудыг ашиглах замаар сэжиглэгдэж буй иргэнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгадаг. Ийм харилцаанд хэрэгт шалгагдаж байгаа иргэдийг цаг наргүй хэдэн жилээр шалгаж шаналган залхаан цээрлүүлэхгүй байх зорилгоор Эрүүгийн хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгсөн хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй бол бүх насаараа хэрэгт шалгагдаж байна гэх нэр зүүж хилээр зорчихгүй, ажилд орохгүй, өдөр бүр цагдаагийн байгууллагад цагаа бүртгүүлж байнга дуудагдах, цагдан хоригдох, банкны дансаа хаалгах, хөрөнгөө царцаалгах зэргээр иргэнд маш их хүндрэл учруулж, нэг ёсондоо хавтаст хэрэгт хадагдсан амьд сүг болгох аюул хэзээ ч дуусахгүй. Хэт сунжирсан урт удаан хугацааны залхаан цээрлүүлэлтээс урьдчилан сэргийлж иргэнийг хамгаалсан хууль зүйн баталгаа нь хуулийн хугацаа юм.

Хүний эрх, эрх чөлөөнөөс гадна өөр нэг ач холбогдол нь хууль шүүхийн байгууллагыг гэмт хэрэг илрүүлэх, шалгах үүрэгтээ хайнга назгай хандахгүй байх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэх, тэдгээрийг хариуцлагажуулах үүднээс дэлхий нийтээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг. Хуулийн байгууллага, албан тушаалтныг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хурдан шалгах хугацаатай үүрэг өгч, хариуцлагажуулж байна гэсэн үг.

Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бол огт гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах нэрийдлээр урт хугацаанд, магадгүй бүх насаар нь шалгаж болно. Гэтэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд урьдчилан тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчим бий. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагаа аливаа хязгаарлалтгүй, дур зоргын шинжтэй байж болохгүй.

-Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн тайлбар хуультай зөрчилдвөл хуулиа баримтална гэсэн байгаа шүү дээ?

-Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх эрхтэй Улсын дээд шүүх нь хуулиа биш, өөрийн тайлбараа баримтлаад шийдвэр гаргаад байвал яах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Энэ тохиолдолд шүүхийг хэн ч хянаж чадахгүйн улмаас хүний эрхийн ноцтой зөрчил үүснэ.

Эрүүгийн хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татсанаар зогсоодог болсон. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт үйлдлийг шалгахад уг хугацаа хамаарна гэдэг нь хуулийн сургуулийн оюутан ч ойлгохоор энгийн зүйл. Түүнээс өмнө анхан шатны шүүхийн шийдвэр гарах, мөн бүх шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гэх мэтчилэн тухайн үеийн хуулиараа хугацааг тоолдог байсан.

УДШ-ийн тайлбар нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, олон улсын гэрээний зарчим, Эрүүгийн хуулийн суурь зарчим, үзэл баримтлал, үнэт зүйлсийг зөрчсөн төдийгүй УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан гэж хуульч хүний хувьд үзэж байгаа.

-Дээд шүүхийн тайлбарыг хууль тогтоогчийн эрх хэмжээнд яаж халдсан үйлдэл гэж үзэж болох уу?

-Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх гэдэг ойлголт нь тухайн хуулийн бүх зохицуулалт тэр дундаа цэг, таслал бүхэнд хамааралтай. Гэтэл УДШ нь Эрүүгийн хуулийн зарим зохицуулалт тухайлбал хөөн хэлэлцэх хугацаа нь материаллаг, процессын хосолмол шинжтэй тул буцаан үйлчлэхгүй гэх тайлбар хийсэн. Нэртэйгээр нь Эрүүгийн хуулиа бүхэлд нь хоёр хуваагаад аль хэсэг нь буцаж үйлчилдэг, аль хэсэг нь буцдаггүй талаар нэг мөр тайлбар хийсэн бол хуульчид бидэнд ч амар болох байлаа. УДШ-д Эрүүгийн хуулийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хамаарах юм гэсэн утгатай хуулиудыг хооронд нь хольж хутгасан тайлбар хийх эрхийг хэн ч олгоогүй. Үнэхээр ингэж болдог юм бол хууль тогтоогчид саналаа хүргүүлэх нь зөв. Харин хууль тайлбарлах нэрийдлээр шинэ хэм хэмжээ тогтоож, УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж болохгүй.

Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ хэмээх гэм буруугүйд тооцох зарчмыг хууль тогтоогч тодорхой хуульчилсныг УДШ мэдсээр байж энэ хуулийн эсрэг тайлбар гаргасан. Хуульд тайлбар хийнэ гэдэг нь эргэлзээтэй, хоёрдмол утгатай хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хуулийн агуулга, үзэл баримтлалыг тодорхой болгох ажиллагаа. Тайлбар гаргахдаа шинээр хэм хэмжээ тогтоож, өөрийн чиг үүргийг хэтрүүлэн дур зоргоор авирлаж эхэлбэл хоёр парламенттай болж, эрх мэдэл хуваарилах зарчим алдагдана.

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийг тайлбарласан тогтоол гарсны дараа хуульч нар хэвлэлээр эрс шүүмжлэлтэй хандаж байсан?

-Олон хуульч судлаач нартай уулзаж ярилцсан. Улсын дээд шүүхийн тайлбарыг зөвтгөсөн хуульч судлаачидтай таараагүй. Эрүүгийн эрх зүйн түүхэн уламжлалаасаа ухарсан шинжлэх ухаанч бус тайлбар болсон тул хуулийн мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжгүй шийдвэр болсон. Хүний эрхийн манаанд зогсдог гэх утгаараа өмгөөлөгч нар эрс шүүмжлэлтэй хандаж байгаа.

Яг үнэндээ ил илэрхийлэхгүй ч шүүгч, прокурорууд хүртэл Улсын дээд шүүхийн тайлбарт эргэлзэж байгаа нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд анзаарагддаг. Хуулийн шинжлэх ухаанд нийцэхгүй төдийгүй өмнө тогтсон жишгээс өөр тайлбар гаргахаар хуульчдын дотоод итгэл үнэмшилд эргэлзээ үүсэх нь аргагүй.

Хэдийгээр хуульд нийцээгүй шүүхийн тайлбарыг баримтлах албагүй ч хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх мэдэл УДШ-д хадгалагдаж байгаа тул зөрчилтэй байдал үүсч байна. Шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой боловч харамсалтай нь Улсын дээд шүүх хүний эрхийг уландаа гишгэлсэн тайлбар гаргасан гэж хуульчийн хувьд үзэж байгаа.

-Үүнээс улбаатайгаар шүүхийн практикт ямар хүндрэл үүсгэж байна. Цаашид ямар хүлээлт байна вэ?

-Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг хэрэглэнэ, хэрэв эргэлзээ үүсвэл сэжигтэн яллагдагчаар ашигтайгаар шийдвэрлэх зарчим нь олон улсын гэрээ, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, Эрүүгийн хууль тогтоомжид тодорхой туссан. Гэтэл нөгөө талд хэргийг эцэслэн шийдвэрлэх УДШ нь эсрэг утгатай тайлбар гаргасны улмаас шүүх, прокурорын байгууллагад эргэлзээ үүсч арга буюу хэргүүдээ түдгэлзүүлж эхлээд байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Эрүүгийн хуулиа баримтлах, эсхүл УДШ-ийн тайлбарын алийг хэрэглэх вэ гэдэг дээр ацан шалаа үүсээд байна.

УДШ-ийн тайлбарын өмнө шийдэгдсэн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тайлбараас хойших хэргүүдийн хувьд хугацаа зогссоноор ижил төрлийн хэргүүдийн хувьд харилцан адилгүй шийдвэрлэгдэж, Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим зөрчигдөх болсон.

Хуульчид бидний хувьд Үндсэн хуулийн Цэцээс энэ нөхцөл байдлыг аль нэг талд нь хагалж яаралтай нэг мөр шийдвэрлэнэ байх гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь олон зуун иргэдийн амьдрал хувь заяа, хуулийн дагуу хэргээ шударгаар шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөх эсэх нь Цэцийн шийдвэрээс шалтгаалахаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.79] 2022-10-04 09:42:09

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГЦАА ХЭМЭЭХ НЬ ҮНЭНДЭЭН ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ХУЛГАЙЧ НАР ӨӨРИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРААН ХАМГААЛАХ ЯЛГҮЙ ГАРАХ ГЭСЭН АРГА ТӨДИЙ ШУДРАГ БУС ЗҮҮЛЬ БАЙСАН ШҮҮ ДЭЭ

зочин [59.153.86.85] 2022-10-03 09:24:51

хууль шүүхэд махан биетэй хүн л ажиллаж байгаа юм чинь хувь хүний дотоод итгэл үнэмшил, оюун бодол , хандлага зэрэг нь шийдвэр гаргахад оролцохоос гадна гадны хүчин зүйл ялангуяа монгол улс дахь сүүлийн гучин жилийн хүн бүр ямар ч аргаар мөнгөжих ,хөрөнгөжих явцын үзэл бодол шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.