БРИКС-ийн 15 дахь удаагийн хурал дээр шинээр гишүүн улс элсүүлэх талаар хэлэлцэнэ
Наймдугаар сарын 22-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо БРИКС-ийн бүлгийн 15 дахь удаагийн хурал зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын дараа анх удаа биечлэн хуралдах гэж байгаа нь энэ юм. Энэ удаагийн хурлын онцлог нь “БРИКС ба Африк” гэх нэрийн дор зохион байгуулагдаж байгаа юм. Хурлын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь шинэ гишүүдийг элсүүлэх юм байна.
БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван улсаас бүрдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Анх БРИКС нь 100 тэрбум ам долларын сан байгуулж, гишүүн орнууд яаралтай үед уг сангаасаа мөнгөн тусламж авдаг байхаар тогтож байсан байна. Хожим нь Дэлхийн банкнаас санаа авч Шинэ Хөгжлийн банк нэртэй олон улсын банкийг үүсгэн байгуулсан.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар 2023 онд БРИКС-ийн орнуудын дунд хэрэглэдэг олон улсын валюттай болох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Мөн түүнчлэн дэлхий даяар БРИКС-т элсэх сонирхолтой 40 гаруй улс байдгаас 22 нь аль хэдийн хүсэлтээ илгээсэн байна. Энэ удаагийн хурлыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс даргалж байна. Хурлын үеэр Саудын Араб, Иран, Египет, Индонез зэрэг 22 орны элсэх хүсэлтийг авч хэлэлцэнэ гэж даргалагч орны зүгээс мэдээлж байна.
Кэйптауны Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Энтони Блайк БРИКС-ийн бүлгийн нөлөөлөл дэлхий дахинд улам нэмэгдэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн БРИКС нь барууны хөгжингүй орнуудын эсрэг сөрөн гарч ирж байгаа эдийн засгийн томоохон байгууллага гэж сүүлийн жилүүдэд тооцогдож байгааг хэлж байна. Түүнчлэн дэлхий даяар гуравдагч ертөнцийн орнуудыг гишүүн болгон элсүүлснээр хөгжиж буй орнуудын төлөөлөл болох боломж бүрэн нээлттэй байна гэдгийг онцолсон. Одоогийн олон туйлт олон улсын системд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчний тэнцвэр улам нэмэгдэх хандлагатай гэсэн таамаглалыг хурлын ажиглагчид дэвшүүлж байгаа юм.
Сэтгэгдэл