Ж.ГАНЧИМЭГ: СУРАГЧИД ЭХ УНШИЖ ОЙЛГОХ, ЗОХИОН НАЙРУУЛАХ ДААЛГАВАР ДЭЭР ОНОО АЛДСАН
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ж.Ганчимэгтэй ярилцлаа.
-Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулахад босго оноонд хүрээгүй 4800 шалгуулагч байна гэсэн дүн гарсан. Таны хувьд шалгалтын материалтай танилцсан болов уу?
-Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтын сурагчдынхаа материалтай танилцсан. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төгсөх ангийн сурагчдаас авдаг монгол хэл бичгийн шалгалтын даалгаврын сорил огт өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд 50 онооны дасгал ажлуудыг ижил оноогоор үнэлж явсан.
Тухайн жил монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр багштайгаа бэлдэж буй сурагчид дөрвөн даалгаврын дагуу л бэлддэг. Шалгалтад хангалтгүй орсон сурагчид нэгдүгээрт, цаг хугацаа алдсан. Хоёрдугаарт, тэдний хичээл зүтгэлийн асуудал их нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил төгсөх ангийн сурагчид буюу 12 дугаар ангийн сурагчдыг бэлдэн төгсгөж байна. Тийм учраас сурагчдыг анзаарч байхад тэдний хичээл, зүтгэл хайнга хандах тал дээр илүү алдсан байх гэж бодож байна. Түүнээс 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд шалгалт анхнаасаа л ийм дасгал ажлуудтай байсан. Багш нарын хувьд маш сайн бэлтгэгдсэн, сурагчид ч шалгалтын мэдлэг чадвар шаардсан даалгавруудаа цаг тухайд нь хийх боломжуудыг ашиглаж, багш нар хүүхэд бүртэй тулж ажилласан.
-Энэ жилийн шалгалтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад ямар байсан бэ. Монгол хэл бичгийн шалгалтын хувьд яагаад олон сурагч босго оноогоо давж чадсангүй вэ?
-Энэ жилийн хувьд харьцангуй олон хүүхэд босго оноог давж чадсангүй. Манай сургуулийн хувьд цөөн хүүхэд шалгуурыг давсангүйд харамсаж байна. Бидний хувьд хүүхдүүд болон тэдний материал дээр судалгаа хийсэн. Эдгээр сурагчид шалгалтын материалын ерөнхий агуулгыг мэдэж байгаа ч тэдэнд сандрал их байсан юм шиг байна. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үед нийслэл хот, хөдөө орон нутгийн сурагчдад цахимаар хичээл орсон зэрэг асуудлууд их нөлөөлсөн гэж бодож байна. Багш нарын хувьд сурагчдаа маш сайн бэлтгэж байгаа.
-Монгол хэл бичгийн шалгалт ямар даалгавар агуулгаас бүрддэг вэ?
-Монгол хэл бичгийн шалгалт нь дөрвөн даалгаврын тавилттай байдаг. Нэгдүгээрт, өгөгдсөн эхийг уншиж, түүнийхээ дагуу 10 асуултад тестээр хариулна. Энэ нь хүүхдүүдийн эхийг уншиж ойлгох чадварыг шалгасан даалгавар юм. Хоёрдугаарт, 40-50 үгтэй бичил эхээс алдаатай таван үгийг олж, түүнийгээ залруулж бичих даалгавар. Гуравдугаарт, 20-30 үгтэй үндэсний бичгээр уншиж, уншсанаа эх хэлнээ буулгах чадварыг шалгасан даалгавар багтдаг. Дөрөвдүгээрт, эсээ бичих буюу хүүхдүүдийн зохион бичих чадварыг үнэлэх гэсэн дөрвөн даалгавар багтдаг. Эдгээр даалгаврууд нь сүүлийн 12 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хүүхдүүд даалгаврууд дээр алдаж унаж байна гэдэг нь даалгаврыг маш хангалтгүй, зорилтгүй, мэдлэг чадвараа зориулж үргэлж давтаагүйг харуулж байгаа юм. Монгол хэлний нийслэл хотын 9000 багш нар маань “Ковид-19” цар тахлын үед хичээлээ цахимаар болон танхимаар орж, танхимаар хичээллэж эхлэх үед хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй маш сайн тулж ажилласан. Нийслэлийн боловсролын газар, Монгол Улсын хэлний бодлого, Боловсролын үнэлгээний төв хамтран монгол хүүхдийн эх хэлээ дээдлэх чадвар чадамжийг дээшлүүлэх олон бодлого үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулдаг. Үүний жишээ БҮТ-ийн даалгаврын санд үе үеийн жишиг даалгавруудыг хичээл бүрээр байршуулж өгсөн арвин сан бий. Мөн багш бүр өөрийн сурагчдын онцлог давуу тал дээр анхаарч хэт ачаалал өгөлгүй хэл бичгийн шалгалтын дагуу бэлтгэж ирсэн арвин туршлагатай байгаа. Тухайн сурагч өөрөө хичээж багштайгаа чадахгүй мэдэхгүй ойлгоогүй зүйлээ хамтраад ажиллах хамтын ажиллагааг тасралтгүй хийж явах нь чухал. Иймд сурагчдын алдаа бол даалгавруудаа бүрэн гүйцэд хийгээгүй шаардлага хангаагүй хүүхдүүд хангалтгүй үнэлэгдсэн байна л гэж үзээд байгаа. Үүнд хувь хүний хичээл зүтгэл хэрэгтэй.
-Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд босго оноо даваагүй сурагчид дунд судалгаа хийсэн гэлээ. Сурагчид ямар даалгавар дээр хамгийн их алдсан байсан бэ?
-Манай сургуулийн сурагчид хоёр даалгавар дээр хангалтгүй авсан байсан. Бид эдгээр сурагчидтайгаа уулзаж дахин шалгалт авсан. Энэ наймдугаар сард дахин шалгалт авах болсонд багш хүний хувьд баяртай байна. Энэ нь сурагчдад дахин л боломж өгч байна. Хичээгээрэй. Хүүхдүүд минь хүссэн сургуульдаа элсэн орж сайхан мэргэжлийг эзэмшээд эх орондоо ихийг бүтээхийг хүсэн ерөөе. Сурагчид ямар даалгавар дээр алдсан бэ гэвэл нэгдүгээрт, эхээ уншиж ойлгоогүй байсан. Арван асуултаас тавыг нь алдахад л оноо багасна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн тогтвортой унших чадвар их нөлөөлсөн. Хоёрдугаарт, хүүхдүүд маань эх зохион найруулах даалгавар дээр их оноо алдсан. Энэ нь хүүхдүүдийн унших чадвар багассан байгааг харуулж байгаа. Түүнээс зөв бичгийн алдаатай таван үгийг олох, үндэсний бичгээр унших даалгавруудаа бүрэн гүйцэд хийсэн байсан. Сурагчид маань унших, бичих даалгаврууд дээр л дулимаг хандаж уначихаж дээ гэж үзэж байна. Тэгэхээр сүүлийн үед ном уншиж, түүнийгээ ойлгох, ярих чадвар багасч байгаагийн хор уршиг юм. Эхийнхээ утгыг сайн ойлгож, үйл явдлын дараалалтайгаар унших хэрэгтэй.
-Ихэнх сурагчид бичих, унших даалгавар дээр оноо алдсан гэлээ. Зарим сурагч монгол бичиг дээр алдсанаасаа болж босго оноогоо даваагүй тохиолдол бий гэж сонссон. Түгээмэл хэрэглэгддэггүй монгол бичгээр хүүхдүүдийг монгол хэл бичгийн шалгалтад унагаж тэдний ирээдүйд нөлөөлөх нь зөв үү, буруу юу?
-Түгээмэл хэрэглэгддэггүй үг хэллэг ер байхгүй. Орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж бичихэд энгийн эхийн хэсэглэл сонгодог. Үүнийг ташаа мэдээлэл гэж үзнэ. Үсгээ мэддэг уншиж чаддаг байхад л монгол бичиг дээр хөрвүүлж бичих бол энгийн даалгавар. Энэ нь сурагчдын өдөр бүр л хичээл дээрээ гүйцэтгэдэг чадвар даа. Энд хэцүү зүйл байхгүй. Түүнчлэн монгол бичгийн асуудалд сурагчдын монгол бичгийг хадмалаас унших чадвар их муу байна. Энэ удаагийн хэл бичгийн шалгалтад монгол бичгийн даалгавар бичмэлээр ирсэн байсан. Өнгөрсөн жил хадмалаар ирсэн учраас шалгалтад сурагчид муу орсон байна гэж монгол хэлний багш нар бага зэрэг шүүмжилж байсан. Энэ жил бичмэлээр ирсэн байхад сурагчдын дийлэнх алдаж байна аа гэдэг нь тухайн сурагчийн монгол бичгийн суурь чадвар тааруу байгааг харуулж байна. Багш нар сайн ажиллаж байгаа ч сурагч хичээх ёстой л гэж бодож байна даа. Монгол хэл бичигтээ сайн зарим хүүхдүүд “Монгол бичгээ уншчих юм чинь” гээд цагтаа амжихгүй, цагтаа амжаагүйгээсээ болон буруу галиглан, хөрвүүлэх ч тохиолдол бий.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [43.228.130.21] 2023-06-07 16:41:01
одоогийн хичээлийн программ үнэн муу болсон толгойг эргүүлсэн будлиулсан мангар болгосон
Зочин [124.158.95.5] 2023-05-23 09:54:28
огт хэрэглэгддэггүй монгол бичгээр ер яахын бэ
Зочин [64.119.24.107] 2023-05-20 22:43:42
Зарим өгүүлбэрийн найруулга хүүхэд байтугай том хүн ойлгоход хэцүү болсон байнлээ !!!!!
Эцэг эх [202.9.46.214] 2023-05-20 14:43:38
Багшийг хүндлэхийгсэцэг эх хүүхдэдээ хэлж бай Багшид бүгдийг даатгадаг буруу Үр хүүхдэдээ анхаарал тавьж Ном уншихыг гэр бүлээрээ эрхэмлээсэй
Иргэн [202.9.46.214] 2023-05-20 14:39:36
Хүүхдүүд ном уншдаггүй Гар утас л бариастай
Зочин [64.119.17.183] 2023-05-20 20:48:30
Ном унших биш утас барих нь ихэссэн даалгавар гээл утас хараад суудаг