С.ДАВААСҮРЭН: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ДАРХЛАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг хүнд байна гэж нэлээд удаан хугацаанд ярьж ирлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа.

Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна.

-Ковидын жилүүд эдийн засагт нэлээд хүнд туссан. Одоо л сайжрах ёстой гэсэн хүлээлт нийтээрээ байгаа. Сайн мэдээ бий юү?

-Эдийн засгийн энэ хүндрэл цаг зуурынх уу, эсвэл ужгирсан уу, ковидын өмнөх үетэй харьцуулахад эдийн засаг муудсан уу, сайжрах төлөв байна уу, үгүй юү, онилсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй, эдийн засгаа хурдан сэргээе гэх мэтээр ярьж байна. Гол нь үүний цаад учир шалтгааныг олж тогтоон, өнөөдрийн нөхцөл байдал яагаад үүссэн хүчин зүйлийг шинжилж, оношоо зөв гаргаж, эдийн засагт эмчилгээ хийх нь маш чухал. Манай улсын ДНБ-ий хэлбэлзлийн 60 гаруй хувь нь дэлхийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтөөр тодорхойлогдож байна. Тэгэхээр дэлхийн зах зээл, өмнөд хойд хөршийн нөлөөлөл, эдийн засгийн үйл явц манай эдийн засагт ямар хүчтэй нөлөөлж байна вэ гэдэг нь шууд харагдаж байгаа байх. Бид ДНБ-ий хэлбэлзлийн ердөө 40 орчим хувийг л чиглүүлэх боломжтой байна. Үлдсэн 60 гаруй хувь нь биднээс хамаарахгүйгээр гадна талд шийдэгдэж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа үзүүлэлт юм.

Дэлхийн зах зээл ковидтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд маш тодорхой бус байдалтай болсон. Ер нь тодорхой байдаггүй л дээ. Гэхдээ тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байна.

-Төв банк бол инфляцийн түвшинг нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. бодит байдал бол таны хэлснээр хоёр оронтой тооноос буух шинжгүй болчихлоо. Бодлого нь буруу байна уу, бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна уу?

-Манайх инфляцийн түвшинг хэрэглээний үнийн индексээр тооцдог. Гэтэл хэрэглээний үнийн индексийн хэлбэлзлийн 50 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байна. 2024 оны эхний хагасыг дуустал дэлхий дахинаа инфляцийн түвшин буурахгүй байх төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээр инфляцийн түвшин буурахгүй байна гэдэг түүнийг бас дахиад л тэр чигээр нь манайх импортолж авна гэсэн үг.

Манайд эерэг талын прогнозууд бий. Энэ оны дунд хүрэхэд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд оруулна гэсэн хүлээлт бий. Гэхдээ бодит байдал амаргүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгд, 10 гаруй хувийн инфляцитай байна гэдэг сар тутам хүмүүсийн орлогоос 10 гаруй хувийн татвар авч байгаатай адилхан. Дээр нь 10 хувийн инфляцийн нөлөө тогтмол орлоготой хүмүүсийн орлогыг 42 хувь хүртэл бууруулсан судалгаа байна. Хүмүүс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байна гэж ярьж байгаа нь орлогод нь тийм хэмжээний хүнд цохилт өгч байна гэсэн үг. Дээр нь инфляцийн хоёр дахь нөлөө гэж бий. Инфляцийн түвшин бага зэрэг буурсан ч ужиг нь үлдэж, нөлөөлөл нь удаан хугацаанд хадгалагдах шинж чанартай. АНУ-д 1980-аад оны үед хийсэн судалгаа байдаг. Инфляци 5 хувиар өсөхөд ажилгүйдлийн түвшин 3 хувиар нэмэгдсэнтэй адил сэтгэл ханамжгүй байдал бий болсон. Өндөр инфляцитай байгаа тохиолдолд иргэд ажил хийх үү үгүй юү гэдэг сонголт хийхэд хүрдэг. Нэг ёсондоо энэ бол зөвхөн барааны үнэ өсөөд байна гэдэг ойлголт биш юм, өргөн цар хүрээтэй асуудал.

Валютын ханшийн тухайд ханш чангарахын хэрээр бий болж байгаа нэг том нөлөө бол хүмүүсийн монгол төгрөгт итгэх итгэл суларч байна. Долларжих хандлага өсөж байна. Долларжилт нэмэгдэхийн хэрээр Монголбанк Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх, бодлогын зорилтот түвшнээ хангаж ажиллах орон зай хумигдана. Энэ бол аюултай зүйл.

