Орон нутгийн иргэдийн дунд илүүдэл жин, чихрийн шижингийн өвчлөл их байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын эхний баг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дөрөв хоног ажиллаад ирсэн бол хоёрдугаар ээлжийнхэн энэ сарын 24-нөөс Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байна. Эмч нарын багийг ахалж яваа УНТЭ-ийн Эмнэлзүйн албаны дарга Л.Ундармаа “Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр УНТЭ нь Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг долоон аймагт ажиллахаар болсон. Эмч нарын эхний баг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаад ирсэн бол энэ удаа Говьсүмбэр, Дорноговь аймагт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Долоо хоногийн хугацаатай УНТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүд, ХӨСҮТ-ийн халдвартын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, орон нутгийн 18-60 насны иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулахаас гадна өмнө нь эрт илрүүлэгт ороод өвчлөлтэй гарсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх тул Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна” хэмээв.

Орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоог эрчимжүүлэх үүрэгтэй ажиллах эмч нарын багийн гишүүн тус эмнэлгийн хоол зүйч Э.Санчир “Бид эрт илрүүлэг, оношилгоог орон нутагт очиж хийхдээ тухайн аймагт ямар өвчлөл их байгааг судалж тухайн онцлогт нь тохируулан эмч нарын багийг гаргаж байна. Хөдөө орон нутагт халдварын бус өвчлөл буюу илүүдэл жин, чихрийн шижин зэрэг өвчлөл их байна. Энэ нь бидний амьдралын хэвшлээс 100 хувь хамаардаг. Тийм учраас иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, ямар хоол хүнс хэрэглэх, юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө мэдээлэл өгнө” гэсэн юм.

УНТЭ-ийн эмч нарын баг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээ хийхээс гадна хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Мөн сүүлийн жилүүдэд халдварт бус өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул зүрх судас, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагт ажиллах багтаа оруулсан гэв.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-30 16:10:56

коланы буруу. хоол чихэж идээд кола ууж хүчээр чигжээд хоол сайн шингэж байна гэж бодоод гудараад байж байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.