Дотоод орчны агаарын чанарт судалгаа хийсэн багийн гишүүн О.Оюун-Эрдэнэ: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой

Aдмин / Нийгэм

Манай улс 2020 оноос сайжруулсан түлш буюу утаагүй түлшийг хэрэглэж эхэлсэн. гэвч жилийн жилд утаа нэмэгдсээр сайжруулсан түлш хэрэглэж эхлээгүй үетэйгээ дүйцэж очсон нь нүднээ илхэн харагддаг. Энэ талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Сономдагва ярихдаа “Тухайн сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн жилд салхи ихтэй, хур тунадастай жил байсан учраас хүмүүст агаарын бохирдол багассан юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Харин 2021-2022 онд салхи багатай, хур тунадас урьд жилийнхээс бага орсон учраас буцаад агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн хэлж байв.

Утаа ихэссэн шалтгааныг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй байгаа учраас манан ихтэй байна. Тиймээс утаа ихэссэн. Хоёрдугаарт, шахмал түлш хямдарсантай холбоотойгоор хэрэглээ их байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт 2500 тонн шахмал түлш түлдэг байсан бол энэ жил 3500 тонныг түлж байна. Тэгэхээр утаа өнгөрсөн оныхоос 10-15 хувиар нэмэгдсэн” хэмээн хэлж байсныг иргэд мартаагүй байх. Харин энэ талаарх ул суурьтай шинжилгээ судалгааг хийсэн байдаг эсэхийг тодрууллаа.

Сайжруулсан түлшний хэрэглээг энгийн зуух болон төслийн зууханд ямар ялгаатай шатаж буй судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЦУОШГ-ын байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Монголын талбарын тархвар судлалын төгсөгчдийн холбоо, Нью-Йоркийн их сургууль, “Ач” анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хамтран “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” хэмээх судалгааг хийжээ.

Уг судалгаанд дурдсанаар “Гадаад орчны бохирдлоос гадна гэр сууцны халаалт, хоол үйлдвэрлэлд биомасс түлш, нүүрс хэрэглэдэг 2.5 тэрбум хүний эрүүл мэнд дотоод орчны агаарын бохирдол ноцтой эрсдэл учруулсаар байна. 2015 онд 3.8 сая хүн цаг бусаар эндсэн нь өрхийн агаарын бохирдлоос шалтгаалсан байна. Монгол Улс суурьшлын бүсийн агаарын бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрт чиглэсэн гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулалт, зуухны шинэчлэл, түүхий нүүрснийг сайжруулсан түлшээр солих зэрэг дунд хугацааны арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Гэвч суурьшлын бүсийн агаарын чанар ДЭМБ-ын удирдамжийн дунд хугацааны нэгдүгээр зорилтод ч хүрээгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна” хэмээжээ. Ингээд судалгааны баг нийслэлийн Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргээс 84 айлыг сонгон авч судалгаанд хамруулсан байна. Ингэхдээ энгийн болон төслийн зуухтай айлуудыг хамруулжээ. Судалгааг 24 цагийн турш тасралтгүй явуулав.

Судалгааны дүнд “Өрхийн дотоод орчны агаар дахь химийн бохирдуулагчдын 24 цагийн дундаж концетраци хүхэрлэг хий Дөл зуухтай байшин сууцанд Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшинд байна.

Харин энгийн зуухтай гэр болон байшин сууцанд сайжруулсан түлшийг түлэхэд 24 цагийн хүхрийн давхар ислийн концентраци Монгол Улсын MNS4585:2016 стандарт болон ДЭМБ-ын 2021 оны удирдамжид заасан түвшнээс 1.3-2.92 дахин өндөр байна. Сайжруулсан түлшээр галласан Дөл зуухтай байшин болон гэр сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан түвшин байна. Харин энгийн зуухтай байшин сууцны дотоод орчны агаарын азотын давхар ислийн 24 цагийн дундаж концентраци Монгол Улсын агаарын чанарын MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс 1.73 дахин ихэссэн байна” гэжээ. Тус судалгааны үр дүнгээр төслийн зуухтай байшин болон гэр сууцанд амьдарч буй хүмүүс агаарын чанар сайтай байна хэмээн гарчээ.

Тэгвэл сайжруулсан түлшийг төслийн зууханд түлсэн айлууд дотоод орчны агаарын хувьд стандарт нормд заасан хэмжээнд байсан уу гэдгийг иргэдээс тодрууллаа.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Булгантай ярилцлаа.

-Танайх ямар сууцанд амьдардаг вэ?

-Таван ханатай гэрт амьдардаг.

-Ямар зуухтай вэ?

-Өлзий зуухтай.

-Сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

-Засгийн газрын шийдвэр гараад түүхий нүүрс суурьшлын бүсэд түлэхийг хориглосон цагаас хойш хэрэглэсэн.

Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар угаартах, эрүүл мэндэд сөрөг зүйл илэрсэн үү?

-Хэд хэдэн удаа угаартсан. Толгой өвдөж манарах, бөөлжих, дотор муухайрах шинж тэмдгүүд заримдаа ихээр илэрдэг болсон.

