Д.МОНГОЛХҮҮГИЙН ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: МОНГОЛ УЛС АЛБАН ЁСООР УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛТОЙ БОЛСОН

Aдмин / Хууль

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэний төлөө ял шийтгүүлж шоронд хоригдоод байгаа иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Юуны өмнө иргэн Д.Монголхүүд зорчих эрх хязгаарлах эрүүгийн ял шийтгэсэн хэргийн талаар тодруулмаар байна?

-Иргэн Д.Монголхүүг Монгол Улсын жирийн иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөгөө эдэлсэний хариуд цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн баривчилсан. Д.Монголхүүгийн хувийн өмч, жагсаал цуглаанд ашиглах гэж байсан хүүхдийн хувцсыг цагдаагийн байгууллагаас хурааж, хувийн өмчид халдаж, хууль бус шаардлага тавьж, улмаар биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулан баривчилсан. Гэтэл Д.Монголхүүг хохироосон цагдаа нарын талаарх гомдлыг огт хэрэгсэхгүй атлаа хариуцлага хүлээх үндэслэлтэй хууль сахиулагчид нь эсрэгээр хохирогчийн дүр эсгэж улмаар шүүхээс Д.Монголхүүг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үндэслэлгүй ял шийтгэн, нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Энэ үйл явдлыг бид бүгдээрээ харсан, ямартай ч Д.Монголхүү нь цагдаа нарын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нь зөв үйлдэл юм, харин цагдаа нарыг илт эсэргүүцэж идэвхитэй довтолсон үйлдэл гаргаагүй. Цагдаа нарт ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.

-Үүний дараа цагдаагийн албаны нэр хүнд иргэдийн дунд их унасан санагдаж байна?

-Тийм, Монголын зургаан цагдаа Д.Монголхүү гэх ганц хүнд зодуулсан хэмээн хүн үнэмшимгүй хэрэг зохиогдож улмаар хохирсон гэх цагдаа нар нь нэрэлхээд шүүх хуралдаа ирээгүй

Цагдаагийн албаны нэр хүндээр шал арчсан үйл явдал болсон, үнэндээ бол Д.Монголхүүд зодуулсан үйл явдал болоогүй, хүч хэрэглээд албадаад аваад явсан байдаг.

-Ингэхэд шүүхээс нэг жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялд Д.Монголхүү яаж хандаж байв?

-Хэдийгээр шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үздэг ч нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс өөр сонголтгүй. Д.Монголхүү өөрөө дабль стандартыг эсэргүүцдэг тул хууль адилхан үйлчлэх ёстой гэж шүүхийн шийдвэрийг хүндэтгэн зохих ёсоор хэрэгжүүлж байсан.

-Ямар үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон бэ?

-Д.Монголхүү нь зорчих эрхээ хязгаарлуулсан хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй. Түүний хувьд 2020 онд гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт мэс засалд орж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж эдгэсэн байсан хэдий ч цагдаа нарын хүч хэрэглэсэн баривчилгааны үеэр хуучин гэмтэл нь сэдэрсэн.

Ингээд прокурорын зөвшөөрлөөр гэмтлийн эмнэлэгт үзүүлээд буцахдаа зам товчлон зорчсоныг зориуд буруутган буруу гудамжаар зорчсон зөрчил гаргасан гэж үзсэн. Ер нь эмнэлгийн үйлчилгээ авахад анхнаасаа нарийвчилсан маршрут тогтоох үндэслэл шаардлага байхгүй. Жишээ нь, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авбал прокурорын маршрутаар түргэний тэргийг зорчих ёстой гэж тулгаж болохгүйтэй адилхан. Д.Монголхүү нь прокурорын зөвшөөрөлд заасан хугацаанд зөвхөн гэмтлийн эмнэлэг болон гэр гэсэн хоёр үндсэн чиглэлд л зорчсон.

орчих маршрутыг нарийвчлан тогтоох үндэслэл нь хохирогч гэрчийг дарамтлах, дахин гэмт хэрэг үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Эрүүл мэндийн шалтгаанаар буюу өвдсөн зовсоныг далимдуулан маршрут зөрчсөн гэж үзэх нь хуулийн үндэслэлгүй төдийгүй хүн ёсны хувьд ч байж боломгүй бусармаг явдал юм.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Монголхүүг гэмтлийн эмнэлэгт очоогүй гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн санагдаж байна...

