ОРОЛЦООНЫ НИЙГЭМД ЭРХ БАРИГЧДААС ГАДНА ИРГЭД Ч ДАВХАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ

Aдмин / Нүүр

Дэлхий ертөнц дээрх нийгмийг том зургаар нь харвал оролцооны болон оролцооны бус гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Оролцооны нийгэм гэдэг нь ард түмэн олон нам, нэр дэвшигчдээс өөрт таалагдсан хүмүүс, намыг сонгон гаргаж төрөө бариулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, төрийн бүх эрх ард түмний гарт байдаг гээд байгаа чинь энэ сонголттой сонгуулийг хэлээд байгаа юм. Тэгвэл оролцооны бус гэдэг нь ганц хүн нэр дэвшүүлчихээд тэрийгээ сонгож байгаа дүр үзүүлдэг манай хуучин социализмын үеийн сонгуулийг хэлдэг. Тэд гадаад ертөнцөд харагдахдаа нээлттэй, сонгууль нь ил шударга явагдаж байгаа мэт дүр үзүүлдэг. Иргэд нь ч сонгуульдаа идэвхтэй хамрагдаж, саналаа өгөөд байгаа юм шиг сүрхий бужигнацгаана. Үнэн хэрэгтээ сонголтгүй сонгууль зохион байгуулдаг. Төрийн бодлого нь ч тийм. Цаанаас өгсөн нэрийг нь сонгохгүй бол болдоггүй.

Өөр нам, өөр хүний нэр дэвшүүлэх нь хориотой байдаг. Ийм улсууд гэвэл Хойд Солонгос, Хятад байна. Харин манайх оролцооны нийгэм. Сонгуульд нэр дэвшигчдийг эрх тэгш оролцуулж, өрсөлдүүлдэг. Бид одоо өөрсдийн сонгож, бүтээсэн нийгмээрээ явж байна. Үндсэн хуулиар баталгаажсан оролцооны эрхээ хэтэрхий давуулан биелүүлж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

Амтай болгон нь эрх баригчдаа элдвээр шүүмжилж, гоочилж байгаа. Янз бүрийн нэр хоч хүртэл зүүх нь энгийн үзэгдэл болов. Улсаа дампуурлын ирмэгт авчирч, гадаадын өр зээлэнд өгөх гэлээ гэхчлэн харааж зүхэх нь хэрээс хэтэрсэн. Энэ бүгдийн цаана бид зүв зүгээр гэмгүй шударга ард, гэмтэй нь л энэ хэдэн эрх баригчид гэх буруугаа бусдад тохох гэсэн аминч үзэл нуугдаж байдаг. Тэгвэл энэ гэмтэй хүмүүс бидний оролцоотойгоор л төр барьж байгаа шүү дээ.

Амьдрал дээр эрх баригчид бэлэн мөнгө тараангуут хамгийн түрүүнд алгаа тосон баярладаг хүмүүс нь ард түмэн өөрсдөө байдаг. Ковидын үеэр иргэн бүр 100 мянган төгрөгийн халамж хүртчихээд “Төрийн минь буян хишиг” гээд л хөл нь газар хүрэхгүй хөөрцгөөж байсан нь саяхан биш бил үү. Тэгсэн хэрнээ өнөөдөр улс орон болохгүй байна гэх юм. Энэ бол бидний л сонгосон нийгэм. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид руу хамаг анхаарлаа төвлөрүүлж, тэдэн рүү шүлсээ үсчүүлэн шүүмжилсээр байгаад өөрсдийгөө гээжээ. Энэ улс орон яагаад өсөн дэвжихгүй байгаагийн буруутанг бусдаас хайгаад нэмэргүй. Ард түмэн өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. “Би төрийнхөө дээр залсан нөхдүүдийг яах гэж сонгов оо, ингэж ажиллахыг нь мэдсэн бол хэрэггүй гаргаж. Анхнаасаа хяналттай байлгадаг байжээ” хэмээн дотроо боддог баймаар байна.

Дэлхий нийтийн чиг хандлага аливааг ухаалгаар шийддэг болоод удаж байна. Энэ жишгийн дагуу оролцооны нийгэмтэй улсууд хариуцлага хүлээхээр болбол ард түмэн ч давхар шийтгэгдэнэ гэсэн үг. Зөвхөн эрх баригчид биш улс даяараа хариуцлага үүрдэг ийм үзэгдэл бий. Хамгийн тод жишээ гэвэл Орос байна. Олон улс ялангуяа ардчилсан орнууд дайныг өдөөж, удирдсан гээд В.Путин рүү дайрч, элдэвлэн зүхэж байна. Тэгвэл энэ хүний ноёрхол Оросын ард түмний оролцоогоор бий болсон шүү дээ. Тийм ч учраас Орос орон бүхэлдээ дэлхийн хоригт орсон.