-Эдийн засаг яагаад ийм хүнд байдалд хүрчихэв. Хүндрэлээс гарах арга замыг судлаач мэргэжлийн хүний хувьд харж байгаа болов уу?

-Монгол Улс тэнцвэргүй, тогтворгүй, тодорхой бус эдийн засгийн төлөв рүү улам бүр яваад байна. Асуудлын зөвхөн нэг тал, ил хэсгийг хараад асуудлыг шийдчихэж чадахгүйд хүрсэн. Эдийн засагч хүний хувьд дархлааны тухай асуудлыг хөндмөөр байна. Дархлаа гэдэг бол эдийн засаг өөрөө өөрөөрөө илаарших явц юм. Хүн өөрийнхөө дархлааг хүчээр, янз бүрийн тариа хийгээд сэргээдэггүйтэй адил эдийн засагт ч гэсэн таарсан, таараагүй бодлого зарлаж хэрэгжүүлээд хүндрэлээс гарчихгүй. Тэгэхээр манай эдийн засагт тулгараад байгаа асуудал нь дархлаатай байх, дархлааг нь дэмжих явдал болоод байна. Эдийн засаг дархлаатай байх, гадна дотны нөлөөнд бага автдаг байх, эдийн засагт чиглэсэн шийдвэрүүд нь оновчтой байх, нэгэнт гаргасан шийдвэрээ сайн хэрэгжүүлдэг байх, дээр нь бүх түвшиндээ шийдвэрийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй, чадамжтай, чадвартай боловсон хүчинтэй байх гээд олон зүйлээс хамаарна.

Дархлааг сэргээхийн тулд янз бүрийн таарсан, таараагүй эм тариа хийгээд байвал сэргээх биш муутгах аюултай.Сүүлд нь ямар ч эм тариа хийгээд хүлээж авахаа болино. Эдийн засаг яг л үүнтэй адил ...

Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхай эрдэс баялгийн экспортын орлогоос шууд хамааралтай, эмзэг бүтэцтэйн дээр хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийгээгүй нь хамгийн сул тал болоод байна. Дэлхийн банкны 2020 оны тайланд Монгол Улс нь хүний хөгжил болон институцидээ уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгөхгүй бол байгалийн баялгийн хараалтай нүүр тулах эрсдэлтэйг онцолсон.

-Хүний тухай асуудлыг эдийн засгийн салбарт онцолж ярих нь бага. Сонин содон шийдэл сонсогдож байна шүү...?

-Монголчууд бид цөөхүүлээ, тиймээс монгол хүн ховор, үнэтэй капитал юм. Энэ цөөн, ховор капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. Хүний капиталыг хөгжүүлэхийн тулд хоёрхон замаар хөрөнгө оруулалт хийдэг. Тэр бол эрүүл мэнд, боловсрол. Гэтэл уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн их орхигдсон зүйл нь монгол хүн. Уул уурхайн салбараас орж ирж байгаа нэмүү өртгийн талаар шинжилгээ хийхэд 1 ам.доллар тутмаас 99 центийг зөвхөн хэрэглээнд зарцуулсан, нэг цент хүрэхгүйг нь хуримтлуулсан байгаа юм. Зүгээр л өнөөдрөө аргацаасан эдийн засагтай явж ирсэн гэсэн үг. Энэ бол хамгийн том алдаа. Цөөн хүн амтай учраас нэг хүний үнэ цэнэ маш өндөр байхад түүндээ маш бага хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ бол бидэнд дэлдэж байгаа маш том дохио. Хайхрахгүй байж хэрхэвч болохгүй.

Өнөөдрийн эдийн засагт шийдвэрийг төр гаргасан, төрийн оролцоо маш өндөр байна. Эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын 6 нь төрийн мөнгө байна. Угтаа хувийн сектор, төрийн бусад инститициуд бие даасан хараат бус байдлаар ажиллах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, чадвартай чадамжтай, өрсөлдөөнтэй ажиллах ажиллах орон зай, механизм үгүйлэгдэж байна. Эдийн засагт төрийн оролцоо маш их байна, энэ хэрээр төр данхайж байна. Энэ нь эдийн засгийн дархлаа муудаж, өвчин газар авахад нөлөөлж байна.

-Ийм муу жишгээр уруудаж байгаа улс орнуудыг бид мэднэ л дээ. Монголтой ч зүйрлэх нь бий. Гэхдээ бас ч гэж тэдний араас орчихоогүй байх гэсэн найдвар бий шүү...?