-Энэ бол цэвэр гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулахыг даалгах, худал мэдээлэл болохыг тогтоолгох, мөн хариуцлагагүй мэдэгдэл гаргасан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах шаардлагыг удахгүй шүүхэд гаргах болно. Зөвхөн Д.Монголхүүгийн талаар худал мэдээлэл цацаад зогсохгүй шийдвэр гүйцэтгэгчид Гэмтлийн эмнэлэг ороогүй гэх хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний ноцтой үйлдэл юм. Д.Монголхүү нь Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан гэрчтэй, мөн түүнтэй уулзсан Гэмтлийн их эмчийн албан ёсны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс зөвхөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуурамч баримтыг үнэлж, хэт нэг талыг баримтлан Д.Монголхүүгийн ялыг сольсонд гомдолтой байгаа. Сансрын хиймэл дагуулын систем GPS-ийн технологиор хянаж байдаг цахим гавны маршрутаас зөвхөн Гэмтлийн эмнэлэгт очсон хэсэг нь алга болсон гэх хүн үнэмшимгүй тайлбарыг жишим ч үгүй шүүхэд гаргасан.

-Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан нь бас нэгэн зөрчил болсон тул хорих ялаар сольсон гэж шүүхийн мэдээнд дурдсан байсан?

-Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан хэдхэн цагийн хугацааг ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар зорчих эрхийг хорих ялаар сольсон нь үндэслэлгүй юм. Учир нь цахим гав бол зөвхөн зорчих эрх хязгаарлах ялыг техникийн тусламжтай хянах хэрэгсэл болохоос цахим гавны цэнэг дуусах гэдэг зөрчил байхгүй. Цэнэг дуусах нь хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй. Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан байх хугацаанд Баянзүрх дүүргээс гарахгүй байхыг даалгасан үндсэн зорчих эрх хязгаарлах ялыг зохих ёсоор хэрэгжүүлж байсан тул ямар ч зөрчил яригдахгүй.

Цахилгаан төхөөрөмжийн хувьд цэнэг хураах боломж маш муу буюу дээд тал нь зургаан цаг тутамд дуусдаг байсан. Иймд техникийн шаардлага стандарт хангахгүй цахим гавнаас шалтгаалан эрүүгийн хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулах нь илэрхий үндэслэлгүй юм. Бүтэн 24 цаг цэнэгээ барьдаг гар утасны цэнэг дуусч унтрах нь амьдралд хэвийн үзэгдэл шүү дээ. Цаг тутам цахим гавны цэнэг дуусч байна уу гээд нүд цавчихгүй ажиглаад суух боломжгүй, амьдрал баян тул ажил амьдралтай хэний ч хувьд санамсаргүй цэнэг дуусахыг анзаарахгүй өнгөрөөж болно. Хамгийн гол нь шүүхээс ногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг зохих ёсоор Баянзүрх дүүргээс гарахгүй хэрэгжүүлж байсан нь нотлогддог, дүүрэгтээ байх хугацаанд цахим гавны цэнэг хэд дуусч, хэд цэнэглэх нь ердийн үйл явдал тул үүнээс болж хүнийг буруутгаж болохгүй.

-Таны ярианаас үзэхэд Д.Монголхүүгээс шалтгаалах нөхцөл байдал үүсээгүй юм байна гэж ойлголоо?

-Яг тийм. Иргэн Д.Монголхүүгийн тухайд зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, ял эдлүүлэх ажиллагаанд зориуд саад учруулах үйлдлийг нэг ч удаа гаргаж байгаагүй болохыг цохон тэмдэглэмээр байна. Харамсалтай нь шүүхээс түүний энэ хувийн байдлыг огт харгалзан үзсэнгүй. Ганцхан удаа прокурорын урьдчилсан зөвшөөрлөөр дүүргээсээ гарч эмнэлэг ороход нь хүртэл зөрчилд холбогдуулах нь хүний ёсонд нийцэхгүй. Өвдсөн зовсон, эмнэлэг орох хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан хаана хэзээ хазгай гишгэх вэ гээд ул шагайж хөөцөлдөх хуулийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн мэдрэмж огт алга. Цахим гавны тухайд ч эвдэж гэмтээх, оролдох үйлдэл огт гаргаагүй төдийгүй цэнэглээд зөрчлийг нь газар дээр нь арилгаад ойлголцоод л явсан байдаг.