Ард түмэнд нь ч хатуу хөл хорио тавиад байгаа юм. Нөгөө талд энэ үйл явцыг “Яагаад дайн санаачилж, дэгдээсэн В.Путинд арга хэмжээ авахгүй ард түмнийг хохироож байна вэ. Жирийн иргэд ямар буруутай юм бэ. Дайн хийж байгаа нөлөө бүхий хүмүүсээ л чангална биз” гэдэг хандлага байгаа. Дээр хэлсэнчлэн оросууд өөрсдөө В.Путиныг бий болгож, оройдоо залсан оролцооны нийгэм юм. Яг үүнтэй адил бид ч хоригт орох аюултай. Тухайлбал, “Эрх баригчид гадаад бодлого дээрээ олон удаа түдгэлзсэн хариу өглөө” гэх шүүмжлэл үнэхээр байгаа онохгүй гэдгийг энд онцолмоор байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцож байхдаа “Украины ерөнхийлөгч В.Зеленскийгээр үг хэлүүлэх эсэх" санал хураалтад түдгэлзсэн санал өгөхөд манайхан баахан муулсан. Жинхэнэдээ бид л тийм санал өгч байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг бид бараг наян хувиар сонгож гаргаж ирээ биз дээ. Хэрэв эрх баригчдын үйлдэл санаанд чинь таарахгүй байгаа бол та өөрөө л буруутай.

Яагаад гэвэл энэ намыг бас Ерөнхийлөгчийг оросууд, хятадууд бидэнд томилж явуулаагүй. Бид өөрсдөө л бүх нийтээрээ уухайлан байж улсаа удирдах эрх өгсөн. Та бидний сонголтоор л энэ нам, энэ хүн Монголыг удирдаж байгаа. Тэгэхээр дэлхий нийт зөвхөн Монгол Улсын эрх баригчдыг шийтгэнэ гээд нэр цохохгүйг Оросын кейсээс харж байна. Оролцооны нийгэмтэй бид ч бас дагаад л шийтгэлээ амсаж таарна. Тэр цагт бидэнд ямар шийтгэл ирэх бол гэж бодож үзсэн үү. Хамгийн түрүүнд гадаадын аль ч улс руу виз гарахгүй. Жижигхэн эдийн засагтай манайх шиг улсад хориг арга хэмжээ тавих бол үдийн будаа идэх дайны л асуудал. Яагаад ингэнэ гэж үү. Бидний л сонгож гаргаж ирсэн эрх баригчид байгаа учраас тэр юм. Ард түмний оролцоотой нийгэм болохоор адилхан шийтгэгдэнэ.

Хэрэв бид дэлхийд гадуурхагдвал

“Хөмөрсөн тогоон доторх хуучин хүү” гэдэг л болно. Манай хоёр хөрш ямар хэрцгий, бүдүүлэг, түрэмгий билээ дээ. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө монголчуудыг хумсын толион чинээ ч бодохгүй улс. Төдийгөөс өдий хүртэл тэд биднийг яаж уландаа гишгэж ирснийг түүх нотолно. Манж Чин гүрний 200 гаруй жилийн дарлалд монголчууд яаж зовж, тарчилж, сүйрлээ. Дараа нь социализмын үзэл суртал 100 жил ноёлов. Яг ийм түүх бидэнд давтагдвал яах вэ. Хүссэн орон руугаа дур зоргоороо нисч чадахгүй. Эх орондоо эрх дураараа амьсгалахад ч бэрх байна байх. Барууны технологи, хөрөнгө оруулалтууд байхгүй болбол монгол хүн хөмөрсөн тогоон доторх шиг л тавилан ирнэ.

Эрх баригчид дэлхийн хөгжлийн эсрэг байвал бид яг адилхан зовлон үүрнэ. Тэгэхээр тэднийг сонгож гаргаж ирчихээд энэ нийгмийн хамаг бурууг зөвхөн дарга нар руу чихээд суугаад байх цаг ард хоцорсон. Иргэд оролцоогоо илүү сайжруулах хэрэгтэй байна. Сонгуулиа өгөхдөө хэнийг яаж сонгохоо ядаж л бодож үздэг байх ёстой. Дуулианаар шуурдаг тэнэглэлээ одоо зогсоомоор байна. “Надад хяналт байвал би юу хийж чадахгүй вэ” гэдгийг хүн болгон дотроо боддог байя. Улстөрчдийг яг ийм хяналттай сонгож гаргаж ирдэг болъё. Ард түмэн хэрсүү, ухаалаг байх цаг аль хэзээний ирчихсэн. Тэрний дараагийн шат хүлээгдэж байна. Гэтэл одоо хэрсүү байх тухай ярьж эхэлнэ гэдэг бол үнэхээр хоцрогджээ. Сайхан ирээдүй бүтээхэд ард түмний ухаалаг оролцоо хамгийн чухал.

Эхн сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.182.71] 2022-11-23 03:30:18

Энэ их хулгайг мэдээгүйгээр иргэд та ч гэсэн олигтойхон цалин авч амьдрах эрхээ бусдад өгөөд хохирч байна аа

Ерөнхийлөгч мань зөв шийджээ. [66.181.189.67] 2022-11-23 03:21:22

Хүрэлсүх ерөнхийлөгч саналаа ЗӨВ өгчээ. Юуны түрүүнд бидний эрх АШГИЙГ бодох хэрэгтэй. Оросоос шатахуун, тог, хоол хүнсээ таслуулахгүй бүрэн авч байвал боллоо. Тэр Украйн ч бидэнд ЯАМАЙ байнаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.