Үндсэн хуулийн өөрчлөлтөөс “гээгдсэн” хүний эрх
Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, парламент хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар гишүүд томилолт авч, өөрчлөлтийн төслийг тойргийнхондоо танилцуулж яваа. Тэгэхээр эцэг хуульд өөрчлөлт оруулах нь ердөө л цаг хугацааны асуудал болов.
Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу ердөө нэг жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин энэ удаа хоёр өөрчлөлт хийхээр УИХ-д танилцууллаа. Үндсэн хуулийн Цэцийн 01 болон 02 дугаар тогтоолыг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөхийг зорьж байна. Цаашид Монгол Улс УИХ-ын 152 гишүүнтэй байж түүнийхээ 50 хувийг мажоритор, 50 хувийг пропорциональ тогтолцоогоор сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулна.
Тэгвэл анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулахдаа гурван гол өөрчлөлтийг тусгаад байв. Гэвч төрийн тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд үлдэж, хүний эрхтэй холбоотой заалт гээгдсэнийг энд тэмдэглэх нь зүйтэй. Тодруулбал, Хүний үндсэн эрхийг хангахтай холбоотой асуудлыг хянах, хүний үндсэн эрхийн зөрчлийн асуудлыг хянах чиг үүргийг Үндсэн хуулийн Цэцэд хамаатуулахаар зааж оруулж ирсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэж өөрчлөхөөр хуулийн төсөл явж байв. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хүний эрхтэй холбоотой заалт гээгдсэн нь жаахан харамсмаар л юм. Уг нь төслийг анх Засгийн газраас бүлэгт танилцуулахад л энэ заалтыг оруулж, намын бүлэг ч дэмжсэн.
Энэ талаар тухайн үед бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал бол манай намаас дэвшүүлж буй нэг том зорилт юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй хүний эрхийн чиглэлээрх хүний үндсэн эрхийг хангах төслүүдийг бүлгээс бүрэн дэмжинэ” гэж байв. Мөн АН-аас Үндсэн хуулийн төсөлд саналаа хүргүүлэхдээ “Үндсэн хуульд заасан иргэний эрх чөлөөг хамгаалдаг, шууд үйлчилдэг эрх зүй болгодог, гудамжинд хаана ч гэсэн иргэний эрх чөлөөг хязгаарлаж байгаа зөрчиж байгаа бол Цэцэд гомдол гаргаж Ерөнхий сайд, ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар хайрцаглагдах биш иргэдээс санал авдаг бүхий л албан тушаалтнуудад Үндсэн хууль байдгийг сануулах тогтолцоог хийж өгөхгүй бол иргэний эрх чөлөө 1992 оноос хойш цаасан дээр үлдсэн. Тиймээс энэ чиглэл рүү зоригтой алхам хийх ёстой” гэсэн санал хүргүүлсэн. Гэвч хууль санаачлагчид хүний эрхийн асуудал дээр хэлсэн шигээ амлалтаа биелүүлж зоригтой алхам хийж чадсангүй. Гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах төрийн тогтолцооны асуудлуудаа л Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө багтааж, авч үлдэн хэлэлцэж эхэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.205] 2023-05-11 09:12:27
ҮХНӨЦ-Р ПАРЛАМЕНТЫГ 2 ТАНХИМТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ХУЛГАЙЧУУДАД ХЯНАЛТТАЙ БОЛНО ТҮҮНЭЭС ХУЛГАЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