Хаан банк бичил, ЖДБ эрхлэгчдийг дэмжихэд зориулан 130 сая ам.доллар татан төвлөрүүллээ
ХААН Банк нь Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-аас 130 сая ам.долларын урт хугацаатай санхүүжилтийг Ковид-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхээр хүлээн авлаа.
Хамтарсан санхүүжилт бүхий уг эх үүсвэрийг бичил болон жижиг, дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийг дэмжих, тэр дундаа ОУСК-ийн “Банкны салбарт хэрэгжүүлж буй эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дийлэнх хувийг зориулах юм.
ОУСК нь ХААН Банктай 2004 оноос хойш урт хугацаат санхүүжилтүүд, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд болон худалдааны санхүүжилтийн чиглэлээр идэвхтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Бичил ЖДБ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр өмнө нь ХААН Банканд олгож байсан санхүүжилтүүдээс энэ удаагийнх хамгийн өндөр дүнтэй, томоохон хэлцэл болсноороо онцлог болж байна.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Бид эдийн засгийн амин чухал хөдөлгөгч хүч болох бичил ЖДБ эрхлэгчдийг дэмжихийн сацуу эмэгтэй удирдлагатай бизнесийн байгууллагууд болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг илүү өргөн хүрээнд нэмэгдүүлэн, тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлж Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжил, банк санхүүгийн салбарын ахиц дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа таатай байна. Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа үед энэхүү урт хугацаат зээл нь манай банкны харилцагчдын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Бид ОУСК-тай хамтын ажиллагаагаа ийнхүү үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Цаашид ч Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд дахин хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэв.
Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 77 хувь, нийт ажлын байрны 72 хувийг бичил ЖДБ-үүд бүрдүүлдэг хэдий ч санхүүгийн хүртээмжийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан бизнесээ өсгөж, хөгжүүлэхэд тэдэнд саад учирч байна. “ЖДБ-ийн санхүүжилтийн чуулга уулзалт”-ын үеэр мэдээлснээр 2021 онд бичил ЖДБ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хэрэгцээ шаардлага 1.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцэж байжээ. Түүнчлэн ЖДБ эрхлэгчдийн 2/3-ыг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлдэг хэдий ч эрчүүдтэй харьцуулахад санхүүжилтийн хувьд илүү өндөр шалгууруудтай нүүр тулгардаг байна.
ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдэд Ковид-19 цар тахал, Украины дайны сөрөг нөлөө, инфляцын өсөлт, дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг дотоодын болон дэлхий нийтийг хамарсан хямрал, сорилт, хүндрэл бэрхшээлүүд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймд аж ахуйн нэгжүүд, ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ажлын байраа хадгалж үлдэх, тогтвортой амьжиргааг хангахад дэмжлэг үзүүлэх нь нэн чухал асуудал юм. ОУСК нь ХААН Банк болон бусад түншүүдтэйгээ хамтран Монгол Улсын ногоон, уян хатан, хүртээмжтэй эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд зориулж санхүүжилт хөрөнгө босгох шинэ боломжуудыг цаашид эрэлхийлсээр байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ХААН Банк 2018 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн бөгөөд банк дотооддоо баримтлах Тогтвортой хөгжлийн бодлогоо 2020 онд батлан хэрэгжүүлж ирсэн. Хүйсийн эрх тэгш байдлыг хангах буюу Тогтвортой хөгжлийн 5-р зорилтын хүрээнд ХААН Банк эмэгтэй удирдлагатай бизнесийн байгууллагууд, манлайлагчдыг дэмжих олон төрлийн зорилтот бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, шинэлэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн санхүүгийн болон санхүүгийн бус цогц үйлчилгээ санал болгож ирсэн билээ. 2021 оны байдлаар 400 эмэгтэй бизнес эрхлэгч ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан сургалт хөтөлбөрүүд, экспертийн чадавхжуулах үйлчилгээ, холбох үйлчилгээ болон бизнес консалтингийн үйлчилгээ авсан байна.
ХААН Банк 2022-2023 онд олон улсын хөгжлийн банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын сангуудаас нийт 313 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Ийнхүү томоохон урт хугацаат зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулсан нь ХААН Банкны санхүүгийн найдвартай ил тод байдал, хүчирхэг засаглал, эерэг нөлөөлөл болон зах зээлд тэргүүлэх байр суурийг илтгэж буй.
ОУСК-аас босгосон энэ удаагийн санхүүжилтэд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд боломж олгох сан (WEOF) болон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх санаачилга (We-Fi) сангаас олгодог урамшууллын хөтөлбөрүүд дэмжлэг үзүүлсэн юм. WEOF нь хөгжиж буй улс орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь үр өгөөжтэй болохыг таниулах зорилгоор ОУСК болон Goldman Sachs Foundation-ы хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. We-Fi нь хөгжиж буй улс орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэй удирдлагатай ЖДБ-үүдэд тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг арилгах, бусад холбогдох үйлчилгээг үзүүлэх зорилготой олон улсын хандивлагч талуудын санаачилсан хөтөлбөр юм.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 545 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 80 гаруй хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Мөн улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна. Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг мөн эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.
ОУСК-ийн тухай
Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй зах зээл дэх хувийн секторын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хамгийн том олон улсын хөгжлийн байгууллага юм. ОУСК нь дэлхийн 100 гаруй оронд хүрч үйл ажиллагаа явуулдаг ба санхүүжилт олгох, мэдлэг туршлага хуваалцахаас гадна хөгжиж буй улс орнуудад шинэ зах зээл, боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. 2022 онд ОУСК нь хөгжиж буй улс орнуудын хувийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад 32.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгон дэлхийн эдийн засгийн хямрал болон хэт ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