Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД 1.5 САЯ АМ.ДОЛЛАРООР "ГАРАА УГААГААГҮЙ" Л ЮМ БОЛ ТАЙЛАНГАА НЭЭЛТТЭЙ ТАВЬ
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан, спортын мастер Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-МХБХ-ны үйл ажиллагааны талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ. Анзаарахад санхүүгийн асуудал дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа харагдах юм?
-Холбооны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэллээ. Тамирчдадаа цалинг нь тавьж чадахгүй дээрээ тулж ирээд байна л даа.
Монголын хөлбөмбөгийн холбоо бол хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилт авдаг.
Жилд л ийм хэмжээний санхүүжилт авдаг байгууллага одоохондоо Монголд байхгүй болов уу. Монголын хөлбөмбөгийг холбоо энэ их санхүүжилтээ хэрхэн захиран зарцуулж байгаа нь бүрхэг. Хөл бөмбөгийн хөгжүүлэхийн төлөө явж байгаа хэдхэн мэргэжлийн клубийн үйл ажиллагаа зогсоход ойрхон байна.
-Тайлангаа жил бүр гаргадаг байлгүй дээ. Та танилцсан биз дээ. Яг ямар асуудал байна вэ?
-Танилцалгүй яах вэ. Хөлбөмбөгийн холбоонд ойролцоогоор 8-10 тэрбум төгрөг эргэлддэг. Үүгээр юу хийж байгаа нь тодорхой биш. Тайлантай нь танилцахад үндэсний шигшээ багт гээд л ерөнхий төсөв зоосон байдаг. Хэдэн төгрөгийг юу юунд зарцуулсан тухай баримт нь байхгүй. Ерөнхий юмнуудыг л тоочсон байгаа юм. Уул нь шилэн данстай байгууллага гэж өөрсдийгөө нэрлэдэг ч бүх үйл ажиллагаа, төсөв санхүү нь нууцлагдмал. Энэ талаар дуугарч байгаа хүн алга.
Эрх ашиг нь зөрчигдөж байгаа тамирчдын дуу хоолой хэрэгтэй байгаа ч айгаад байдаг юм уу, шүүмжилж байгаа хүн алга. Ийм хэмжээний төсвөөр ямар ч хүн хэдхэн хөлбөмбөгчнийг дэмжээд хөгжүүлээд аваад явчхаж болмоор л харагдах юм. Гэтэл шигшээ багт данстай гэх тамирчид бараг цалингүй шахам явсаар өнөөдрийг хүрлээ. Гол асуудал нь санхүүжилтийн тайлан нь тодорхой бус байна.
-Шигшээ багийн бэлтгэлийн бааз шинээр ашиглалтад орлоо. Зүлгээ сольж байна. Гэх мэтчилэнгээр ажил яваад л байх шиг?
-Үнэн. Гэхдээ таны дурдаж байгаа ажил бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээс тусдаа асуудал. Дээрх ажил бол төсөл хөтөлбөрийн хүрээнд боссон бүтээн байгуулалт. Миний тухайд шүүмжлэлтэй ханддаг асуудал нь Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд менежер хийж чадахгүй байна. Тамирчдаа хөгжүүлэх, үзэгч татах ажил дээр хуруугаа хөдөлгөхгүй байна л даа.
Сагсны дээд лигийн тэмцээнийг та анзаарсан бол олон улсын жишигт нийцсэн ордонд дүүрэн үзэгчид цуглаад л үзэж байна. Үзэгчээ дагаад сагсан бөмбөгийн спорт ч хөгжсөн. 3x3 төрлөөр Азийн аварга боллоо. Стандарт төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход ганц алхам л үлдсэн. Үндсэндээ сагсан бөмбөг үсрэнгүй хөгжсөн.
Гэтэл хөлбөмбөгийн байгаа байдал үнэхээр эмгэнэлтэй. Хэдэн жилийн өмнөх байрнаасаа огт хөдөлсөнгүй. Уул нь гаднаас хамгийн өндөр санхүүжилт авч байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоо. Тэр их санхүүжилт хаашаа урсчихдаг юм бүү мэд. Миний харж байгаагаар сагсан бөмбөгийн холбоог сагсан бөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс удирдаж хөгжилд хөтөлж байна.
Нөгөө талаар маркетинг маш сайн хийх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын хэлж байгаагаар бол лигийн тамирчид нэг улиралд л 200-250 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Хажууд нь хөлбөмбөгчдийнх ичмээр шүү. Шигшээ багийн тамирчид зөвхөн цугларалтад гарч байх хугацаандаа сая орчим төгрөгийн л цалин авдаг. Зөвхөн цугларалтад гарсан хугацаандаа л тэр шүү.
Сагсчдын хажууд тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Өнөөдрийн удирдлагууд, Л.Ганбаатар ерөнхийлөгч үүнийг хараад ичих хэрэгтэй. Хөлбөмбөгийн хүрээллийн хүмүүсийн яриагаар бол энэ хүн 11 сая төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ах л гэхэд 7.5 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд тамирчид ямар цалин авч байгааг дээр дурдсан. Хөлбөмбөгийг хөгжүүлж чадахгүй бол чадах хүнд нь хүлээлгэж өгөх хэрэгтэй байх. А.Ганбаатар гэдэг хүн аль эрт л хөлбөмбөгийн холбоонд байсан. Хийсэн ажлын үр дүн алга.
