Брайл үсгийн тусгай төхөөрөмжөөр ном уншдаг, сонсдог номын сан

Aдмин / Боловсрол

Улаанбаатар хотын номын сан харааны бэрхшээлтэй иргэдийн ном уншлага /сонсдог/-ын танхимтай. Энэ танхимд 2004 оноос CD болон кассетан дээр бичигдсэн сонсдог номоор хэрэглэгчдэд үйлчилж эхэлжээ. Том номыг бүлэг хэсгээр нь уншуулахад маш их цаг ордог учраас сонсдог номыг 10, 10 минутаар бичлэг хийж харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, мэдлэг түгээдэг байжээ. Тус номын сан энэ танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Билл Гейтсийн сангаас олон улсад зарладаг “Нийтийн номын сан" төслийн уралдаанд хамтарч оролцох саналыг 2010 онд М.Цэнгэлд тавьжээ. Тэрбээр тухайн үед Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд /МХҮХ/ ажиллаж байсан байна.

Технологийн дэвшлийг номын сангийн үйлчилгээндээ нэвтрүүлэх төслийг тэд хамтран боловсруулжээ. Тэдний төсөл уралдаанд оролцсон 300 гаруй төслийн эхний 12-ын нэг болж шалгарчээ. Энэ төсөл 2010 оны 8 дугаар сараас 2011 оны 8 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаатай хэрэгжиж, “daisy” (мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авах) номын сан цахим /ярьдаг/ ном бүтээх студитэй болсон аж. Тэнд бүтээсэн цахим номоо 116 дугаар сургууль, зарим /ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой/ аймгийн номын сан, төвд түгээх боломжтой болсон байна. Түүнээс хойш энэ төвд хөгжүүлэлтийн мэргэжилтнээр М.Цэнгэл ажиллах болжээ.

“DAISY“ ном гэдэг нь харааны бэрхшээлтэй иргэдэд ном хүргэх олон улсын стандарт юм байна. Тодруулбал, CD, кассет дээр бичсэн номыг шууд сонсдог. Тэгвэл олон улсын стандартын дагуу бүтээсэн уг номыг уншихад тухайн номын 23 дугаар хуудсыг харах хэрэгтэй болно гэж үзвэл түүн дээрээ очиж болдог. Улмаар тэр 23 дугаар хуудаснаас 55 дугаар хуудас руу шилжих боломжтой. Мөн цахим номын гарчиг дотор хайлт хийнэ. Технологийн энэ шийдэл нь CD, кассет дээр буулгасан сонсдог номоос энэ мэт олон давуу талтай. Энэ технологийг хараагүй хүн яг хэвлэмэл ном уншиж байгаатай зүйрлэн ойлгож болно.

Энэ мэтчилэн сонсож мэдээлэл авах, боловсролоо дээшлүүлэх хэлбэр дээр маш олон шийдэл гараад иржээ. Тухайлбал, олон улсын стандартаар цахим ном бүтээж байна. Компьютерийн ярьдаг программ, компьютер, гар утсан дээр брайл үсгээр сонсож бичдэг төхөөрөмж гарсан байна. Улаанбаатар хотын нийтийн номын сангийн хараагүй иргэдийн уншлагын танхим өнөөдөр дээрх төрөл, хэлбэрээр номын сангийн үйлчилгээ үзүүлж байна. Уншигч, сонсогч оюутан залуус ердийн номыг өөрийн хэрэгцээнд ашиглахын тулд тухайн номыг энэ танхимд барьж ирэн хувилуулж тусгай программ, төхөөрөмжид оруулан брайл үсгийн ном болгон уншдаг, сонсдог гэж тус уншлагын танхимын номын санч Оюунбаяр ярилаа.

Улаанбаатар хотын нийтийн номын санд байгаа энэ онцлог бусад номын санд одоохондоо нээгдээгүй байна. Энэ бол тус номын сангийн онцлог, сайн үзүүлэлт болжээ. Тиймээс "Брайл үсгийн тусгай төхөөрөмжөөр ном уншдаг, сонсдог бичил номын сан" гэх болсон байна.

