Гаалийн 10 албан тушаалтан 330 гаруй сая төгрөгийн авлига авч “Мөнгө угаасан“ нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ
Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, баялгийн хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулж буй талаараа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн байдаг. Тэгвэл тус ажлын хэсгийн хүрээн дэх шалгалт ГЕГ-аас эхэлжээ.
Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас “Нэр бүхий ААН-үүд гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гадаадаас импортолж байгаа барааны үнэлгээг бууруулан гаалийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж мөнгө угаасан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, ГЕГ-ын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв, Замын-Үүдийн гаалийн газрын албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч иргэдтэй бүлэг зохион байгуулалтад орж, улсын хилээр импортолж байгаа барааны бүрдүүлэлтийн тоо хэмжээ, үнийн дүнг бууруулж, сар бүрийн эхэнд их хэмжээний бэлэн мөнгө тогтмол авдаг байсныг илрүүлэн шалгаж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд Гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч А, М, О, Э нар нь үргэлжилсэн үйлдлээр нийт 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг бууруулж, улсад төлөх 13,5 тэрбум төгрөгөөс зайлсхийсэн байна.
Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь хууль бус үйлдлийнхээ хариуд өгөх авлигын мөнгийг өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансыг ашиглан бэлэн мөнгөний АТМ-ээс гаргуулан авч, ГЕГ-ын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн 3, Замын-Үүдийн гаалийн газрын 7, нийт 10 байцаагчид сар бүрийн эхэнд далд байдлаар бэлнээр өгсөн үйлдлүүд тогтоогджээ. Шалгалтын хүрээнд энэ сарын 4-нд холбогдогч 18 этгээдийн Улаанбаатар хотын 14, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 9, Дархан-Уул аймгийн 1 хаягт нэгжлэг хийж албан тушаалтнуудад өгөхөөр бэлдсэн эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг арилжааны банкны картууд, гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гаалийн байцаагч нарт хахууль өгсөн хар бүртгэл, карго тээврийн баримтуудыг тус тус хураан авчээ. Үүнд:
1. ГЕГ-ын улсын байцаагч нараас авлига байж болзошгүй бэлэн 12 сая төгрөг, бусдын нэр дээрх их хэмжээний үлдэгдэлтэй арилжааны банкны картууд, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нарын ажлын газар, орон байрнаас авлигын мөнгө байж болзошгүй 5 сая төгрөг, бусдын нэр дээрх арилжааны банкны картууд,
2. Гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч А, М, О, Э нарын орон байрнаас сүүлийн 2 жилийн хугацаанд гаалийн байцаагч нарт хахууль өгсөн бүртгэл бүхий хар дэвтрүүд, хахуульд өгөхөөр бэлтгэсэн 32 сая төгрөг, бусдын нэр дээрх арилжааны банкны картууд, зах зээлийн ханшаар өндөр үнэлгээ бүхий нуугдмал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, санхүүгийн хар бүртгэлүүдийг тус тус хураан авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар гаалийн байгууллагын 10 албан тушаалтан нь зуучлагч этгээдүүдээс үргэлжилсэн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн авлига аван, улмаар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт эдлэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн зуучлагч иргэдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг 10, гаалийн албан тушаалтнуудын авлига авдаг байж болзошгүй бусдын нэр дээрх 11 дансанд төвлөрсөн 1 тэрбум 605 сая төгрөгийг хойшлуулашгүйгээр хязгаарлаж улсын орлогод авахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.





























































Сэтгэгдэл