Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2022.10.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.04 цагт 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг явуулж байсан түүхэн өдөр тохиож байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Тэрбээр “77 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад оршин сууж амьдарч байгаа ард түмний дунд улс эх орноо тусгаар тогтнолын талаарх бүх ард түмний санал хураалт явуулж байжээ. Тухайн үед монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулж байсан. Энэ түүхэн өдрийн мэндийг Та бүхэнд хүргэе” гэлээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн авлигагүй засаглал зорилт, мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар төлөвлөсөн. Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсноор гишүүн орны мэдээлэгч илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын хувьд 2002 он болон 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзжээ.
Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар мөн төслийн танилцуулгад дурдсан юм.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс төслийг боловсруулжээ. Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.
Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ. Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.100] 2022-10-23 04:10:40
уг нь маш хэрэгтэй, гэхдээ компаниуд хүртэл wistle blower буюу шүгэл үлээх болохгүй байгаа зүйлсийг мэдээлэх дүрэм журам байдаг, аюулгүй байдлыг хангана гэдэг, яг цагаа тулахаар чаддаггүй ба бүр үлээсэн хүмүүс халагддаг байгаа шүү
ЗОЧИН [202.9.41.30] 2022-10-21 00:09:32
ЦАИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААР АЛЬ ХЭДИЙНЭЭС ХОЙШ ХИЧНЭЭН ХҮН ШҮГЭЛ ҮЛЭЭЛЭЭ, ОДОО ХУУЛЬТАЙ БОЛЛОО, ТЭР ЭТГЭЭД ХУУЛЬД ОРООГДОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭЖ АРД ТҮМЭН ЯРЬЖ БН