Б.Содномцэрэн: Хар тугалга цусанд их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн биохимич Б.Содномцэрэнтэй хар тугалганы талаар ярилцлаа.

-Хар тугалга гэж яг ямар элемент юм бэ?

-Хар тугалга бол дэлхийн царцдаст байдаг бага температурт хайлдаг, өнгөгүй саарал, хүнд металл. Ихэвчлэн нэгдлийн байдлаар оршдог боловч дангаараа ч оршдог. Олон зуун жилийн турш хүнс үйлдвэрлэл, барилга, машин механизм, аж үйлдвэр гэх мэтчилэн бүх зүйлд хар тугалга хэрэглэгдсээр ирсэн ч хор нөлөөг нь хэрэглээнээс хожуу судалж илрүүлсэн байдаг. Одоо ч хар тугалга бидний эргэн тойронд байсаар байна. Хар тугалгад өөрийн гэсэн гайхалтай чанарууд бий. Жишээлбэл, дээр үед хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах зорилгоор хар тугалга нэмдэг байсан. Учир нь хар тугалга их чихэрлэг амттай. Тухайн үед бензин, газрын тос, будаг, барилгын салбарт хар тугалгагүй зүйл байдаггүй байлаа. Одооноос л улс орнууд хар тугалгагүй бензин шатахуун, будаг хэрэглэх гэх мэтээр хуулиар зохицуулж эхлээд байна

-Хар тугалгыг их хэмжээгээр агуулдаг зүйлд АИ-92 шатахууныг нэрлэх нь бий. Мөн аккумляторт байдаг гэж үздэг. Энэ талаар тодруулбал?

-Манай улс ОХУ-аас бензиний хэрэгцээгээ хангадаг. Хойд хөрш маань хар тугалгагүй бензин хэрэглэдэг учраас Монголд орж ирж байгаа бензинүүдийг хар тугалгагүй гэж ойлгож байгаа.

-Химийн энэ элементийг бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хор хохирол учруулдаг гэж дүгнэдэг юм билээ?

-Хар тугалга хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Агаарт тархсан хар тугалга цас, бороо, хур тунадасаар дамжин хөрс, усанд шингэж байдаг. Хөрсөнд шингэсэн хар тугалга задардаггүй. Хүрээлэн буй орчин дахь хар тугалганы бохирдлыг хөрсөнд шинжилгээ хийж, бохирдлыг үнэлэх замаар тогтоодог. Хүний биед залгиурын болон амьсгалын гэсэн хоёрхон замаар нэвтэрдэг. Хар тугалга дунд болон ахимаг насны хүмүүсийн биед бага тунгаар нэвтэрвэл цусны даралт ихэсч, цус багаддаг бол их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай. Хар тугалгад хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд өртөмтгий. Ялангуяа 0-6 насны хүүхдүүд илүү их өртдөг. Ийм насны хүүхдүүд хананы халцарсан будгийг идэх, амандаа тоглоом зуух зэргээр байнга хэрэглэдэг зүйл нь хар тугалга агуулсан байвал эрсдэлд өртөж байдаг.

Хар тугалга агаарын доод түвшинд хуримтлагддаг. Хотжилтыг дагаад орчныг бохирдуулагч нэмэгдэж байна. Орчныг бохирдуулагчдын нэг нь хар тугалга мөнөөс мөн. Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсэх гол шалтгаануудын нэг болдог. Насанд хүрэгчид хар тугалгад өртөх нь хүүхдүүдийг бодвол харьцангуй бага. Гэхдээ тухайн хүний ажиллаж, амьдарч байгаа орчны эрүүл ахуй маш их нөлөөлдөг. Бидний эргэн тойронд хар тугалгагүй зүйл нэгээхэн ч үгүй. Өөрөөр хэлбэл, цэвэр зүйл байхгүй гэсэн үг. Насанд хүрэгчдийн биед орсон хар тугалгын 20 хувь нь цусанд шингэдэг бол хүүхдийн биед орсон хар тугалгын 70 хувь нь цусанд шингэдэг. Цусанд шингэсэн хар тугалга ясанд хүрдэг. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжил удааширч, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурч, анхаарал төвлөрөл сулардаг. Яс хар тугалгыг кальци, төмөртэй андуураад өөртөө шингээдэг. Хүүхэд нь хичээлдээ муу болоод ирэхээр эцэг эхчүүд сургалт, дамжаанд явуулаад байдаг. Гэтэл энэ нь хар тугалгаас шалтгаалсан байж болохыг иргэд анзаарахгүй, тоохгүй байна. Хар тугалганы 70 хувь нь хүүхдийн ясанд шингээд 30 хувь нь өтгөн, шээс, хөлс, эхийн сүүгээр дамжин 48 хоногийн хугацаанд гадагшилдаг. Гэхдээ бүрэн гадагшилдаггүй.

