Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан бөхчүүд Европ, Ази тивийн аваргууд боллоо
Өнөө цагийн чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт аваргуудын халз барилдаанд Туркийн Таха Акгуль мөнхийн өрсөлдөгч Гүржийн Гено Петриашвилиг өчигдөр 9:4-өөр илүүрхэн яллаа. Туркийн бөх Таха Акгулийн хувьд Загребын дэвжээнээс Европын аварга шалгаруулах тэмцээний 10 дахь алтан медалиа гардсан нь энэ. Өөрөөр хэлбэл, Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан, дэлхийн чансааны 1, 2 номерын бөхчүүд болох Туркийн Таха, Монголын М.Лхагвагэрэл нар 2023 оны Европ, Ази тивийн 125 кг жингийн аваргууд боллоо.
М.Лхагвагэрэлийн хувьд энэ сарын 14-нд Ази тивийн аварга болсон бол, Таха Акгуль энэ сарын 19-нд Европ тивийнхээ аварга цолыг хүртэв. Алдарт Таха Европын аваргад нийт 11 удаа оролцохдоо 10-т нь түрүүлээд байна.
Ганцхан 2016 онд Ригагийн дэвжээнд Генод эхний даваанд 8:8-аар ялагдсаны дараа бэртлийн улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байсан юм.
Түүний ЕАШТ-ий бүх түрүү:
"Белград-2012" - 120 кг
"Тбилиси-2013" - 120 кг
"Вантаа-2014" - 120 кг
"Баку-2015" Европын наадам - 125 кг
"Нови-Сад-2017" - 125 кг
"Каспийск-2018" - 125 кг
"Бухарест-2019" - 125 кг
"Варшав-2021" - 125 кг
"Будапешт-2022" - 125 кг
"Загреб-2023" - 125 кг
Сэтгэгдэл
Зочин [64.119.17.69] 2023-04-26 00:27:55
Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг биз, Лхагвагэрэлийн хэр шарласан нь олимпоор л харагдана даа, саяын ААШТ бол чанар энэ тэр жаахан тиймхэн л болох шиг, ийм тэмцээнд түрүүлэхийг бурхангүй газар бумба галзуурах гэж хэлэхэд болох байх оо