Уншлагын энэ танхим 20 хүний суудалтай, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компьютертой, сул хараатай хүмүүст зориулсан үсэг тодруулдаг Си Си ТV дэлгэцтэй, брайл үсгээр хэвлэгдсэн номын тавиуртай. Брайл үсгээр хэвлэгдсэн шинжлэх ухааны болон уран зохиолын 300 гаруй төрлийн 6000 гаруй ном, цахим /ярьдаг/ номоор сан хөмрөгөө бүрдүүлжээ. Монгол улсын хувьд брайл үсгийн ном хэвлэх төхөөрөмж МХҮХ-ны мэдэлд ганцхан байдаг. Ийм үсгээр хэвлэсэн номыг жишиж үзвэл ердийн номын нэг хуудас брайл үсгийн номын 4 хуудас болдог онцлогтой. Тэр хэмжээгээр өртөг өндөр гардаг байх юм.

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар “Монгол брайл бичгийн стандарт”-ыг баталсан байна. Ингэснээр “Монгол брайл бичгийн стандарт”-тай болсноор хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бусдын адил тэгш оролцох эрхийг нь хамгаалах нөхцөл бүрдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заажээ.

Улаанбаатар хотын номын сан, тэр дундаа дээрх уншлагын танхим харааны бэрхшээлтэй иргэд ном уншихаас гадна шинэ технологид суралцдаг газар болон өөрчлөгджээ. Энэ талаар тус номын сангийн хүртээмжтэй технологийн хөгжүүлэлтийн мэргэжилтэн М.Цэнгэл “Манай төвд ирээд сургалтад хамрагдах боломжтой. Энд ирсэн хараагүй хүмүүс хүртээмжтэй технологийн өрөөнд гар утсан дээрээ программ суулгах үйлчилгээ авдаг. Хүртээмжтэй технологи гэдэгт гар утас, компьютер, цахим брайл төхөөрөмж багтана. Тухайн хүн техник, технологи эзэмших ямар төвшний мэдээлэл авах хүсэлт гаргана, тэр дагуу заавар, зөвлөгөө өгнө. Энд суурилагдсан 6 компьютер дээр сургалт явуулдаг. Сургалтыг хэрэглэгчийн хүсэлтээр явуулна” гэж ярьсан юм.

М.Цэнгэл харааны бэрхшээлтэй. Тэрбээр тусгай 29 /116/ дүгээр сургуулийг төгссөн. Англи хэл, компьютерийг бие дааж сурсан. Малайз улсад 2007 онд Ази, Номхон далайн орнуудын харааны бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах компьютер, технологийн сургалтад хамрагдаж ирээд, МХХҮТ-д компьютерийн багшаар ажиллажээ. Тайланд улсад 2009 онд “DAISY“ ном бүтээх олон улсын стандартын сургалтад хамрагдсан чадварлаг мэргэжилтэн юм байна.

Брайл үсгийн ном уншдаг, цахим ном сонсдог энэ танхимд одоогоор брайл үсэг рүү хөрвүүлдэг 2 тусгай төхөөрөмж, компьютерийн ярьдаг 8 төхөөрөмж суурилуулжээ. Харааны бэрхшээлтэй иргэн тэмтрэх, сонсох гэсэн хоёр хэлбэрээр мэдээлэл авах боломжтой. Харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах, сурч боловсроход нийтийн номын сангийн иж бүрэн үйлчилгээг тэнд үзүүлж байна.

Гар утсан дээр тусгай төхөөрөмжийг bluetooth-ээр холбоод суулгахад энгийн ном брайл үсэгт хөрвөх боломжтой. Харин ийм төрлийн тусгай төхөөрөмж өндөр өртөгтэй байдаг тул харааны бэрхшээлтэй иргэн бүрд ийм бололцоо тэр болгон байдаггүй бололтой.

Жирийн хүмүүс сүүлийн үеийн технологийн ололтуудыг ашигладаг. Тэр бүхнийг харааны бэрхшээлтэй иргэд төрөлх хэл дээрээ хүлээн авах, ашиглах боломжтой болжээ. Улсын хэмжээнд 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй хүн байдаг. Түүний 3000 нь Улаанбаатарт амьдардаг гэсэн тоо баримт байна. Тэд эндээс нийтийн номын сангийн үйлчилгээ авч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.