-Дэлхий нийтээр энэ аюултай хэрхэн тэмцэж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг хар тугалганы хордлогоос сэргийлэх долоо хоног болгон тэмдэглэсээр ирлээ. Энэхүү аяны хүрээнд хүүхдүүдийн цусан дахь хар тугалгыг бууруулах, аж үйлдвэрлэлд хар тугалгыг хэрэглэхгүй байх чиглэлд улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд хууль тогтоомж гаргахыг, хамтарч ажиллахыг уриалдаг. Энэ аяныг НЭМҮТ ДЭМБ-тай хамтран сүүлийн гурван жил тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хар тугалга бол чимээгүй аюул. Иргэд халдварт бус болон халдварт өвчинд анхаардаг шигээ хар тугалганд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Хүний биед хар тугалга байх ёстой юу. Биед орсон хар тугалгыг илрүүлэх шинжилгээг Монголд хийдэг үү?

-Хар тугалга хүний биед байх ёсгүй. Бид хордохгүй байх ёстой. Гэхдээ хар тугалга хүрээлэн буй орчинд байгаа учраас хүн өртөөд байна. Тийм болохоор ДЭМБ-аас хар тугалга хүний биед байх босго хэмжээ 5 мкг/дл байна гэж тогтоож өгсөн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээ биш, босго хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тоо руу ойртох юм уу давсан тохиолдолд хүн хорддог. АНУ-ын CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв хүний биед байх хар тугалганы босго хэмжээг 5 мкг/дл байна гэж тогтоосон боловч 2021 оноос 3.5 мкг/дл болгож бууруулсан байдаг. Яагаад гэвэл хар тугалгатай тэмцэж байгаа улс орнуудыг АНУ тэргүүлдэг. АНУ-д жил бүр үе шаттайгаар кампанит ажил явуулдаг. Ингэсний үр дүнд хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээг тогтоогоод босго хэмжээгээ үе шаттайгаар бууруулж байгаа. Харамсалтай нь, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээг тогтоосон дүн байхгүй. Тиймээс энэ төрлийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн улс орнууд хар тугалганы өртөлтөөс янз бүрээр урьдчилан сэргийлж байна. АНУ-д хүүхдүүдийг жилд нэг удаа цусан дахь хар тугалганы хэмжээг тогтоох шинжилгээнд хамруулдаг. Энэ хүн хар тугалгад хордож байгаа эсэхийг нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй шүү дээ. Тиймээс шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Манай улсад энэ төрлийн шинжилгээг хувийн болон төрийн байгууллагууд хийдэг. Хамгийн гол нь шинжилгээ хийх арга, аргачлалыг гадаад, дотоодын чанарын хяналтаар баталгаажуулсан байх шаардлагатай. НЭМҮТ АНУ-ын “CDC”-ийн чанарын гадаад хяналтаар улирал болгон шинжилгээний аргачлалаа баталгаажуулдаг. Манай төв хүний цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох шинжилгээг 30 мянган төгрөгөөр хийдэг. Энэ төлбөрийг бид өөрсдөө тогтоодоггүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гарсан ард иргэдэд төлбөртэй тусламж үзүүлэх журмаар энэ үйлчилгээний тарифыг тогтоосон юм. Ингэхдээ энэ шинжилгээг хийхэд хэдий хэмжээний өртөг зардал орж байгааг тооцоолсны эцэст үнэ тарифыг нь тогтоодог.

-Хар тугалга хүний биед орвол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хар тугалга хүн бүрд хор хөнөөл, хохирол учруулдаг. Хүний нөхөн үржихүйн эрхтэн систем, бөөр, элэг, цус, тархинд гэмтэл учруулдаг. Хар тугалгад өртвөл толгой өвдөх, цус багадалт, бөөрний өвчлөл, дотор муухайрах, бөөлжих гэх мэт анхны шинж тэмдэг илэрдэг. Хар тугалгад өртөх хамгийн эмзэг бүлэг бол хүүхэд. Хүүхдүүдийн мэдрэлийн систем хөгжиж гүйцээгүй учраас хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс 4-5 дахин илүү шингээдэг. Тэд хар тугалгад өртвөл оюуны хомсдол, хичээлийн хоцрогдол үүсдэг. Хэрэв урт хугацаанд хар тугалгад өртвөл сэтгэн бодох чадвар буурах, зүрхний ишеми, цус харвалт зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хар тугалганд өртсөнөөр олон эрхтэн системийг гэмтээх, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлд хүргэдэг.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Насанд хүрэгчид нэг минутад дунджаар 20-30 удаа амьсгалдаг. Бага насны хүүхдүүд 40-50 удаа амьсгалдаг учраас амьсгалын замаар хар тугалганы эрсдэлд өртөх магадлал өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Хүүхдээ гадна тоглож байгаад орж ирэхэд нь гарыг нь тогтмол угаалгах, мөн тоглоом болон шууд аманд хүрэх зүйлийг нь хүйтэн усаар угааж хэвших хэрэгтэй. Гэрийн доторх тавилга, эд зүйлсэд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Гал түлдэг айлууд үнс нурмаа бужигнуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Бужигнуулсан бол чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Хананы будаг халцарсан бол дахин будаж засварлах хэрэгтэй. Орчин үед хар тугалгагүй будаг хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хямд, чанаргүй будганд хар тугалганы агууламж байсаар байдаг. Хар тугалга чихэрлэг амттай учраас бага насны хүүхэд халцарсан будаг иддэг. Эцэг эхчүүд гаднаас орж ирээд гадуур хувцсаа сольж, гараа угаачихаад хүүхдэдээ хүрэх хэрэгтэй. Бага насны хүүхэд ахуйн хэрэглээний зай батерей залгихаас хамгаалж хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

