“NASA” Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх сансрын нисгэгчдээ танилцуулна
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ирэх онд Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх гурван америк, нэг канад сансрын нисгэгчийнхээ нэрсийг даваа гарагт буюу өнөөдөр зарлана. 2024 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр товлоод байгаа “Artemis” хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг жолоодлогот хөлгөөр Сарыг тойрон ниссэнийхээ дараа эх дэлхийдээ эргэн ирэх юм.
АНУ-ын Сансрын агентлаг “Artemis” хөтөлбөрийнхөө хүрээнд “Apollo” хөлөг нь 1972 онд манай гаргийн дагуул дээр газардсан түүхэн үйл явдлаас 50 гаруй жилийн дараа Сар луу сансрын нисгэгчдээ дахин илгээхийг зорьж байгаа юм. Энэ нислэг 2025 онд болно.
“NASA” Саран дээр анхны эмэгтэй, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаас гадна Сарны гадаргуу дээр хүн удаан хугацаагаар байрлах нөхцөлийг бүрдүүлж, улмаар Ангараг гараг руу аялахыг зорьж байгаа билээ.
“NASA”-гийн тэргүүн Билл Нельсон өнгөрсөн долоо хоногт “Axios” цахим хуудаснаас зохион байгуулдаг “What's Next Summit” үйл ажиллагаанд оролцох үеэрээ, Ангараг руу 2040 он гэхэд сансрын нисгэгчдээ илгээхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. “Artemis II”-ын 10 хоногийн нислэгээр “NASA”-гийн хүчирхэг “Space Launch System” пуужин болон “Orion” сансрын хөлгийн бүхээгийн системүүдийг шалгах ажээ. “Artemis” хөтөлбөрийн эхний үе шат нь “Orion” хөлөг Сарны тойрог замд 25 өдрийн турш ажилласны эцэст өнгөрсөн 12 дугаар сард эх дэлхийдээ амжилттай эргэн ирснээр дууссан юм.
Сэтгэгдэл