АРД ТҮМНИЙ ОЙ САНАМЖИЙГ ХУЛГАЙЧ НАР Л АРЧИХЫГ ХҮСДЭГ ҮҮ
Баригдахгүйн тулд нүдээ боож, чихээ бөглөж байгаад хулгай хийхийг оролддог тэнэг хөвгүүний тухай үлгэр шиг саар асуудлууд хөврөх тусам санаанаас зохиогдсон хуурамч сенсаци маягийн зүйлс олны өмнө шидэгдэх боллоо.Хэдий заль мэх шиг тэр гэх тэмдэггүй бариад авах бодит нотолгоогүй мөртлөө нийгмийг талцуулах маргалдуулах өрх бүлийн халуун сэдэв маргааны бай болгохоор чармайх дэл сул дэмий балай олон үйл явдлууд гологдохгүйгээр сэвэгдэх хаврын хуйсгануур сэтгэл зүй хүчтэй хэвээр. Монголчууд ховонд хэтэрхий дуртай асуудлыг эрэмбэлж сураагүй юу. Юутай ч улс орны нарийн чинад хэрэг явдлаас урьтан наад захын хэрүүл шуугианаар сэтгэлгээгээ тэжээх шахна.
Хэдий баялаг түүхийн баларшгүй үргэлжлэл мөртлөө зарим үед бууран доройтох байдалтай ч төр ёсны гүн ухаан асар өндөр, ахуй соёлын өвөрмөц онцлогоо хадгалж үлдсэнийхээ хүчээр аливаад тун ул суурьтай хандаж ирсэн манай ард түмний удмын өгөгдөл бага багаар хатангиршиж, хоосрох аюул ойртох мэт. Үндсэн хууль өөрчлөгдөж үе дамжин амьдрах үр хойч залгамжлах улс орон нь орвонгоороо эргэж хөрвөөн тусгаар тогтнол эрх чөлөө эв нэгдлийн баталгаа байгаа эсэх нь ч бүрхэгдүү нөхцөл үүссээр атал тогооны хэрүүл, тоо хэмжээний хойноос ярваганалдах нь зүйд гажуу болов уу.
Өнгөрсөн арав ч хүрэхгүй жилүүдэд улс төрчдийн улсаа тоносон баримтууд ар араасаа гарч ирсээр авч түмэн олон төдий л хайхарсан янзгүй шахмаар үл барам амьжиргаандаа түүртсээр, аливаад сэргэг мэргэн үйл ухаан хоёр нь мухардав уу гэмээр нь үнэндээ ямар шалтгаантайв.
Муйхар таамаг заримдаа ончлох донтой гэх мэтээр сэтгэхийн нэгэн учир бол авлигачид юун түрүүн нүүрс, алт, мөнгө, зэс гэхчлэн уул уурхайн асар их баялгийг улсын данс тооцооноос гадуур ихэд хулгайлан гадаадад хав даран овооруулаад зарим нь ард түмэнд ногдох багахан төсвөөр мэдээлэлд ойр байдлаа ашиглан чадлынхаа хэрээр хаман өвөртөлж, дээрэмдэн цөлмөх харь элэгтэн мэт нутаг усаа тонохоо юман чинээнд бодолгүй цугаарын сэтгэлээс баллуурдагдах гэж арга ядахдаа өлсгөлөн нохдод хөсрий яс шидлэх мэт ядруу олныхоо тархинд хог новш чихэхэд хүч хаядаг болоо юу даа?
Гэвч түүхэн ой санамж гэдэг ямагт хэний ч хүслээр бус үнэний зоргоор болдог тул хэдхэн арван жилд ард түмнийхээ чөмгийг сорж үр хойчийн ирээдүйг бүрэлгэхээр улайрагсад хэдхэн тоотой хэлэгдэх нэртэй, танигдах зүстэйгээ ажээ.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.23.249] 2023-06-06 15:10:27
Одоо байгааг нь Сонгохгүй л байхад болно доо.!!!!Битгий сонго!!!!
Од [66.181.161.118] 2023-06-06 14:19:42
126 маш зөв сонголт доо тэнэгүүдээ
Зочин [202.9.46.142] 2023-06-06 09:43:23
Ирэх жил их хурлын гишүүн 126 болвол монголд амьдрахад бүүр хэцүү болох юм байна.