-Д.Монголхүүгийн кэйс Монгол Улсыг улс төрийн хоригдолтой болгосон гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна шүү дээ?

-Олон улсад үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө хоригдсон хүнийг улс төрийн хоригдол гэж нэрлэдэг. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө шоронд хоригдсон нь Монгол Улс албан ёсоор улс төрийн хоригдолтой болсоныг илтгэж байна. Учир нь өөр нэмж тохсон хэрэг алга. Энэ бол зөвхөн Д.Монголхүүгийн асуудал биш. Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө албан ёсоор шоронд хоригдоод байна шүү дээ. ОХУ-ын иргэн А.Навальныйг шоронд хорьсонтой ижил үйл явц Монгол Улсад өрнөж байна. Иргэн Д.Монголхүүгийн гэр бүлийн зүгээс энэ бүх мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллага, ардчилсан бүх улсын элчин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа ийм хууль бус, бусармаг хэлмэгдүүлэлтийг хавтгайруулахгүйн тул олон улсад хүний эрхийн шүгэл үлээх цаг нэгэнт болсон байна.

-Иргэн Д.Монголхүү нь зайлшгүй шоронд хоригдох хэмжээний гэмт хэрэгтэн биш баймаар юм?

-Тийм ээ, Д.Монголхүү бол нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагатай хүнд гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд аюултай этгээд огт биш гэдгийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Зайлшгүй засан хүмүүжүүлэх шаардлагатай этгээд ч биш юм. Олон нийтийн эрх ашгийн төлөө дабль стандартыг эсэргүүцсэн, мөн Монгол Улсын ардчиллын нүүр царай болж дайныг эсэргүүцсэн эгэл жирийн иргэн, дөрвөн хүүхдийн эцэг хүн өнөөдөр шоронд хоригдож байгаа нь ардчилсан Монгол Улсын хувьд эмгэнэл юм даа.


Сэтгэгдэл

С.Отгонбаяр [203.91.115.51] 2023-05-09 22:28:11

Эх сурвалжаа бичээч ээ!!!

Зочин [43.242.242.59] 2023-05-09 12:45:55

Эрх чөлөөгөө эдлэн гэдэг чинь дураараа танхай авирлахын нэр биш ээ. Монголхүү гэх танхай нөхрийг зорчих эрх хязгаарлах ялаа зөрчиж өөр газар явсных нь төлөө хуулийн дагуу хорих ял болгосон. Хуулиа л баримтлана шүү дээ. АН-ын гишүүн юм байна гээд хууль завшуулах болж байна уу. Ингэж ч өмгөөлдөггүй байхаа.

Т1т [139.5.216.40] 2023-05-08 14:00:03

Үкцэн ацны улстөр ... Нэг муу дурак л байсан шд.. Бас хэзээдээ улстөр болчихов

зочин [202.126.89.139] 2023-05-08 11:27:30

Энэ өмгөөлөгч гэж гятад царайтай хулгайч бүү хуцмой мх нэртэй хужаад өгсөн ял багадсан байна

зочин [202.126.89.139] 2023-05-08 11:25:10

ГАРААД ҮЗЧИЙ ХУВЦАСАА ТАЙЛ ГЭХ МЭТЭЭР НИЙГЭМД ЯМАР ҮЛГЭР ҮЗҮҮЛЖ ТАНХАЙРДАГ НӨХӨР БИЛЭЭ ДЭЭ ЮУН УЛС ТӨР ВЭ ТЭНЭГТЭЭРЭЙ ТАНХАЙ ХУЛГАЙЧИД ХАРИН ЯЛЫГ НЬ БАГАДУУЛСАН БАЙНА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.