-Дорнбуш нарын макро эдийн засагчид 1990-ээд онд Латин Америкийн орнуудын популизмын үе шатыг шинжилж судалсан байдаг. Тэдний судалгаагаар нийгэмд тэгш бус байдал өндөр болоод ирэхээр нийгмийн бухимдал нэмэгддэг. Нийгмийн бухимдлыг багасгахын тулд төсвөө нэмье, халамжаараа намжаая гээд мөнгө тараадаг. Богино хугацаанд харахаар өсөлт гараад байгаа юм шиг, түүнийг харсан хүмүүс “Энэ Засгийн газар сайн ажиллаж байна” гэдэг. Өнгөрсөн хугацаанд манай улсын төсөв тэлээд л байсан. 2017 онд 7 их наяд төгрөг байсан бол зургаан жил хүрэхгүй хугацаанд гурав дахин өсчихлөө. Гэтэл манай эдийн засагт чадамж, бүтээмж, потенциал нь өссөн үү гэвэл үгүй. Ерөөсөө түр зуурын эмчилгээ,олон нийтээс дэмжлэг хүлээхийн тулд төсвөө тэлсээр ирсэн. Төсөв тэлэхийн хэрээр нийт нийлүүлэлт нэмэгдсэн. Энэ нь инфляцийн түвшин өсөхөд нөлөөлсөн. Хэрэглэгчийн итгэлийн судалгааны дүнгээс харахад инфляци өснө гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байна. Бид Латин Америкийн орнууд шиг амаргүй чөтгөрийн тойрогт эргэлдэж эхэллээ, тийм шинж тэмдэг ажиглагдах боллоо. Энэ тойрогт орсон улс орон 30-40 жил болдог гэсэн тооцоо байна.

-Гарцыг та тодорхой нэрлээч?

-Иргэдийн хүлээлтийг эерэг болгох хэрэгтэй. Ингэхдээ өмнөх зүйлээ хийж дуусаагүй мөртлөө шинэ шинэ юм барьж аваад байвал иргэдийн хүлээлт эсрэгээрээ улам сөрөг болно. Дээр нь бодит байдлыг гаргахдаа хэтэрхий их өнгө будаг холимооргүй байгаа юм. Бүр их дордчихсон юм шиг, эсвэл бүр гоё байгаа юм шиг харагдуулахыг хичээх шаардлагагүй. Бидний өнөөдөр амьдарч байгаа чинь агуулга. Агуулга дээрээ тогтохоос биш хэтэрхий хэлбэр дагамааргүй байна. Хэлбэрдсээр байгаад агуулга нь гүйцэхээ болилоо.

Тиймээс ялангуяа төрийн албанд мэдэхгүй зүйлээ хийх гэж оролдох хэрэггүй. Хамгийн сайн мэддэг зүйлээ хиймээр байна. Юм хийсэн юм шиг харагдах гэж хичээхээ болих хэрэгтэй.Эсрэгээрээ хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хамгийн сайнаар хийх тэр боломж, сонголтыг хүмүүст өгөхийн төлөө байх хэрэгтэй. Сингапурын ерөнхий Сайд асан Ли Куан Югийн үгийг би эшлэх дуртай. Нэгэн цагт маш ядуу байсан эдийн засаг өнөөдөр дэлхийн хамгийн баян үндэстэн болсон улс. Тэрээр үндэстнийхээ хөгжлийн нууцын ярихдаа хүндээ хөрөнгө оруулалт хийж, төрийн албанд хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулсан гэж хэлсэн байдаг. Юу хийхээ яг таг мэддэг, түүнийгээ хамгийн сайнаар хийдэг байж бид урагшаа хөгжинө.

-Та өмнө нь Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байсан. Таны үед банк бус санхүүгийн байгууллагын бодлого нэлээд чангарч, сайжирсныг мэднэ. Энэ салбар манайд илүү сайн хөгжих ёстой, засаглал сайтай байх ёстой. Тухайлбал, үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, олон нийтэд нээлттэй байхаас эхлээд засаглал сайжирна гэж ойлгож байгаа?

-Тийм ээ. Ил тод, нээлттэй байдал компанийн засаглалд маш чухал. ББСБ жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа төвийн хэвлэлүүд дээр нийтэлж, олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулиар хүлээдэг. Энэ нь аудит хийсэн байгууллагын өөрийнх нь ч нэр хүндийн асуудал. ББСБ-ын үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах хэлбэр. Цаашлаад ББСБ-ын өөрийнх нь чадавх нь ямар байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь тэдний засаглал, ил тод байдал, өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Энэ утгаараа жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ мэдээллийг гаргахдаа олон нийтэд хамгийн ойлгомжтой, санхүүгийн наад захын мэдлэгтэй хүн ойлгохоор харагдахуйц стандартаар нийтлэх жишиг олон улсад байдаг.

