Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс урьтаж баталсан хуулиуд
Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө хоёр хуулийн төслийг шуурхайлан батлав. Энэ нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиуд байв. Уг нь дээрх хоёр хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн түүнийг болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг хулгайн хууль оруулж ирлээ хэмээн шүүмжилж байсан удаатай. Гэсэн ч УИХ хуулийн төслүүдийг яаравчлан баталлаа. Хуульд оруулсан онцлох өөрчлөлтөөс хүргэе.
1. 2000 оны тавдугаар сарын 5-ны өдөр Аялал жуулчлалын тухай хууль батлагдаж байв. Түүнээс 23 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Шинэ хуулиар аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулах асуудлыг тусгаад байна. Мөн ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгчээ. Аялал жуулчлалын сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаагаад байна. Тус хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хамгийн их шүүмжлэл дагуулсан заалт нь 3.2 дахь заалт юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.2 дахь заалтыг дэмжихгүй байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм. Энэ иргэдэд асуудал болно. Аялал жуулчлалаа хөгжүүлье гээд яриад байна. Гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Өмнө нь хулгайгаар шахуу орсон хууль. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй” гэж байв.
2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг ёсчлон батлав. Уг хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлснийг парламент үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 онд 193 дугаар захирамжаараа хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүд ажилласан юм. Ажлын хэсэг Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан гэдэг. Хуульд ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд: Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, Төрийн албанаас халах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх, Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх гэж тусгасан байна. Мөн хууль батлагдсанаар ТАЗ-өөс дагалдаж журам гаргах бөгөөд журамд, төрийн албан хаагчдад ёс зүй, хувцаслалт, зан харилцааны шаардлагыг нарийн тусгахаар болсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл