Судлаач Ганаа: Гэрийн даалгавар: Хэрэгтэй, хэрэггүй
Манайхан гэрийн даалгавар хэрэгтэй, хэрэггүй талаар маргалдаад олон жил болж байна. Гэхдээ аль алийг нь хьцуулсан, харшуулсан үндэслэл бараг үгүй. Би саяхан гэрийн даалгаврын сайн мууг харьцуулан жишсэн материал олов. Маш чухал материал учраас түүнийгээ орос хэлнээс орчуулан хүргэж байна…
Гэрийн даалгавар өгөх практикийг хэвээр нь үлдээх үү, эсвэл бүрэн халах уу?
Гэрийн даалгаврын сайн тал
Гэрийн даалгаврын зорилго нь хичээл дээр үзсэн сэдвийг давтах, бататгах, түүнчлэн мэдлэгээ хэрэглэх практик дадлыг төлөвшүүлэх явдал байдаг. Учир нь практикаар бататгаагүй онол үр ашиг муутай. Нэлээд тохиолдолд хичээлийн үеэр багшийн бүрэн зааж амжаагүй сэдвийг бие даан судлах хэрэгтэй болдог.
1.Үзсэн материалыг бататгадаг. Хэрэв сурагч өөрөө давтахгүй бол хичээл дээр үзсэн мэдээллийн 50-70%-ийг мартдаг гэж арга зүйчид баталдаг.Энэ асуудал ялангуяа бага ангид бүр хурцаар илэрдэг. Хэрэв сурагч гэртээ хичээлээ давтахгүй бол сэдэв болгоныг үзэж судлах хугацаа ихээхэн нэмэгдэх ба энэ нь уламжлалт сургалтын нөхцөлд, хичээлийн цагийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан боломжгүй юм.
2.Гэрийн даалгавар сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг. Умард Каролиний Их Сургуулийн “High School Journal” хэмээх академик сэтгүүлд энэ тадлаар явуулсан судалгааныхаа дүнг нийтэлжээ. Гэрийн даалгавар хийхэд өдөр бүр 30 – 90 минут зарцуулдаг сурагчид математикийн шалгалт дээр даалгавар хийдэггүй сурагчдаас ихээхэн давуу үнэлгээ авсан байна. Үнэлгээний ялгаа ойролцоогоор 40 балл байжээ.
Иймэрхүү судалгааг Хөдөлмөрийг судлах Төв (IZA) бас хийжээ. Сурагчдын ачаалал ихсэх тусам сурлагын амжилтын дундаж үнэлгээ мөн адил нэмэгддэг зүй тогтлыг нээжээ.
3.Эцэг эхчүүдийг сургалтын үйл явцад оролцуулдаг. Гэрийн даалгавар нь эцэг эхчүүдийг хүүхдийнхээ сургалтын үйл явцад оролцоход хүргэдэг. Тухайлбал, сургалтын хөтөлбөрт (программ) ямар ямар сэдвүүд орсон, хүүхэд сэдвийг хэр зэрэг эзэмшсэн, түүнд тусламж хэрэгтэй эсэхийг мэдэж авдаг.
4.Мэдлэгийг хянадаг. Сурагчдын гэртээ хийсэн ажлаар нь багш нарт тухайн сурагч материалыг (сэдвээ) эзэмшсэн түвшинг үнэлж дүгнэх боломж олгодог.
5.Өөрийн зохион байгуулалттай болгоно. Гэрийн даалгавар бие даан биелүүлэх нь бие даан ажиллах дадал зуршлыг бий болгодог гэж сэтгэл зүйчид үздэг.Гэрийн даалгавар насанд хүрсэн үед зайлшгүй хэрэг болдог өөрийн зохион байгуулалтад сургадаг. Энэ үед сурагчид юмны дэс дарааг олох, өөрийнхөө цагийг хуваарилах, мэдээлэл хайх, шүүмжлэлт сэтгэлгээ, олон өгөгдлөөс гол чухлыг нь ялгаж олох дадал туршлага олж авдаг. Ийм дадалтай болсон сурагчид ажиллах дадал туршлага суугаагүй сурагчдыг бодвол ирээдүйд амжилт олох илүү их боломж олж авдаг.
Гэрийн даалгаврын өөр давуу талууд:
-Сурагч бүр мэдээллийг сонсголоороо хүлээн авч чаддаггүй.
-Зарим хүүхэд багшаасаа ойлгоогүй зүйлээ лавлаж асуухаас ичиж зовдог.
-Нэлээд багш нар ангид яаж хандахаа мэддэггүй, хэрэв хичээл дуу шуугиан ихтэй, сахилга бат тааруу бол хичээлийг хэвийн заах боломжгүй болж, хичээлийн цаг хоосон өнгөрдөг.
Эдгээр бүх тохиолдолд сурах бичгээс бие даан суралцах, гэрийн даалгавар хийх нь мэдлэг эзэмших боломж олгоно.