-Ярилцлагын төгсгөлд саяхан хүртсэн шагналын талаар тодруулъя. Олон улсын даатгалын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлсэн байсан. Сонирхолтой санагдсан л даа...?

-2018-2020 оны хооронд Азийн хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх зохицуулалттай байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар хоёр удаа сонгогдож ажилласан юм. Тус байгууллагаас сүүлийн 10 жилийн хугацаанд Азийн зарим улсуудад хэрэгжүүлсэн даатгалын бодлого, хөтөлбөр амжилттай болсныг онцлоод өнгөрсөн 10 сард Филиппинд болсон арга хэмжээний үеэр хүндэт өргөмжлөлөөр шагнасан. Германы хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг нь Азийн хөгжлийн банктай хамтраад Азид ядуу буурай иргэдийг даатгалд хамруулах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Ази тивд 200 сая бага орлоготой, ядуу иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлэхэд хувь нэмэр оруулсан. Одоо ингээд харахад дөрөв, таван жилийн өмнө хийсэн ажил маань байсан. Хамгийн олзуурхууштай нь аль нэг цаг үед хүний хийсэн, бүтээснийг дэлхий дахинаа үнэлж байдаг юм байна гэж мэдэрсэн. Тийм учраас миний хувьд нэр хүндийн шагнал байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ажил овоолж овоолж амьтан залхаагч байсан [202.131.230.251] 2024-02-22 11:36:43

одоо яагаад сүрхий болчоов, ажил хийдэггүй онол яриад ч чаддаггүй гар шүү

60 тэрбум [66.181.161.124] 2023-02-04 19:59:56

М.Энхболдын үеэл дүү СЗХ нд хэсэг байхдаа даатгал, үнэт цаас, ббсб -г самарсандаа

Зочин [202.131.230.251] 2024-02-22 11:33:58

яг үнэн шүү, ажил хийдэггүй Багшилдаг доктор ухаанай хүн шүү дэ, одоо нэг сүрхий ярилцлагууд өгөөд яваад байгаа нь инээдтэй шүү чи

Зочин [166.205.159.121] 2023-02-03 23:52:18

Жхаантай сайхан бүсгүй шүү

Зочин [166.205.159.121] 2023-02-03 23:52:49

Ухаантай , сайхан бүсгүй

зочин [64.119.24.223] 2023-02-03 14:33:53

Даатгал даварч хэт ашгийн хойноос хөөцөлдөх болжээ.

ЗОЧИН [202.126.89.45] 2023-02-03 09:33:46

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ АВИЛГАЛ ХҮНД СУРТАЛ ГЭДЭГ ЦАР ТАХАЛ ХҮНДЭЭР ТУСААД ТЭР НЬ УРХАГ ИХТЭЙ БАЙНА ҮҮНИЙГ ШУУДАРГА ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ГЭДЭГ БАКЦИНЫГ БАГА НАСНААС НЬ СУУЛГАЖ ДАРХЛААЖУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ӨВЧИН ЭДГЭХГҮЙ. ТЭР БОЛТОЛ БАС ХУГАЦАА БАЙНА ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН СИСТЕМД ЭНЭ ҮЗЭЛ САНААГ ГҮНЗГИЙ СУУЛГАЖ ӨГӨХ СУРГАЛТЫН СИСТЕМ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

дипломтой багш [43.228.129.25] 2023-02-03 08:29:54

Маш зөв санаанудыг гаргаж хэлжээ. Чаддаг хүмүүсийн хийх ажлын хийлгэх хэрэгтэй байна. Хэлбэрээсээ салах цаг нь ирсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ийм эрдэмтэн хүмүүсээ чаддаг ажлын хийлгэх, үгийн сонсох хэрэгтэй шүүдээ эрхэм Ерөнхий сайдаа. Мэдэхгүй салбараа мэддэг юм шиг ярьдаг, мэдсэн ч зоригтой тууштай хийж чадахгуй хулчгар дарга нараасаа салаачээ. Монгол Банкийн удирдлагуудыг бүрэн багаар нь өөрчлөх хэрэгтэй байна. Энэ доктор эмэгэтэй шиг бодит үнэнийг нуулгүй хэлчих, хийсэн ажилтай, хийж чадах хүнийг Монгол Банкны удирдлагын багт оруулах хэрэгтэй байна гэж дүгнэлээ багш нь


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.