-Үүнийг та сайжруулсан түлштэй хамаатай гэж үзэж байна уу?

-Түүхий нүүрс хэрэглэдэг байхад ингэж угаартаж байгаагүй. Сайжруулсан гэх түлшний чанар жил бүр муудаж байна. Маш их тортогтой. Гал түлж эхлэхэд маш их утаа гардаг. Бүр хав хар утаа гарна. Шатаж дууссаны дараа маш их үнс гардаг. Гэрийн дээвэр тал хав хар тортогтой болдог. Түүхий нүүрс түлдэг байхад ийм их тортог суудаггүй байсан. Өвөлдөө бүх зүйл хүрэхэд л нил тортог, гар хумс хуруу байнгын нүүрсний өлөн хиртэй байдаг болсон. Угаагаад арилахгүй.

-Өөр зүйлүүд ажиглагдаж байна уу?

-Өглөө болгон толгой өвдөж сэрдэг. Үнэхээр хэцүү, толгой даагдахгүй. Ер нь л манай гэр бүл, гэр бүл ч гэлтгүй гал түлдэг танил тал, найз нөхөд, ойр хавийнхан бүгд ярьж байна. сайжруулсан түлшинд сайжирсан зүйл юу ч алга. Эхний жил овоо гайгүй байсан. Жил бүр муудсаар одоо худалдаж авахад л нил үйрмэг. Шуудайтай түлшний талаас илүү хувь нь үйрмэг болчихсон байдаг. Барьцалдуулагч бодисгүй хоёрдугаар гурил хольдог гэдэг нь үнэн байх. Гал түлэхээр зууханд хийх хооронд бужигнасан их тоос гардаг. Тэр нь гурил нь байх магадлалтай. Тэгээд үүнийгээ сайжирсан гээд байгаа. Энгийн хүний нүдээр харахад ч илт байна шүү дээ. Өөрсдөө гал түлж үзээгүй хүмүүс энэ талаар юу мэдэж шийдвэр гаргадаг юм бэ. Гал түлснээс хойш хувцас хэрэглэлээ угаахаар нэг эргүүлээд гаргаж ирэхэд л хав хар нүүрсэн дээр өнхрөөд боссон юм шиг л хир гардаг. Үүнийг шинжилж судалдаг газар гэж байна уу. Дунд боловсролтой би хүртэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь мэдээд байна шүү дээ.

-Танай гэр бүлээс эсвэл таньдаг хүмүүсээс энэ түлшнээс болж эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт хандсан тохиолдол бий юу?

-Манай худууд энэ түлшийг хэрэглэж эхэлсэн жил угаартсан. Эхнэр нь тэр даруй нас барж, нөхөр нь одоо хөгжлийн бэрхшээлтэй болж бэрийн маань асрамжид ороод байна.

-Энэ хэзээ болсон үйл явдал вэ?

-2021 оны нэгдүгээр сард болсон.

Иргэн ийн ярилаа. Сайжруулсан түлшинд хяналт шалгалт хийж байсан тухайн үеийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн ингэж ярьж байлаа. “Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муудсан. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Үүнийг тодруулахад, “Тавантолгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна. Бид түлшний бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үйрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үйрмэг үүсч байна” хэмээн ярьж байлаа.

Тэгвэл тухайн үед төслийн зуух авч чадаагүй айлууд нийслэлийн хэмжээнд маш их байдаг аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Н.Базар ярихдаа “Анх төслийн зуух хорооноос өгөхөд нь авахаар очтол манай нэр дээр хүн авчихсан байсан. Нэг өрхөд нэг зуух гэж байсан учир тухайн үедээ олж авч чадаагүй. Тэгээд л өнгөрсөн. Дараа нь сураг сонсох нь ээ манай нэр дээрх зуухыг хорооны хэсгийн ахлагч аваад хөдөө хамаатан руугаа явуулчихсан байсан” гэв.

Ингэж иргэдэд ёстой байсан төслийн зуух замаасаа алга болсон тохиолдлууд олон. Тэгвэл төслийн зуухгүй айлууд л зөвхөн угаартаад байна уу. 2019 оны цагдаагийн байгууллагын тайланд “өмнөх арван жилийн байдлаар угаартсан 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлжээ. Үүний шалтгаан нөхцөлийг авч үзэхэд, гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байв. Үүнээс ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид ажилласан тухай тайландаа дурджээ.

2023 оны эхний хагаст нийслэлийн долоон дүүрэгт, 21 аймагт нийт 1720 хүн угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хамгийн сүүлд олон хүн бөөнөөр угаартсан тохиолдол тавдугаар сарын 31-ний шөнө нийслэлийн хэмжээнд 40 хүн угаартаж, найм нас барсан хэрэг гарсан байдаг. Үүний хоёр нь бага насны хүүхэд байсан.

