СЭТГЭЛЗҮЙЧ Г.ЖАВЗАНСҮРЭН: ХҮҮХДЭЭ УЛАЛЗТАЛ ӨМӨӨРӨХ НЬ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЧАДВАРГҮЙ, СУЛ ДОРОЙ НЭГНИЙГ Л БЭЛТГЭЖ БАЙГАА ХЭРЭГ

Aдмин / Эрүүл мэнд

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэлзүйч Г.Жавзансүрэнтэй ярилцлаа.


-Хүүхдийг өмөөрөх үзэгдэл нийгэмд түгээмэл болжээ. Өөрийн хүүхдийг өмөөрч араатан шиг авирлаж бусдын үрийг зодох юм. Хүүхдээ өмөөрч бусдад бурууг тохох нь хэвийн үзэгдэл үү?

-Сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал эрүүл үзэгдэл биш л дээ. Хүүхдээ өмөөрч, улайрч байгаа нь хэт хамгаалалт хийж бөөцийлж байна л гэсэн үг. Бусдын хүүхэд ч адилхан хүүхэд гэх хэмжүүр тавьж чадахгүй, харгис авирлаж байна. Мэдээж ямар ч эцэг, эх хүүхдээ аюулгүй орчинд өсгөхийг боддог. Энэ үзэл нь дэвэрч асуудалд нь шүүлтүүртэй хандаж чадахгүй байна л даа. Өөрөөр хэлбэл хүүхдээ хамгаалах аргаа олохгүй, улалзтал өмөөрөөд байна л гэсэн үг. Энэ нь сайн үр дагаварт хүрэхгүй. Сая болсон асуудалтай холбоод ярихад өөрийн хүүхдээ өмөөрч бусдын хүүхдийг зэрлэгээр цохисон асуудал гарсан. Тухайн тохиолдолд хуулийн өмнө хэн хэн нь хүүхэд. Хэн хэн нь л хамгаалагдах ёстой. Болсон үйл явдлын талаар ярилцаад л шийдвэрлэх асуудал л даа.

-Хүүхдээ өмөөрч бусдын хүүхдийг зэрлэгээр зодсон үзэгдлийг та яаж харж байна вэ. Жаахан дэлгэрүүлэхгүй юу. Яагаад хүний хүүхдийг цохив?

-Тухайн хүүхэд их хүлээлгэж ирсэн байж болно. Удаан хугацаанд хүүхэдгүй явж байгаад олдсон байж болно. Нэг бол дахиад хүүхэдтэй болох боломжгүй ч юм уу, ийм нөхцөл байдалд хүүхдээ бүхнээс хамгаалдаг. Энэ үед бусдын хүүхдийг буруутгах хариу үзэгдлүүд гардаг. Сэтгэл зүйн хамгаалалтын механизм ажиллаж байна л даа. Энэ нь манайд эцэг, эх байх талаар сургалт байдаггүйтэй холбоотой гэж хувьдаа үздэг юм.

-Асуудал гаргах үед хүүхдээ өмөөрдөг үзэгдэл юунд хүргэж болох вэ. Гарах үр дагавар нь юу вэ?

-Наад зах нь нийгмийн хэм хэмжээг зөрчихөд хүргэнэ. Буруу юм хийхэд аав, ээж өмөөрнө гэх ойлголт хүүхдэд шууд бууна. Буруу үйлдэл хийхэд би хариуцлага хүлээхгүй гэх ойлголттой болно. Нийгмийн хэм хэмжээг зөрчих гэж гаргадаг гэх сэтгэлгээг хүүхдэд суулгана. Эхлээд хүүхэд багшийн үгэнд орохгүй, гэрийн даалгавар хийхгүй байна. Багш нь шаардлага тавихад эцэг, эх хүүхдээ өмөөрнө.Хүүхдийн нүдэн дээр гурвалжин, дөрвөлжин хэрүүл болох нь бий. Үүнээс хүүхэд маш буруу л хүмүүжил авна. Хүүхдэд боловсрол олгох нь багш, эцэг эхийн хамтарч хийх ажил. Таны хүүхэд даалгавар хийж байгаа эсэхэд хяналт тавина, мэдэх юм байвал зааж зөвлөнө, мэдэхгүй байвал багшаас тусламж авна. Энэ бол эцэх эхийн үүрэг. Үүнийгээ ухамсарлахгүй хүүхдээ өмөөрч багштай хэрэлдээд байх нь хожим ямар ч үр дагаварт хүргэж мэднэ.

-Хэтэрхий өмөөрүүлсэн хүүхэд буруугаа хүлээх чадваргүй болно гэж та хэлж байна уу?

-Тийм гэж хэлж болно. Өөртөө шаардлага тавьж чадахгүй болж л төлөвшинө. Таны хүүхэд насанд хүрээд ажил хийнэ. Ажил хийхдээ янз бүрийн шалтаг тоочно. Тухайн ажлын байранд тавигдах суурь шаардлагыг хангаж чадахгүй. Ийм үзэгдэл өнөөдөр түгээмэл болсон байна. Өөр нэг сөрөг үзэгдэл нь аав ээж нь өмөөрөөд байсан учраас хүний урдаас юу ч хэлж чадахгүй болно. Эрх нь зөрчигдөөд байхад л хамгаалах чадваргүй болно гэж хэлж болно. Юу юуны туханд хүрэлгүй хүүхдээ өмөөрснөөр хариуцлага хүлээх чадваргүй нэгнийг бэлтгэж байна л гэсэн үг.

-Хүүхэд асуудал тарьдаг. Энэ үед нь хүүхэдтэй яаж харилцах вэ?

-Хүүхэд ямар нэгэн асуудал тарих нь өдөр тутам л тохиолддог үзэгдэл. Энэ үед нь эцэг эх нэг бол өмөөрөөд, нэг бол хүүхдээ буруутгадаг. Шүүгч шиг яллах гээд байх нь бий. Болсон асуудлыг хүүхдээсээ асуугаад, тайвнаар тайлбарлаж өгөх нь үр дүнтэй. Хэтэрхий өмөөрөх юм уу, эрс буруутгах нь буруу үр дагавартай. Ярилцаад тайлбарлаж ойлгуулах нь зөв. Таны хүүхэд хэн нэгэнтэй зодолдсон бол шалтгааныг нь асуугаад тайлбарлаж өгөх нь хожим гарах үр дагавраас сэргийлж чадна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.186] 2023-05-15 13:53:59

Ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.