Мөн төмөр, кальци агуулсан амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Эцэг эхчүүд боломжтой бол хүүхдүүдээ жилд нэг удаа цусан дахь хар тугалга тодорхойлох шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн ажлын орчин нөхцөлөөс улбаатай хар тугалгад өртөж байгаа хүний ажлын байрыг түр болон урт хугацаагаар солих хэрэгтэй. Тамхи татдаг хүний цусанд хар тугалганы агууламж өндөр байдаг. Тийм ч учраас гэр дотор, хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх хэрэгтэй. Өвлийн улиралд хүн бүр нарийн ширхэгт тоосонцроос хамгаалсан шүүлтүүртэй амны хаалтыг тогтмол зүүж байх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүд наймдугаар сарыг хүртэл засвар хийчихсэн байх ёстой. Гэтэл тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтаас үүдээд наймдугаар сард засвар хийх тохиолдол олон. Боловсролын байгууллагууд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чанартай барилгын материал хэрэглэдэг байх хэрэгтэй. Өртөг зардал нь өндөр байж болно, гэхдээ энэ нь хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Өдрийн сонин

Ө.АНХЗАЯА


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.52] 2024-10-29 13:13:08

УБ-чууд улам ууртай, түрэмгий болж байгаа шүү дээ, хордоод

Зочин [66.181.177.195] 2024-10-27 13:05:05

БАГА АНГИЙН БАГШ НАР АНГИДАА ПРИНТЕР ТАВЬЧИХААД ӨДӨР БҮР ХЭДЭН АРВААР НЬ ХИЧЭЭЛИЙН ЗУРАГТ МАТЕРИАЛ ХЭВЛЭЖ ТАРААЖ ХИЧЭЭЛЭЭ ЯВУУЛЖ БН. ЭНЭ НЬ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ПРИНТЕРЭЭС АГААРТ ЦАЦАГДАЖ БАЙДАГ ХОРНЫ ХАР ТУГАЛГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД ОРУУЛЖ БН. БАГА АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ ҮНЭГҮЙ ТАРААГААД ХУРААЛГАХ ЁСТОЙГООС БОЛЖ ХҮҮХДҮҮД СУРАХ БИЧИГ ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ТЭМДЭГЛЭЖ БИЧИЖ БОЛОХГҮЙ УЧРААС ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГААГ ТӨР ЗАСАГ АНХААРАХ ЁСТОЙ. ХАР ТУГАЛГААР АМЬСГАЛАХААС НААНАДАЖ ХАРШИЛ ЦААНАДАЖ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ АЮУЛТАЙ

Улаанбаатар утаа [122.201.31.49] 2024-10-27 11:45:13

Тэц 3 хар тугалгатай хар утаа өвөлдөө уб хот руу, Тэц4 хар утаа баянхошуу 1р хорололын дээгүүр нөмөрч бүрхэж хонодог. Өглөө үүрээр бол утааны өнгө арай цайвар өнгөтэй болж шүүж эхэлдэгийг 3 жил тасралтгүй ажиглав.

Zochin [202.21.125.66] 2024-10-26 21:53:00

Huuramch benzind hyanalt algaa

Иргэн [103.212.116.231] 2024-10-26 18:07:09

Аймшиг, гамшиг: шахмал түлш, муу чанарын бензин, цахилгаан станцууд. НҮБ Хүүхдийн сан, Ангаахын Судалгааны их сургуулийн судалгаагаар УБ хотын хүүхдүүдийн цусанд их хэмжээний туглага илэрч байгаа тухаы олон судалгаа гарсан. Төрийн зарингууд сайн идэж ууж байна. Ард түмэн хохирсоор, үхсээр

зочин [103.57.95.141] 2024-10-26 15:17:18

Монголд худалдаалж, ашиглаж байгаа бензин шатахуун нь хар тугалгатай юм биш үү?

Zochin [66.181.190.130] 2024-10-25 20:33:15

Huurramch benzin baigaa tsagt har tugalga agaart zunduu baigaa shtee


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.