Гэрийн даалгаврын муу тал
Орост гэрийн даалгавар хийхийн сайн муу талтай холбоотой нухацтай судалгаа хийгээгүй байна. Гэхдээ бид гадаад сурвалжаас зарим мэдээлэл олж авав.
1.Гэрийн даалгаврын мэдлэг эзэмших чанарт нөлөөлөх шууд нотолгоо байхгүй. Гэрийн даалгавар сурлагын амжилтад үзүүлэх нөлөө байхгүй талаар Купер, Ж.С. Робинсон, Э.А. Паталл нар 2006 онд гарсан “Does Homework Improve Academic Arhievement” бүтээлдээ дурдсан.
2.Стресс-хүчин зүйл (фактор). 2009 онд Канадад “The Researchers Ate the Nomework Perspectives of Teachers” судалгаа явуулжээ. Сурагчдын үндсэн хэсэг гэрийн даалгавраас болж өндөр түвшний стресст ордог гэдгийг илрүүлсэн байна. Мөн энэ баримтыг дунд сургуулийн багш нарын 45% зөвшөөрчээ.
3.Гэр бүлийн дотоод харилцаа. Гэр бүлийн дотоод харилцаанд гэрийн даалгавар сөрөг нөлөө үзүүлдгийг судлаачид тэмдэглэдэг.Ойр дотныхоо хүмүүстэй хэвийн харилцах цаг хугацаа сурагчдад үлддэггүй. Гэрийн даалгавар хийх нь ээлжит саад тотгор болон хувирдаг. 1998 онд явуулсан судалгаагаар эцэг эхчүүдийн 50% нь гэрийн даалгавраас болж хүүхэдтэйгээ муудалцдаг (энэ асуудлыг Э. Краловец, Ж. Буэлл нар сонирхон судалсан) гэж хэлсэн байна. Сурагчид тавтай амрах, спортоор хичээллэх, найз нартайгаа харилцах цаг зав үлддэггүй.
4.Хэт ачаалал. “Хүүхдийн Эрүүл мэндийн Эрдэм шинжилгээний Төв”-ийн мэдээллээр ахлах сургуулийн сурагчдын өдөр тутмын нийлбэр ачаалал 10-13 цаг болж байна. Сурагчид сурах ажилдаа долоо хоног бүр 50-65 цаг зарцуулж байгаа нь эцэг эхийнх нь ажлын цагаас даруй 10-25 цагаар илүү гарч байна. Хэт ачааллаас болоод сурагчид зарим гэрийн даалгаврыг хийдэггүй, эсвэл сонирхсон хичээлийнхээ даалгаврыг л хийдэг, эсвэл зүгээр л хуулдаг аж.
5.Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Гэрийн даалгавар хийх, өгөгдсөн материалыг судлахад хариуцлагатай ханддаг сурагчид мэдээллийн хэт илүүдлээс болж дутуу унтах, бие эвгүйцэхэд (толгой өвдөх, гэдэс өвдөх, ядарч сульдах г.м) хүрдэг.
Сургуулиас өгсөн гэрийн даалгаврын сайн талууд нь боломжит муу талуудаасаа илүү гардаг. Учир нь мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахгүйгээр, практикт хэрэглэхгүйгээр баттай эзэмшиж чаддаггүй. Уламжлалт сургуулийн боловсролын үйлчилгээний түвшин хийгээд чанар олон эцэг эхчүүдийн санаанд хүрдэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зайны сургалт их ач холбогдолтой болж байна.
Гэрийн даалгаврын норм
ОХУ-ын Гэгээрлийн Яам 1999 онд гэрийн даалгавар хийхэд шаардагдах цаг хугацааны нормыг баталсан. Энэ нормоор бол 1 дүгээр ангийн баагийнууд гэрийн даалгаваргүй “зугаацаж” болно. Харин 2-3-р ангид 1,5 цагийн, 4-5-р ангид 2 цаг, 6-8-р ангид 2,5 цаг, 9-11-р ангид 3,5 цагийн гэрийн даалгаврын норм тогтоож өгчээ. Гэвч зовлон гарч иржээ:
-Практик дээр энэ нормыг бараг мөрддөггүй.
-Үзэх хичээл олон, багш бүр өөрийнхөө хичээлээр нормд “тулсан” буюу давсан даалгавар өгөхийг хичээдэг.
-Сургалтын программ нэн шахуу байдаг. Тогтсон хугацаанд бүх сэдвийг багтааж заахын тулд багш нар сурагчдыг гэрийн даалгавраар ачаалж эхэлдэг.
-Хичээл болгоныг заах хугацаа хязгаарлагдмал, иймээс бүх хичээлийг 45 минутад багтаан зааж амждаггүй, хичээлийн үлдсэн хэсгийг бие даан сурахад зориулж үлдээдэг.
