Ш.БАТХҮҮГИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, Г.АЛТАН, Э.СҮРЭН, Б.МӨНХЖАРГАЛ НАРЫГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг зургаадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Хадгаламж банкийг дампууруулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг Английн "Стандарт" банкны Өмнөд Африк дахь салбарт барьцаалж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан гэх Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анх 2013 оноос шалгаж эхэлж байжээ.


Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шүүгч Б.Батцэрэн "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтооход хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хангалттай хүрэлцэхүйц байх шаардлага хангагдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тэднийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

Тийм учраас шүүгдэгч Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж байна" гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Батхүүд есөн жилийн хорих ял оноож байсан юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт орууллаа. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭРҮҮД:

Хэргийн түүхэн үйл явцыг цаг хугацааны дарааллаар харуулсан инфографикыг энд дарж үзнэ үү.

Анхан шатны шүүх хурлын шийдвэр Г.Амарбат, Г.Алтан нарт холбогдох хэрэгт

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

2022.11.08

Ш.Батхүүд холбогдох хэрэгт

Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Улмаар Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулсан байна.

2022.11.08

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Э.Сүрэн нарт холбогдох хэрэгт

Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

2022.11.08

Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байна.


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2023-07-06 20:18:18

MUUSAIN ABILGAGCHID HEREG HIICHEHEED TYYNEE HYLEEHGYI IIS TIIS NI BYLTYYLAAD BAIGAAM UU,;;;;nOBSNYYD CHINI SORONDOO ORJ HARIUZLAGAA EERSDEE HYLEE;;;;;;

Зочин [103.212.117.160] 2023-07-03 22:43:10

Ганзориг гэж авлигачин тэрбумын өрөө төлөх ёстой шүү. Энэ луйварчинд тэрбум төг өг закускагы үнэ шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.