-Энэ хүнийг хөлбөмбөгийн холбоонд байгаад байгаа шалтгааныг та яаж харж байна вэ. Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтэд учир байна уу?
-Тэр их хэмжээний санхүүжилтийн зарлагын тайланг ил тод, мэдээлэхгүй байна. Үүнээс үзвэл тэр их төсөвт л учир байх шиг. Санхүүжилтийн тайлан дээр анхаарал татсан нэг асуудал нь 21 аймгийн хөлбөмбөгийн холбоонд тус бүрд нь сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар тэмдэглэсэн байна. Хөлбөмбөгийн хурал болоход аймаг тус бүрээс хоёр хүн оролцож санал өгөх эрхтэй. Дээрх сая төгрөг хахууль юм уу, юу юм бэ.
Орон нутагт хөлбөмбөг хөгжиж байгаа нь хаана байна. Гэтэл энд мэргэжлийн клуб нь дампуурч байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг энэ мэтээр л үр ашиггүй зарцуулж, энэ спортыг үрэн таран хийж байна. Энэ бүхнээс харахад хөлбөмбөгт сэтгэлгүй хүнийрхүү хүмүүс холбооны удирдлага хийгээд төсвөөр нь гараа угаагаад ч байгаа юм шиг.
Ийм л хардлага надад төрж байна. Миний зүгээс шаардаж байгаа асуудал нь санхүүжилтийн тайлангаа ил тод нээлттэй байлгах явдал.
-Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн клубүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгодог биз дээ?
-Яг бодит зүйлийг би мэдэхгүй. 2021 онд хөлбөмбөгийн клубүүдэд хоёр тэрбум хоёр зуун наян гурван сая төгрөгийг олгосон тухай тайландаа тусгасан байсан. Үүнийг яг олгосон уу, үнэхээр олгосон бол клубүүд яагаад дампуурах дээрээ тулчхав. Клубүүдэд олгосон дээрх санхүүжилт маань 2023 онд буураад 200 сая төгрөг болчихсон явж байгаа юм. Яагаад ийм эсрэг тэсрэг байна вэ.
Дээрх санхүүжилтийг ямар клубт олгосон, юунд зарцуулсан зэрэг нь тодорхой биш. Үүний ард холбооны төсвийг угааж байх магадлал байгаа биз. Зарим хүмүүс хөлбөмбөгийн холбооны удирдлагын албан тушаалыг бялуу гэж хараад байх шиг.
-Тодруулахгүй юу?
-Монголын хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгчийн нэр аль хэдийнээ тодорхой болсныг хөлбөмбөгийн хүрээнийхэн бүгд ярьж байна л даа. М.Болд гэж хүн болох тохироо нь хийгдсэн юм байна. Энэ хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн. Улс төрийн хамааралтай энэ хүн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулагдах төсөвт бас шунаад байна уу.
Өмнөх удирдлага авлигын асуудалд ороод шившгээ хутгаж л байсан. Бурхан болсон хүний нэрийг энд онцлоод яах вэ. Гэхдээ тухайн хүний нэр хүнд өнөөдөр ямар байгаа билээ. Өнөөдрийн удирдлагууд түүхийг нь давтахыг хүсэхгүй л бол хөгжлийн төлөө жаахан сэтгэл гаргаад л ажилламаар байна.
Санхүүжилтээ идэж уугаагүй л юм бол ил тод нээлттэй болго. А.Ганбаатар ерөнхийлөгч бол ардчилал, ил тод байдал. хүний эрх ярьдаг хүн. Эхлээд та хөлбөмбөгийн холбоогоо шилэн болго. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн тамирчдыгаа боож хаахаа болих хэрэгтэй. Асуудлаа ил тод нээлттэй ярилцаад цааш алхвал илүү үр дүнд хүрнэ гэж харж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Монголд анхнаасаа замбараатай үүсгэж, хулгайгүй явах хэрэгтэй. Уг нь . [103.57.93.119] 2023-04-19 12:15:03
Монголын хөл бөмбөг гэж утга муутай зүйл. Хятадад хөл бөмбөг нь авилгалын уурхай болоод байна гэсэн. Иймд уг сэжигийн дагуу төрөөс хөл бөмбөгийн багууд болон төв байгууллагад нь Аудитын шалгалт оруулж сөрөг зүйлийг арилгах гэж байна саяхан мэдээлж байсан. Монголд ч гэсэн энэ орчныг шалгах юм бол авилгал, хээл хахууль, завшиж хулгайлсан зүйл олон гарч ирэх байх. Хөл бөмбөгчийн залуус гэж нэг зүйл, харин хөл бөмбөгөөс амьдралаа залгуулж байгаа хүмүүс гэж нөгөө том бүлэг манайд бий болждээ. Шалга, шалга!
Зочин [202.70.37.160] 2023-04-19 10:42:19
Mangar batsaan hutsada bai
зочин [202.21.100.210] 2023-04-19 07:53:58
Хөл бөмбөгийн хөгжил хоцрогджээ бусад холбоогоо харж үлгэр дуурайлал авдаггүй юм байх даа Манайд багийн спортын хөгжил өөрчлөгдөж байгаа шүү УДИРДЛАГУУДАА