А.ӨЛЗИЙДЭЛГЭР: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ НЬ БОГИНО ХУГАЦААНДАА ИНФЛЯЦИЙГ ӨДӨӨХГҮЙ

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.


-Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт цалин, тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг нөхөж олгох шийдвэр гаргасан. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Төсвийн байгууллага, тэтгэврийн насны хүмүүсийн орлогыг дэмжих зорилгоор Засгийн газар ийм шийдэлд хүртжээ. Ер нь эдийн засгийн бүлэгт хамрагддаг хүмүүсийн орлого өнөөдрийг хүртэл амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Тэгэхээр Засгийн газрын дээрх шийдвэр тэдний хэрэглээг нь дэмжих зорилготой болохоос хуримтлал үүсгэгдэхгүй. Цалин, тэтгэврийн нэмэгдэл эргээд зах зээл рүү гараад явна. Тэгэхээр дотоодын худалдан авалтыг дэмжээд явах нь гарцаагүй. Ингэснээр эдийн засаг дахь өсөлтийг улам нэмэгдүүлнэ гэж харж байна.

-Сангийн яам 1.7 их наядаар цалин нэмэх асуудал оруулж ирсэн. Энэ нь инфляцийг гааруулна биз дээ. Уг нь Засгийн газраас төсөв танах, төрийн албан хаагчдыг цомхотгох зорилт тавьсан байх аа. Тэгэхээр төсөвт дарамт болохгүйгээр цалин нэмэх ямар аргууд байж болох вэ?

-Манай улсад инфляци хоёр хүчин зүйлээс болж бүрдээд байгаа. Нэг нь дотоодод үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний үнэ. Нөгөө нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ. Одоогийн энэ цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй гэж харж байна. Одоогийн байдлаар импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд буурсан. Дээрээс нь валютын ханш тогтвортой, тээврийн зардал ковидын өмнөх түвшинд хүрсэн байгаа учраас гадаад талаас орж ирэх инфляцийн дарамт байхгүй. Мэдээж дотоодын худалдан авалтад нөлөөлж байгаа гол зүйл бол яалт ч үгүй махны үнэ болоод байна. Жил жилийн энэ улиралд махны гарц хомсоддог. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт нь багасдаг. Энэ үед үнэ нь хөөрөгдөж, инфляцид дарамт болдог. Сая Сангийн яам төсвийн орлого нэг их наядаар давуулан биелсэн гэж мэдээлсэн.

Улсын гадаад өр жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед төсөв давж биелсэн нь зардлаа аль болох орлогынхоо өсөлтөөс багаар тодотгох хэрэгтэй. Ингэж чадвал манай улсын хувьд валютын ханшид, эдийн засгийн уртын хугацаанд хэрэгтэй. Гэхдээ сая Засгийн газрын гаргасан шийдвэр нь нэгдүгээрт, иргэдийн амьжиргаа муу байгаатай холбоотой байсан. Хоёрдугаарт, сонгууль дөхсөн учраас улс төрийн оноо авах гэсэн үйлдэл болчихов уу даа гэж харж байна. Уг нь орлогоосоо багаар зардал нэмээд явах ёстой.

-Инфляци хоёр оронтой тоонд хэвээр байна. Ойрын үед нэг оронтой тоо руу орох боломж байна уу?

-Инфляци нэг оронтой тоонд хүрэх бүрэн боломжтой. Дотоодод мөнгөний нийлүүлэлтийн өсөлт тийм ч өндөр биш байгаа. Нөгөө талаас хүмүүсийн гар дээрх мөнгө бага учир инфляци огцом өсөхгүй. Манай улсын инфляци сүүлийн жилүүдэд валютын ханш, шатахуун, тээврийн зардал гэсэн гурван зүйлээс ихээхэн хамаарч ирлээ. Валютын ханш тогтвортой байгаа гол суурь шалтгаан бол нүүрс, зэсийн экспорт байна. Тэгэхээр эдгээр үзүүлэлтүүд өндөр байгаа учраас он дуустал ханшийн савлагаа явагдахааргүй харагдаж байна. Тэгэхээр валютын ханш инфляцийг өдөөхгүй болж байна. Бензин шатахууны тухайд дэлхийн эдийн засагт газрын тос нефтийн үнэ он гарснаас хойш тасралтгүй унасаар байна. Цаашид ч гэсэн одоогийн түвшиндээ хадгалагдах болов уу. Ачаа тээврийн хувьд одоо ямар ч гацалтгүй болсон. Яалт ч үгүй Орос болон Украинаас ирж буй бараа бүтээгдэхүүн Энэтхэгийн далайгаар дамжиж байгаа учир энэ тал дээр зардалтай байна. Бусдаар бол тогтвортой байгаа.

-Долларын ханш 3000 руу орох ямар боломж байна. Ер нь цаашид валютын ханш яахаар байна вэ?

