“iPhone 15” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлнэ

Aдмин / Технологи

Америкийн “Apple” компанийн ханган нийлүүлэгч “Foxconn” компани үйлдвэрлэлээ Хятадаас өөр улсад төрөлжүүлэн явуулах зорилгоор “iPhone 15” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн тухай “Bloomberg” агентлаг лхагва гарагт мэдээллээ. “Foxconn” компанийн Сриперумбудур хот дахь үйлдвэр нь Хятадад төвтэй үйлдвэрүүдээсээ эд ангиудаа татан авч эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараа гар утаснуудаа үйлдвэрлэхэд бэлэн болжээ.

АНУ, Хятадын харилцаа хурцадсаар байгаагаас үүдэн “Apple” компани нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж буй юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой энэ онд Цагаан ордонд уулзсаныхаа дараа “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө, Энэтхэгт “асар том боломж” байгааг онцолж байв.

АНУ-ын хоёр намын зүгээс Хятадын Засгийн газарт үл итгэх хандлага гаргаж байгаа энэ үед Ж.Байдены засаг захиргаа Хятад руу чиглэсэн чухал технологиуд ба хөрөнгө оруулалтыг хязгаарлах шийдвэрийг гаргаад байгаа билээ. Хятад улс ч мөн Америкийн зарим төрлийн хагас дамжуулагчийн борлуулалтад хязгаарлалт тавьсан юм.

“Apple” саяхнаас Энэтхэгт “iPhone” гар утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өнгөрсөн санхүүгийн жилд тэнд 7 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий гар утас угсарсан гэж “Bloomberg” өмнө нь мэдээлжээ. “Apple” компани “iPhone” гар утасныхаа 7 орчим хувийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа тухай дөрөвдүгээр сард мэдээлж байв. Үүнээс өмнө Энэтхэгт “iPhone”-н угсралт Хятадынхаас 6-9 сараар хоцорч байсан боловч одоо энэ зөрүү мэдэгдэхүйц багассан тухай “Bloomberg”-ийн мэдээнд дурджээ.

“Apple” жил бүрийн есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулдаг арга хэмжээнийхээ үеэр “iPhone”-н шинэ загваруудаа танилцуулдаг. Энэ жилийн бүтээгдэхүүнүүдэд гарах шинэчлэлтийн хувьд гэвэл, камерыг нэлээд сайжруулсан ба “Pro” загварууд сайжруулсан процессортойгоор худалдаанд гарах төлөвтэй байна.

Түүнээс гадна, “Tata” группийн худалдаж авсан “Pegatron”, “Wistron” үйлдвэрүүд удахгүй Энэтхэгт “iPhone 15”-г угсарч эхэлнэ гэж дээрх мэдээнд дурджээ. Харин “Pegatron” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.