ИБУИНХУ Украины сэргээн босголтод 3 тэрбум доллар гаргана

Aдмин / Гадаад мэдээ

Лондонд Украины сэргээн босголтын асуудлаарх хоёр өдрийн олон улсын бага хурал эхэлсэн. Энэ хурлын эхэнд Их Британи улс Украины сэргээн босголтод зориулж ирэх 3 жилд 3 тэрбум доллар гаргахаар болсноо зарлаж байна. Ерөнхий сайд Риши Сунак хурал дээр энэ тухай албан ёсоор мэдэгдэх юм байна. Мөн Европын Комисс Киевт зориулж ирэх 4 жилд зээл тэтгэлэг хэлбэрээр 50 тэрбум долларын нөөц бүрдүүлэх санал дэвшүүлж байна.

Их Британийн Засгийн газрын баталгаагаар Дэлхийн банкнаас олгох 3 тэрбумын зээлийн хөрөнгө Украины сургууль, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна. Үүнээс гадна Британи хөрөнгө оруулалтын агентлагаараа дамжуулж Украинд 250 сая фунт стерлинг буюу 319 сая ам.долларын хөрөнгө оруулахаа амлаж байна. Британийн Засгийн газрын мэдээлснээр, дайны уршгаар Украины ДНБ өнгөрсөн онд 29 хувиар буюу 140 тэрбум гаруйхан ам.доллар болтлоо унажээ.

Мөн Украины Засгийн газар, Ерөнхийлөгч Зеленский шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа илүү нээлттэй, ил тод, хөрөнгө оруулалтад бэлэн болгох амлалт өгч байгаа гэдгийг Риши Сунак бага хурлын нээлт дээр мэдэгдлээ. Украины сэргээн босголтод хувийн хэвшлийнхний оролцоог гол авч хэлэлцэх энэ бага хуралд Дэлхийн банк болон хөгжлийн асуудал эрхэлсэн бусад олон талт байгууллагууд голлох үүрэгтэй оролцож байгаа юм байна.

Түүний дотор Европын комисс мөн, ирэх 4 жилд Европын Холбооны сангуудаас Украинд зориулж зээл, тэтгэлэг хэлбэрээр 50 тэрбум ам.доллар нөөцлөхийг санал болгож байна. Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен өчигдөр энэ тухай мэдэгдээд, Европын Холбооны гишүүн 27 улсыг үүнд зориулж ЕХ-ны төсөвт нэмэлт хураамж төлөх уриалга дэвшүүлсэн байна. Энд яригдаж байгаа 50 тэрбум ам.долларыг цуглуулж чадвал 2024-2027 оны хооронд ЕХ Киевт жилд дунджаар 12,5 тэрбум еврогийн тусламж үзүүлэх боломж бүрдэнэ. Тэгвэл зөвхөн энэ 2023 оны тухайд Брюсселиэс Киевт үзүүлэх 18 тэрбум еврогийн төсвийн тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүний зэрэгцээ Украины дайны дараах сэргээн босголтод нийтдээ зардал 411 тэрбум доллар зарцуулагдах тооцоо өнгөрөгч 3-р сард гарч байсан. Гэхдээ дайн үргэлжлэх хэрээр энэ дүн улам өндөрсөнө гэсэн үг болж байгааг Дэлхийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Анна Бьерде мөн Лондонгийн бага хурлын босгон дээр BBC-д ярьсан байна.

Түүний ярьснаар, Украинд энэ он дуусталх санхүүжилтэд 14 тэрбум ам.доллар шуурхай дэмжлэг шаардлагатай. Энэ мөнгө тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ болон эмч, багш нарын цалин зэрэг нийгмийн үндсэн зардалд ашиглагдахаас гадна зам, эрчим хүчний системийн засвар зэрэг дайны үед эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдах учиртай байна. Лондонд эхэлсэн, Украины сэргээн босголтын асуудлаарх хоёр өдрийн бага хуралд Европын комиссын дарга Урсула Фон Дер Ляйен, АНУ-ын ТНБД, Украины Ерөнхий сайд Денис Шмыхаль зэрэг 61 улсын өндөр дээд албаныхнаас гадна 38 улсын 400 гаруй компанийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Украины Ерөнхийлөгч энэ бага хуралд оролцогчдод хандаж видео холбоосоор үг хэлэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [209.52.88.8] 2023-06-28 04:27:51

Украин ёроолгүй сав болсон гэж мэдэхгүй л байна даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.