ШҮҮГЧ НАР “ШУДАРГА ЁСНЫ ТАЛД ЗОГСОНО” ХЭМЭЭН ЕРӨНХИЙ САЙДАД МЭДЭГДЖЭЭ
Сүүлийн үед “Засаг, шүүх хоёр заамдалцлаа” гэсэн яриа нэлээд газар авлаа. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгнээс илүүтэй мэдрэгдэж байна.Тэрээр 2022 оны аравдугаар сарын 20-нд иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаад “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэжээ.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хэд хоногийн өмнө хэд хэдэн хэргийн талаар ярилцсан. Шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч иргэний хувьд яаж шийдэхийг нүд цавчихгүй харж байгаа гэсэн. Миний ойлгож байгаагаар прокуророос шүүх рүү шилжихэд ойрхон болсон гэж ойлгосон. Засгийн газар мөрдөх байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан. Тийм учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан.
2023 оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлига шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ.
Энэ мэтчилэн шүүх рүү хандсан үгийг байсхийгээд л хэлдэг болсон. Үнэхээр ч олон жил яригдсан, анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжиж байна. Хөгжлийн банкны хэрэгт гэхэд л 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Хэргийг шүүгч нарт хуваарилжээ. Удахгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарч эхлэх бололтой.
Бас Ерөнхий сайд, Ерөнхий шүүгчийн хооронд таатай бус харилцаа үүссэн талаар албан бус мэдээлэл ихээхэн яригдаж байна. Шүүхийн талаар “үг” хэлсэн Ерөнхий сайдын талаар, эсвэл хариу болгож ингэж тэгж хэллээ гэсэн цуу үг цөөнгүй бий. Гэвч эдгээр нь албан бус учрсаас баталгаагүй гэсэн үг.
Уг нь Үндсэн хуульд 2019 онд хийсэн өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны шинэчилсэн найруулгаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халсан гэж ойлгодог. Гэвч шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл, ялангуяа улс төрийн нөлөөлөл өнөө хэр нь байсаар байна уу. Ийм асуулт байна. Мөн л итгэхэд бэрх олон мэдээлэл дуулдсаар удлаа.
Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2021 оны аравдугаар сарын 18-нд Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулганд илтгэл тавихдаа “Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог telephon justice буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна” гэж байсан юм. Тэгвэл энэхүү “telephon justice”-ын дагуу одоо шүүхэд хэрэгждэг үү.
Түүнчлэн selective justice буюу ялгавартай шударга ёс хэрэгжсээр байгаа юу. Иймэрхүү эргэлзээ шүүхийн эргэн тойронд байгаа нь нууц биш. Тухайлбал, саяхан шүүхэд шилжсэн Хөгжлийн банкны хэргээс төрийн өндөр албан тушаал хашдаг этгээдийн ойрын хамааралтай хүн “чөлөөлөгдөөд” үлдсэн тухай эх сурвалжууд ярьж, бичээр байна. Энэ нь чухамдаа, тэр дурдсан selective justice юм.
Гэхдээ Монголын 600 шүүгч бүгдээрээ telephon justice дагуу шийдвэр гаргаж, selective justice тогтоодог гэвэл худлаа болно. Үүний нэг нотолгоо болох мэдээлэл өнгөрсөн долоо хоногт улс төр, хууль хяналтынхны дунд яригдлаа. Тэр нь, Ерөнхий сайдад 30 гаруй шүүгч “Улс төр, эрх мэдлийн нөлөөллөөс ангид ажиллаж, шударга ёсны талд зогсоно” хэмээн албан бусаар мэдэгдсэн гэх мэдээлэл юм. Тодруулбал, шүүгч нар Л.Оюун-Эрдэнийн яриад, хийгээд яваад байгаа “шударга ёсны тэмцэл”-ийг дэмжиж, 30 жилийн булхай луйврыг таслан зогсоохыг дэмжиж ажиллана хэмээжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.40.115] 2023-01-31 11:56:05
молиго үмхүүлж байгаа ,,,тиймээс үндсээр нь цэвэрлэ тарьсан ногооныхоо хогийн ургамлаа цэвэрлэдэг биз дээ
Зочин [202.126.90.83] 2023-01-31 09:55:22
Шүүхийнхэн юуч гэж шааж магадгүй. Авилгаар дүүрсэн бузрын оромж шиг санагддаг.
ЗОЧИН [202.126.88.125] 2023-01-31 09:26:47
Хөгийн авилгачид хуцаж байх шив дээ. Бүгдийг нь шалга Юндэндорж билүү дарга нь шүүгч хүн тэрбум төгрөгтэй байж болохгүй юу гэж хуцаж байсан даа. авгай нь соронзон гээд бас авилгач шалгагдаж байгаа
ЗОЧИН [202.126.88.125] 2023-01-31 09:22:45
ХӨДӨӨНИЙ ЗАРИМ НЬ ТИЙМ Л БАЙГАА БАЙХ АВИЛГАЧИН ШҮҮГЧДИЙН ХУВЬД ХАЛААСАН ДОТОРОО САЛААВЧ ГАРГААД ИНЭЭЖ БАЙГАА БҮГДИЙГ НЬ АЖИЛГҮЙ БОЛГОЖ СОЛИХООС НААШ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ НААД ХУЛГАЙЧУУД ЧИНЬ СУРСАН ЮМЫГ СУРААР БООДОГҮЙ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ
зочин [202.126.88.125] 2023-01-31 09:28:44
шүүгчид бол үнэхээр ялзарсан их зантай, мөнгөтэй хүний өмнө бол сөгддөг өмдөө ч тайлдаг пялдагадаж байгаад авилга вадаг хулгайчууд.
Зочин [192.82.83.88] 2023-01-30 21:25:06
Шударга шүүхтэй болбол авилга албан тушаалын хэрэг гарахгүй болно.