Модны "эд эрхтэн"-ээр хооллодог шавж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөөр байна

Aдмин / Нүүр

2014 онд хийсэн НҮБ-ын судалгаагаар Монгол Улс нэг га талбайд 560 орчим том мод, 2950 зулзган модтой гэсэн тоо гарчээ. Энэ нь нэг га талбайд 3500 орчим мод ургаж байгаа гэсэн үг. Одоогоор 16 аймгийн 109 сумын 737 мянган га талбайг эзлэх ой мод хөнөөлт шавжинд идүүлсээр байна. Энэ нь нийтдээ 2.1 тэрбум мод эрсдэлт байдалд байна гэсэн үг. Тэгэхээр тэрбум мод тарихын зэрэгцээ ийм хэмжээний дархлаа сул модоо аврах нь нэн чухал асуудал болоод байна. Дэлхийд 12-13 сая төрөл зүйлийн шавж байдаг. Эдгээрээс Монголд 10 орчим төрөл зүйлийнх нь байдаг. Үүнээс модны "эд эрхтэн"-ээр хооллож хөнөөл учруулдаг 737 шавж байгаа гэсэн судалгаатай. Навч, шилмүүс иддэг шавжийг анхдагч хөнөөлт, иш, модыг нь иддэгийг хоёрдагч хөнөөлт, боргоцой, үндэс иддэгийг гуравдагч хөнөөлт шавж гэж тав ангилдаг. Манай мэргэжлийн байгууллагаас зөвхөн навч, шилмүүс идэж хөнөөдөг анхдагч шавжийг устгахаар нь тэмцдэг байна. Учир нь навч шилмүүсээ идүүлсэн мод доройтож дархлаа нь унадаг.

Үүний дараа нь иш, үндэс, боргоцой зэргийг нь идэхээр дараа дараагийн шавжнууд уг мод руу дайрдаг ажээ. Тиймээс навч, шилмүүсийг нь иддэг анхдагч шавжтай эхэлж тэмцдэг учиртай. Модны гоёмсог, хамгийн шим тэжээлтэй хэсэг болох навч, шилмүүс иддэг шавж манайд байгаа нийт шавжны 50 орчим хувийг эзэлдэг. Мод иддэг шавж, эрвээхэй хаанаас гараад ирэв гэсэн асуултыг хүн бүхэн гайхаж асуудаг. Тэгвэл шавж тодорхой хэмжээнд ойд байж л байдаг. Энэ нь тус ойн эко системийг бүрдүүлж хөнөөл учруулахгүйгээр оршдог. Харин тоо толгой нь хэт олширсноос үүдэж хүний нүдэнд ил их хэмжээгээр харагддаг. Хэвийн хэмжээнд байх хэт олширох шалтгаан нь шавжны биологийн зүй тогтолтой холбоотой. Зүй тогтол нь алдагдаагүй үед хэвийн хэмжээнд өсөж үржиж, үхэж байдаг байна.

Өөрөөр хэлбэл, тоо толгой нь өссөн ч буцаад хэвийн хэмжээндээ очдог биологийн зүй тогтолтой. Байгалийн дайсан бусад шавжны нөлөөлөл идэш, тэжээл нь хомстож өндөглөх орчин нь тохиромжгүй болох зэргээр зүй тогтол нь алдагдсан ч байгалийнхаа жамаар өсөж үржиж үрэгдсэнч тоо толгой байх ёстой хэмжээндээ байсаар байдаг аж.

Энэ цикль 10-12 жил зарим үед 14 орчим жил байдаг аж. Харин сүүлийн үед энэ давтамж уур амьсгалын өөрчлөлтөөс болж 8-10 жил болж буурсаар байгаа юм байна. Түүнчлэн , нэг зүйлт хөнөөлт шавжны тоо толгой хэт олшролт явагдаж түүнийг нь устгаж тэмцлийн ажил явуулсан ч нөгөө зүйлт шавж нь ихэсдэг. Энэ нь хэт олширсон шавжтай тэмцэж устгасан ч нөгөө зүйл шавж нь нэмэгдэж байдаг онцлогтой. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байгалийн зүй тогтлоор явагдах байдал алдагсанаас энэ бүхэн үүдэлтэй гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газрын мэргэжилтэн Б.Ганзориг ярьсан юм.

