ГЕГ: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллараар өсжээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.
Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Монгол Улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна.
Экспорт:
Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллараар буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2,2 тэрбум ам доллар буюу 95,1 хувиар өссөн өсөлт шууд нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88,7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67,9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна. 2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өссөн байна.
Чулуун нүүрсний хувьд эхний 4 сарын байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу 5.0 дахин өссөн байна. Тухайлбал Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу 5 дахин өссөн, Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн, Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.
Зэсийн баяжмалын хувьд эхний 4 сарын байдлаар 483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу 3,0 хувиар өссөн байна.
Импорт:
Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.
Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын гол бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе. 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ш суудлын автомашин, 5712 ш ачааны автомашин импортлогдсон байна. Мөн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна.
Эх сурвалж: ГЕГ
Сэтгэгдэл