ЭМЭЭЛТ ЗАХАД НООЛУУР 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Зүүн аймгийн малчид тарга тэвээрэг сайтай ямаагаа сорчилж самнаад зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Энэ хаврын ноолуур Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас зах зээлд нийлүүлэгдэж эхэлснийг “Эмээлт” захын ченжүүд хэлж байна. Тус бүс нутагт мал нэг их ядралгүй онд орсонтой холбоотойгоор эхний ноолуур зүүн аймгуудаас нийлүүлэгдэж байгаа гэнэ. Дорнод аймагт л гэхэд өчигдрийн байдлаар ноолуурын ханш 100 мянган төгрөгийн ханштай байна. Гэхдээ энэ нь шинэ ноолуур гэнэ. Жил өнжсөн нь 80-90 мянган төгрөгийн ханштай байна.

Харин Хэнтий аймгийн хойд сумдад ноолуур авч буй ченжүүдтэй холбогдоход кг ноолуурыг 130-135 мянган төгрөгөөр байгаа талаараа хэлж байв. Сүхбаатар аймагт кг ноолуурыг мөн л 135 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Харин говийн аймгуудад ноолуур хараахан гараагүй байгааг ченжүүд хэллээ. Үүнийг говийн бүс нутагт гандуу зуны араас хүйтэн өвөл залгаж мал ядруу онд орсонтой холбож байна. Малчдын зүгээс нэгээс хоёр жил өнжсөн ноолуураа борлуулж байгааг ченжүүд хэлж байлаа. Өнжсөн ноолуурын ханш говьд чанараасаа хамаараад 90-95 мянган төгрөг байна. Одоогоор ноолуурын олдоц ховор байгааг ченжүүд хэлж байлаа. Дөрөвдүгээр сарын эхээр ноолуурын үнэ илүү өсөх прогнозтой байгааг ченжүүдийн зарим нь онцлов.

А.Болдбаатар: Малчид ноолуураа үйлдвэрүүдэд нийлүүлэх гээд дараад байна

Эмээлт захын зарим ченжүүд ноолуур сураглаад эхэлжээ. Ноолуурын ченж А.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эмээлт захад ноолуурын ханш ямар байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар шинэ ноолуур Эмээлт захад 110 мянган төгрөгийн ханштай байгаа. Одоогоор ноолуурын олдоц ховор байна. Жил өнжсөн ноолуур л мэр сэр ирж байгаа харагдах юм. Бусдаар шинэ ноолуур алга. Цаг хүйтэн байгаатай холбоотойгоор малчид ямаагаа самнах арай болоогүй байна. Зүүн аймгуудад эхний ноолуур гарч байх шиг байна.

-Өнжсөн ноолуурыг та бүхэн ямар ханшаар худалдаж авч байна вэ?

-Хог багатай ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч байгаа. Өнжсөн ноолуур хог ихтэй орж ирдэг. Тодорхой хэмжээнд чанар нь алдагдана л гэсэн үг.

-Зүүн бүсийн зарим аймгуудад малчид ямаагаа самнаад эхэлсэн байна шүү дээ. Ховор ирж байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?

-Дөрөвдүгээр сар гарахаар олдоц нэмэгдэх болов уу гэж харж байна. Ченжүүдийн зарим нь малчдын гар дээрээс ноолуур авдаг болсон. Малчдын зарим нь ноолуурыг шууд үйлдвэрт тушаах сонирхолтой байдаг. Мөн үнэ өсөхийг хүлээгээд дарж байж ч болно. Ченжүүд ноолуурын үнэ унагаж байна гэх түгээмэл ойлголт малчдад бий. Бидний тухайд тогтоосон ханшаар нь л авдаг. Урд ноолуур ямар байна, тухайн үнээс л бага зэрэг доогуур авдаг.

Ченжүүдийн зүгээс ноолуурын олдоц тун ховор, хаа нэг өнжсөн ноолуур орж байгааг хэлж байна. Жил өнжсөн ноолуур нь хог ихтэй байгааг онцолж байв. Цас багатай жилийн ноолуур хог ихтэй, бохир гардгийг ч ченжүүд ярилаа. Хогтой бохир ноолуурыг цааш нь борлуулахад асуудалтай гэдгийг тэд онцолсон. Харин малчдын зүгээс ноолуураа ченжүүд бус үйлдвэрүүдэд шууд нийлүүлэх сонирхолтой байгаа аж. Дотоодын үйлдвэрийн төлөөлөгчид ч малчдын хотоор яваад л газар дээрээс нь авдаг болсон гэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.132] 2023-03-17 15:10:26

Эмээлт, бол, үнэндээ, Хятадын, зах, Монгол,, дүртэй, нэртэй, хятадуудын, газар Эмээлт, Монголын, эдийн, засагын, хорлож, байгаа, газ,ар, олон, жил, хорлолоо, Тэд, дураараа, үнэ, нэмэж, ирэж, унгаж, байгаа, НЬ, үндсний, үүлдвэрийг, зогсоож, байгаа, юм

Зочин [66.181.180.132] 2023-03-17 15:02:19

Ноолууран, Жаргалсайханд, өгч, дотоодын, үүлдвэр эзэн, дэмжэж, өрийг, НЬ, төлүүлий, гадагш, НЬ, гаргахаа, болий, Малчид, нэгдэн, шууд, үүлдвэр, НЬ, авчирч, өгий, Жаргалсайхан, , ашигтай, ажилбал, ашиг, хүртээх, хэрэгтэй, гэрээ, хий, малчдаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.