ШАВЖ ХҮРЭНЦЭР ҮЕДЭЭ МОДЫГ ИДЭЖ ДОРОЙТУУЛДАГ БОЛ ЭРВЭЭХЭЙ ҮЕДЭЭ НҮҮДЭЛЛЭДЭГ

Нэг устгалаар бүх хөнөөлт шавжийг яагаад устгаж болдоггүй юм бэ гэж иргэд асуудаг. Улсаас жил бүр хортон шавжтай тэмцэх устгалд мөнгө зарцуулж тэмцдэгч нэг жил орчим нам жим байснаа хоёр дахь жилээс дахин өөр төрлийн шавж олширч ойг бүрхдэг. Тиймээс устгалыг жил бүр тасралтгүй хийдэг нь ийм учиртай. Хэдийгээр хэт олширч олон зуун ойн талбайг бүрхсэн хөнөөлт шавжны тоог хязгаарлаж тэмцсээр байгаа ч эргэн сэргэж ургах ур чадвартай модны тоо, талбай улам багасаар байгаа нь харамсалтай. Хэрэв бид ойг өөрийнхөө биологийн зүй тогтолоор сэргэнэ биз гээд устгал хийлгүй орхивол зуу, зуугаар үхэх аюултай. Харин тэмцсээр байвал 20 мод эргэж сэргэхгүй үхсэн ч 80 нь сэргэх боломжтой хэмээн мэргэжилтэнүүд ярьж байна. Манай улс хортон шавжтай тэмцэх ойн аж ахуйн ажлыг 1957 оноос хийсээр ирсэн. Нөхөн сэргээх шаардлагатай талбайд судалгааг жилд хоёр удаа хийдэг байна. Санхүүгийн боломжтой үед нийт талбайн 80-90 хувьд тэмцлийн ажил хийдэг бол боломжгүй үед 10 орчим хувьд хийдэг аж.

Хөнөөлт шавжийн голомтыг нүүдлийн болон үндсэн гэж хоёр хуваадаг. Өөрийн зүй тогтолоор хэт олширсонг үндсэн гадны улс болон, нэг аймгаас нөгөө аймаг руу өөр газраас нүүж ирснийг нүүдлийн гэдэг. Тухайлбал, Ханхөхий нуруунд байсан шавж тэмцлийн ажил хийгээгүйгээс мод нь хатаж идэш тэжээлгүй болоод Завхан руу нүүх эсвэл Хөвсгөлд идэж явсан шавж Булган, Сэлэнгэ руу нүүх голомт байх жишээтэй.

Мөн хил дамнаж орж ирнэ. Нөгөөтэйгүүр , эдгээр шавж үржлийн дөрвөн үе шатыг дамждаг. Өндөг, мод идэх үе буюу хүрэнцэр, хүүхэлдэй үе, эрвээхэй гэсэн. Харин шавж нь өт буюу хүрэнцэр үедээ мод иддэг. Эрвээхэй үедээ иддэггүй , эргэчин эмэгчнээ хайж ийш тийш нүүдлэдэг. Тодруулбал, эрвээхэй мод дамнаж нүүдлэдэг болохоос биш иддэггүй. Хүрэнцэр нэг модоо идэж дуусгаад дараагийн мод руу шилжиж иддэг. Мөн шүлсээрээ дамжиж хийдэг тохиолдол бий.

ЖИЛД 150-750 МЯНГАН ГА ТАЛБАЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХЭД ХОЁР САЯ ГА ТАЛБАЙГ АВАРДАГ

Монгол орны ойн сан нийт газар нутгийн 7-8 хувь эзэлдэг гэх боловч га талбайгаар тооцвол 12 сая га талбайг хамарч байна. Энэ нь бусад ойн сантай харьцуулвал том аж. Түүнчлэн нэг жилд 150-750 мянган га талбайд тэмцлийн ажил хийхэд дараа жилийн хоёр сая га талбайг урьдчилан сэргийлж хамгаална гэсэн үг. Хүрэнцэр үед нь сонгомол үйлчилгээтэй бактерын бэлдмэлээр 60 орчим хувийг нь устгадаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүрэнцэрийг устгадаг үйлчилгээтэй бэлдмэлийг цацаж тэмцдэг гэсэн үг. Эрвээрэй үед нь гэрлэн урхи тавьж тэмцдэг. Өндөгийг нь хусаж цуглуулж булж устгадаг. Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126 мянган га ойн сан доройтолд орно гэж дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.