-Төгрөгийн ханшийг чангаруулахын тулд орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Харин гарах урсгалыг бууруулах хэрэгтэй байна. Валютын орох урсгалд Монгол Улсаас гарч байгаа экспорт, гадаадын хөрөнгө оруулалтууд багтана. Үүний үр дүнд хүүгүй өртөггүй буюу хувьцаагаар хөрөнгө оруулалтууд байвал сайн. Оюутолгой шиг том төслийн хөрөнгө оруулалтууд гэсэн үг. Дараагийнх нь бонд босгох, зээл авч Монгол Улсдаа валют авчрах гэсэн гурван үзүүлэлт байгаа. Энэ гурван сувгийн алинаар нь ч орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлж байж ам.долларын ханш 3000-аас буух боломжтой. Нөгөө талдаа импорт, өрийн төлөлт гэдэг хоёр гол зардал байгаа. Хэдийгээр Засгийн газрын өрийн томоохон төлөлтүүд маань хойшилсон ч хүүгийн дарамтууд хэвээрээ байгаа. Импортыг орлох дотоодын үйлдвэрлэл хөгжиж байж л валютын ханш суларна. Ямар нэгэн байдлаар валютын орлого олох эх үүсвэртэй байснаар долларын ханш доошилно гэсэн үг. Одоогийнх шигээ зөвхөн нүүрс зэсэндээ найдаад байх юм бол бодит ханш хэлбэлзэлтэй хэвээр байна.

-Эдийн засаг өсөлттэй байгаа боловч ард иргэд үнийн хөөрөгдөлтөд нухлуулж байна. Энэ өсөлт хэр удаан хадгалагдах бол. Эдийн засгаа тэлэх ямар бодит боломжууд байна вэ?

-Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн нь экспортын тэр дундаа уул уурхайн салбарын богино хугацааны ханшийн өндөр өсөлт, гарцын хэмжээнээс хамаарч байгаа. Уул уурхайн салбар нь өөрөө их онцлогтой. Энэ салбараас орж ирсэн өсөлт нь цөөхөн буюу тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүст л хүрдэг. Харин нийт эдийн засагт төдийлөн хүрдэггүй. Нэг орлогын эх үүсвэрээс маш их хэмжээний өсөлт гаргаад байгаа. Гэвч энэ өсөлтийг буцаад эдийн засагт хүртээмжтэй хүргэх бодлого дутагдаад байна гэсэн үг. Тэгэхээр уул уурхайгаас олж байгаа өсөлтийг иргэдийн амьдралд шууд хүргэхийн тулд зардлуудыг бууруулж болох юм. Хамгийн том зардал бол зээлийн хүү байна. Зээлийн хүүг бууруулахын тулд бодлогын хүүг бууруулах ёстой. Валютын ханш тогтвортой байсан тохиолдолд бодлогын хүү буурна. Хоёрдугаарт, дэд бүтцийн салбарууддаа шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа хийж зардлуудаа бууруулах боломжтой. Одоогийн цалин тэтгэвэр гэхээсээ илүү ийм бодлогын арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь улс төрийн цикльтэй нь давхцаад ингэж чадахгүй байх шиг байна. Аль болох дэд бүтцүүдээ хөгжүүлж байж эдийн засгийн өсөлт урт хугацаанд хадгалагдана. Одоогийн үүлэн чөлөөний нар шиг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтөд найдаад байх юм бол энэ эдийн засгийн өсөлт удаан хугацаанд хадгалагдаж чадахгүй. Дахиад 2016, 2010 оных шиг томоохон эдийн засгийн уналтууд гарч ирэх нь гарцаагүй. Тэр үед нь хил, гааль, гадаад орчин ямар байхыг таашгүй учраас өндөр эрсдэлтэй байгаа.

Эдийн засгаа тэлье гэвэл боомтын сэргэлтийн бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ ажил урагштай яваад байх юм бол уул уурхайгаас орж ирж байгаа орлогын урсгалыг олон салбарт хүргэх хамгийн гол бүтэц нь дэд бүтэц, боомт болчихоод байгаа. Цаашид эдийн засгийн өсөлт энэ салбараас ихээхэн хамаарах болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Хуц [202.9.47.63] 2023-06-08 18:43:30

Нам дагасан өлөн бөгс цүнх баригч долоогчид хулгаа хииж баяждаг газар монгол ул шалаараа дуудуулсан чацага царайлсан гэдэг нь үнэн гурил төмс махаал ярь гүнбалайгиин хэлдэг үнэн

зочин [122.201.26.210] 2023-06-08 13:18:21

50-200 мянган төгрөгөөр нэмээд ямарч өөрчлөгдөхгүй. Өдөр болгон өсөн нэмэгдэж байгаа хүнс болон өргөн хэрэглээний барааныхаа үнийг бариач ээ. Харин өргөн хэрэглээний барааны үнээ буулгаьал нийгэм хүн ардад нөлөөлнө. өнөөдөр байсан юм маргааш 5, 10 төгрөгөөр нэмэгдээд байхад мөнгө нэмээд ямарч ялгаагүй. Ядахдаа мах гурил чихэр будааныхаа үнийг тогтворжуулах хэрэгтэй. баянчууд гээд нийгмийн хөрөнгнөөс хумсалж баяжсан хүмүүсийг сайн шалгаач.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.