Үүний дүнд сурагчид нормд заасан хугацаанаа илүү цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг. Сүүлийн үед олон төрлийн зайны сургалт бий болов. Үүнийг өвөрмөц маягийн “сайн дурын” гэрийн даалгавар гэж нэрлэж болно. Сургуулийг гэрийн даалгавраар дарлаа гэж загначихаад хүүхдээ элдэв төрлийн зайны сургалтад хамруулах нь гэрийн даалгавраар ачаалснаас төдийлөн их ялгаагүй. Ингээд Та бид харьцуулан үзэх, бодох сэтгэх материалтай боллоо. Энэ нь тийм ч амархан асуудал биш. Одоо миний дүгнэлтийг асууна гэдгийг чинь мэдэж байна. Би “эрдэм номын” буюу шинжлэх ухааны хүн учраас өөрийгөө албадах болон бусдаар (багшаар) албадуулахгүйгээр ямар ч хүн эрдэм сурах боломжгүй гэж үздэг. Заавал гэрийн даалгавар гэсэн ганцхан хэлбэр байх албагүй. Сургуульд үзсэнээ бие даан бататгах, нэмж эрдэм сурах өөр өч төчнөөн арга хэрэгсэл бий. Иймээс би гэрийн даалгаврыг дэмждэг. Харин гэрийн даалгавар ямар хэмжээнд байвал зохистой талаар саналаа жич хэлж болох юм. Сурах бол өвөрмөц төрлийн хөдөлмөр юм. Хөдөлмөр (гэрийн даалгавар) хийхгүйгээр амжилт олох ямар ч боломжгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/ блог
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.18] 2023-04-29 20:28:08
Hereggui
Зочин [202.126.88.140] 2023-04-28 17:56:23
Гэрийн даалгавар хэрэгтэй.Ямарч сайн багш гэсэн мэдлэг бүрэн олгож чадахгүй. 40минут гэдэг мэпээлэл дамжуулах төдий хугацаа шүү! Тийм учраас гэрийн даалгавар гэдэг нь өгсөн мэдээллийг мэдлэг цаашлаад чадвар, дадал болгох процесс юм .Харин багш болгон даалгавраа хэтрүүлж тооцоогүй өгдөгт буруу нь бна..Багш таны өгсөн даалгаврыг суралцагч 20-30 минутаас илүүгүй хугацаа зарцуулахаар төлөвлөвөл хүндрэл үүсэхгүй.
Irgen [149.62.236.238] 2023-04-28 16:02:26
6хан настай хүүхдэд гэрийн даалгавар гд л бөөн юм өгдөг,больмоор юм,сурах сонирхолгүй,хичээлдээ явах дургүй болоод стресдээд бн.Бас Х тэй бодлого,эр эгшиг,эм эгшиг 6хан настай хүүхдүүдэд заадаг,Бага ангийн хүүхэдэд даалгавар өгөхгүй байвал зүгээр бн.
Зочин [124.158.109.175] 2023-04-28 12:14:01
Сургуулийн юм сургана гэдэг гол зорилго даалгавартай хобоотой. Даалгавар өгөхгүй байж болно, нийгэм тэр хэрээр хар масс болно гэсэн үг,
Иргэн [202.126.90.103] 2023-04-28 09:33:42
Багшаа муулаад байгаа хүмүүс өөрсдөө багш болооч ажил амархан олдоно шүү. Бараг бүх сургуульд орон тоо байна. Ялангуяа бага ангийн багш
Erdenechimeg [203.91.115.50] 2023-04-27 19:20:37
Gerin daalgawar nas,setgehui,medlegin tuwshind tohirson baiwal zugeer l de.Bagsh daalgawar ugsun bol shalgaj hewshih heregtei.Shalgahgui bol daalgawar uguhin hereggui.Dur esheh shaardlagagui gej bodoj bn
Иргэн [149.62.204.186] 2023-04-27 14:27:44
Бага ангийн хүүхдэд ялангуяа ёстой хэрэггүй,
Иргэн [103.26.195.12] 2023-04-27 13:18:26
Тодорхой хэмжээнд даалгаврыг өгөх хэрэгтэй. Харин манай багш нарын өгдөг шиг муйхар хар даалгавар бол хэрэг байхгүй. Ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Багш гэхэд хэцүү хүмүүс олон байна шүү.
Зочин [202.131.235.198] 2023-04-27 12:15:47
Хөдөлмөр хийхгүйгээр амжилт олох боломжгүй. Гэрийн даалгавар байх л ёстой. Үзсэн хичээлээ бататгах цаашид амжилт гарахад нөлөөлдөг
Зочин [202.21.108.19] 2023-04-27 12:15:18
Shiidehed amarhan l asuudal bna. Geriin daalgavar ugdug baiy. Durtai ni hiigeed nemelt dun avdag baig. Durgui ni hiihgui l ireg. Very simple.