М.Эрдэнэ-Очир: Гүйж эхэлснээр илүү тэвчээртэй болсон
Гүйлтийн тамирчин М.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрбээр 20 хоногийн хугацаанд Говь-Алтай аймаг руу 1000 км замыг туулж хэт холын гүйлт хийхээр өчигдөр Сүхбаатарын талбайгаас замдаа гарсан юм.
-Залуу үеэ төлөөлж хэт холын зайн гүйлт хийхээр барианаас гарах гэж байна. Энэ тухайгаа яриагаа эхэлье?
-Цэргийн албанаас халагдсанаас хойш чөлөөт цагаараа гүйлтээр хичээллэж амьдралынхаа салшгүй нэг хэвшил болгосон. Ажилдаа дандаа гүйж очдог.
Гүйж эхэлснээс хойш тэсвэр хатуужил, найз нөхдийн хүрээлэл гээд олон эерэг өөрчлөлт гарсан. Тиймээс залуучууддаа эерэг үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс өөртөө зорилго тавьж, гэр бүл, ажлынхаа хамт олон маань дэмжсэний үндсэн дээр 1000 км замыг туулахаар болсон.
Засмалын хэт холын марафон гүйлтийг сурталчлах зорилгоор тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын нэгэн хүртэл гүйх зорилго тавьсан. Өмнө 1700 км замд 35-аас дээш насны хүмүүс хэт холын марафон гүйлт хийсэн байдаг. Монголд 30-аас доош насны хэт холын зайд гүйсэн тамирчин одоогоор байхгүй. Тиймээс өөртөө зорилго тавьж төрөлх нутаг Говь-Алтай аймаг руу гүйхээр болсон. Өдрийн 50-70 км гүйхээр төлөвлөсөн. Хэрэв 50 км –аас доош бол зайн марафон гүйлт болдог.
-Холын зайд гүйхэд бэлтгэл чухал. Бэлтгэлээ хэрхэн базаав?
-Манай ажил 08:00 цагт эхлээд 19:00 цагт тардаг. Тиймээс бэлтгэлээ өглөө, оройдоо ээлжлээд хийсэн. Амралтын өдрөө холын гүйлтээ хийдэг. Мөн өмнө хэт холын зайд гүйсэн тамирчдаас туршлага хуваалцаж, мэдээллээ зургаан сар боловсруулсан. Тамирчид маань “Өөртөө зорилго тавиад гүйхэд амархан. Сэтгэлийн хат, бэлтгэл муу бол зам чинь тэндээ л дуусна” гэсэн. Мөн хол замд гүйхэд хоол хүнсээ зөв тохируулах хэрэгтэй. Хэд хоногийн өмнө хоолоо идэж, тохирч байгаа эсэхийг мэдэж, биедээ дасгадаг. Мөн замд шөрмөс татвал яаж суллах вэ зэргийг сайн тооцоолсон.
-Гүйлтийн маршрутын мэдээллийг өдөр бүр олон нийтэд хүргэнэ гэсэн үү?
-Мэдээллээ цаг тухайд нь хүргээд явна. Машины төв замаар гүйнэ. Гэхдээ замын хөдөлгөөнд саад болохгүйгээр замаа чөлөөлж өгнө гэсэн үг. Мөн надтай хамт сувилагч, биеийн байдал хянагч, хоол хүнс дээр анхаарах хүн, хоёр жолооч гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарч байгаа. Тэгэхээр намайг гүйж байхад багийнхан маань замд хог тааралдсан ч цэвэрлээд явах төлөвлөгөөтэй байгаа.
-20 хоногийн хугацаанд бариандаа орохоор төлөвлөжээ. Цаг агаарын байдал зэргийг тооцоолж нөөц өдөр бий юу?
-Эрсдэлээ тооцож хоёр хоногийн нөөцтэй байхаар төлөвлөсөн. Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу гүйхээр зам өгсөж байна гэсэн үг. Хэрэв цаанаас гүйсэн бол уруу замыг туулах байсан. Бариандаа зургадугаар сарын 1-нд аймгийнхаа төв талбай дээр орохоор төлөвлөсөн нь залуучууд, хүүхдүүд цугласан баяр, хөөртэй мөчид очихыг хүссэн хэрэг.
П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.41.17] 2023-05-11 10:19:44
мундаг хүүд амжилт хүсье