Нянгийн халдвар дэлхий дахины нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигджээ

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн хэмжээнд 2019 онд нас барсан найман хүн тутмын нэг нь нянгийн халдварын улмаас нас баржээ. Ингэснээр нянгийн халдвар нь дэлхий дахины нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигдсэн болохыг энэ талаарх дэлхийн хэмжээний анхны судалгааны дүн харуулжээ. Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн томоохон шинэ судалгаагаар дэлхийн 204 улс орон, нутаг дэвсгэр дэх 33 нийтлэг нянгийн эмгэг төрүүлэгч болон 11 төрлийн халдварын улмаас нас барсан тохиолдлуудыг судалсан байна. Үүний дүнд “COVID-19” цар тахал дэгдэхээс өмнөх жил болох 2019 онд 7.7 сая хүн буюу нийт нас барсан хүмүүсийн 13.6 хувь нь нянгийн халдварын улмаас нас барсныг тогтоожээ. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрхний шигдээс зэрэг зүрхний ишеми өвчний дараа хоёрдугаарт жагссан байна.

Судалгаанд дурдсанаар, нас барсан тохиолдлуудын тэн хагас нь 33 нянгийн ердөө тавтай нь л холбоотой байсан нь стафилококк ауреус, гэдэсний савханцар, стрептококк пневмони, клебсиелла пневмони зэрэг байна. Стафилококк ауреус нь арьс, хамарт түгээмэл илэрдэг, олон өвчнийг үүсгэдэг нян бол гэдэсний савханцар нь ихэвчлэн хоолны хордлогот халдвар үүсгэдэг.

Энэхүү судалгааг “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас санхүүжүүлдэг дэлхийн олон мянган судлаачийг хамарсан өргөн хүрээний судалгааны хөтөлбөрийн хүрээнд явуулжээ.

АНУ-д төвтэй Эрүүл мэндийн хэмжигдэхүүн, үнэлгээний хүрээлэнгийн дарга, судалгаанд оролцсон Кристофер Мюррей хэлэхдээ, дэлхийн нийтийн эрүүл мэндэд нянгийн халдвараас үүдэн тулгарч буй сорилтыг эдгээр шинэ мэдээлэл анх удаа бүрэн хэмжээгээр харуулж байна гэв. “Судалгаанаас гарсан үр дүнг дэлхийн эрүүл мэндийн санаачилгуудын анхаарлын төвд оруулах нь нэн чухал бөгөөд ингэснээр эдгээр аминд халтай эмгэг төрүүлэгчдийг нарийвчлан судалж, халдварын үзүүлэлтүүдийг бууруулахын тулд зохих хөрөнгө оруулалтыг зориулах боломж бүрдэнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Ядуу буурай, баян чинээлэг бүс нутгуудын хооронд эрс ялгаа байгаа нь мөн судалгааны дүнгээс харагдсан байна. Тухайлбал, Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад 100 мянган хүн тутамд 230 хүн нянгийн халдварын улмаас нас барж байгаа бол Баруун Европ, Хойд Америк, Австралазийн орнуудыг багтаасан “өндөр орлоготой супер бүс” гэж судалгаанд нэрлэсэн бүсэд энэ үзүүлэлт 100 мянгад 52 байна.

Судлаачид нас барагсдын тоог бууруулахын тулд шинэ вакцин зэрэгт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалсны сацуу “антибиотикийг зохисгүй хэрэглэх”-гүй байхыг сэрэмжлүүлжээ. Мөн гараа угаах нь халдвараас урьдчилан сэргийлэх нэгэн арга гэдгийг судалгаандаа дурдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.