NHK: ИБУИНХУ дахь БНХАУ-ын “Цагдаагийн” дөрвөн хэсгийг хаажээ

Aдмин / Гадаад мэдээ

Улсынх нь хэмжээнд дөрвөн байршилд үйл ажиллагаа явуулж байсан Хятадын цагдаагийн дөрвөн хэсэг татан буугдсан тухай Их Британийн Засгийн газар мэдэгджээ.

Лондон хотод нэг нь байршин ажиллаж байсан тэдгээр 4 нэгж бүрэлдэхүүний талаарх мөрдөн шалгалтын дүнг Британийн Засгийн газар энэ 7 хоногийн мягмар гарагт нийтлүүлсэн юм байна.

Япон, АНУ болон Европын орнууд зэрэг дэлхийн 50 гаруй улсад Хятадын цагдаагийн 100 гаруй хэсэг ажиллаж, хилийн чанад дахь хятад иргэд, түүний дотор тэрс үзэлтнүүдийг хянаж, тэдэнд шахалт дарамт үзүүлдэг тухай Испанид төвтэй нэгэн олон нийтийн байгууллага өнгөрсөн онд анх мэдээлж байжээ.

“Тийм нэгжүүд бүгд татан буугдсан" гэж Хятадын Элчин сайдын яамнаас иш татан Их Британийн Аюулгүй байдлын сайд Том Тухендат мэдээлсэн гэж “Эн-Эйч-Кей” уламжилж байна.

Тухайн нэгж хэсгүүдээр дамжуулж Хятадын төрийн нэрийн өмнөөс хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдэг ямар ч баримт нотолгоо одоогоор байхгүй байгааг сайд мөн дурджээ.

Хятадын цагдаагийн албан бус хэсэг нэгжүүд Их Британид ажиллаж, эрх чөлөө, аюулгүй байдлын сэдлээр Хятадыг орхин явсан хүмүүсийг “түгшээж, айлган ичээх” явдал гаргавал энэ нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэдгийг Британийн Аюулгүй байдлын сайд мэдэгдсэн байна.

Түүний энэ мэдэгдлийн дараа Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбин, Хятад улс ийм “цагдаагийн хэсгүүд” ажиллуулж байгаагүй гэдгийг дахин мэдэгдэж, Хятад улс “олон улсын эрх зүйг чанд мөрдөж, бусад улсын тусгаар бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг” гэдгийг онцолжээ.

Мөн Их Британийг “бодит байдалд хүндэтгэлтэй хандаж”, “энэ асуудлыг дэвэргэн, Хятад улсын талаар цуурхал дэгдээхээ зогсоох” ёстой гэжээ.

"Эн-Эйч-Кей"-гийн мэдээнд дурдсанаар, өөр бусад улс мөн энэ асуудлаар мөрдлөг шалгалт явуулж байгаа юм байна.

Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яам Нью-Йоркт нууц цагдаагийн хэсэг байгуулж, ажиллуулсан хэргээр хоёр хүнийг баривчилсан гэж тэр мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.