Энэ талаар “Сайжруулсан түлшний шаталтаас дотоод орчинд ялгарах хийн бохирдуулагчдын концентрацийг тодорхойлсон дүн” судалгааг хийсэн багийн гишүүн, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай багийнхны хийсэн судалгаагаар төслийн зуухтай айлуудын дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнд байна гэсэн. Төслийн болон энгийн зуухны ялгаа ямар болоод бохирдол зөрүүтэй гарав?

-Төслийн зууханд гал түлснээр дотоод орчны бохирдол ялгаатай байгаа болохоос төслийн зуух нь агаарын бохирдол үүсгэдэггүй гэсэн үг биш. Яагаад гэхээр зуухан дотор нүүрс шатна. Тэр тохиолдолд дотоод орчинд их бага ямар нэг хэмжээгээр бохирдол үүснэ. Нүүрс шатахын тулд хүчилтөрөгч зарцуулна. Хүчилтөрөгч зарцуулах явцдаа дутуу шаталт үүсч байдаг. Тэр дутуу шаталт дотоод орчинд зуух яндангийн битүүмжлэлээс хамаарч бохирдол үүснэ. Ямар ч зуух заавал ч үгүй агаар оруулах нэг нүхтэй. Тэр нүхээр бохирдол гадагшилж л байдаг. Энгийн зууханд нүүрс шатаах үед гарч байгаа бохирдуулагчийн түвшин, төслийн зууханд шатаах үед гарч байгаа бохирдлын түвшин ялгаатай гарсан.

Энэ Нэгдүгээрт, үүнд шаталт болон ялгарч байгаа бохир дуудагчдын ялгарч буй концентрацийн хувьд ялгаатай зүйлүүд байдаг. Хоёрдугаарт, төслийн зуухтай ч гэсэн маш их бохирдол гарч буй айлууд бий. Тэр нь буруу галлагаанаас эсвэл ямар нэг байдлаар зуухны битүүмжлэл алдагдахад үүддэг. Зуухаа хэт дүүргэх, буруу шатаах, буруу талаас нь галаа түлэх гэх мэтээр бохирдол их гаргадаг. Жишээ нь, төслийн зуухтай хэрнээ угаартсан айлууд бий. Тэд дээрх жишээгээр буруу галласан. Зарим нь яндан дээрээ давхар яндан хийсэн. Тэгээд доторх яндан нь хугардаг шалтгаанууд бий.

-Энгийн зуух болон төслийн зуух бохирдлын хувьд дээрх ялгаатай юм байна. Агаарт бохирдол үүсгэхэд галлагааны тоо хамаарах уу?

-Гал түлж эхлэхэд утаа ихээр гардаг. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлдөг. Жишээ нь, бидний хийсэн судалгаагаар өдөржин гэртээ хүнтэй байдаг төслийн зуухтай айлууд өдөрт дунджаар 2.1 удаа гал түлж байсан бол энгийн зуухтай айлууд 3-4 удаа гал түлж байсан.

-Сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглэсэн тухай сүүлд мэдэгдэл гарсан. Өмнө нь туршдаггүй юм уу?

-Нүүрс түлж байгаа дотоод орчинд ямар бохирдол үүсч байна вэ гэдгийг хэр олон удаа туршиж үзсэн бэ гэдэг судалгааг хэд хэдэн удаа хийсэн бэ? Энэ бол тухайн түлш үйлдвэрлэж байгаа газар мэдээлэл хийх ёстой. Гэтэл шууд хүн дээр туршаад байна уу? Бас энэ асуулт мэдээлэл хүргэх хэрэгтэй. Үүнийг тухайн түлш үйлдвэрлэгч компани өөрийн лабораторид судалгаа хийж, тухайн технологийг шинэчлэх эрмэлзлэлийг хэрхэн хийсэн тухай судлах ёстой. Нүүрс түлэх гэр, байшин янз бүрийн орчинд бий. Янз бүрийн зуух байна. Гэтэл дотоод орчинд ямар бохирдол үүсдэг вэ. Хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний бохирдол үүсч байна уу. Тэгвэл тэр технологийг яаж сайжруулах вэ. Үүнийгээ хийж байгаа юу. Эцсийн хэрэглэгч нь хүн, өрх айлууд байгаа. Өрх дотор хэн байдаг вэ. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд хамгийн эмзэг бүлгийнхэн байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл хөдөлмөрлөх насны хүн ам орно. Эцсийн хэрэглэгч нь хүн учраас хүн хордож, эрүүл мэндэд асуудал үүсгэхгүй байх ёстой. Өнөөдөр дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүйгээс болоод хамгийн энгийн, дэлхийд маш ховор тохиолддог нүүрстөрөгчийн давхар ислийн хордлогод хүүхдүүд өртөж байна.

Жишээ нь, сүүлийн үед гараад байгаа ерөнхий боловсрол сургуулийн зориулалтын бус байранд сурагчдыг хичээллүүлж байгаа асуудал , Налайхад болсон үйл явдал тийм байх боломжтой. Налайхад CO2-оос хордсон гэдгийг тархвар зүйн судалгаагаар гаргаад ирсэн. Сургуулийн хүүхдүүдийг олноор нь сургах байрыг сонгохдоо стандарт дүрэм журмыг бариач ээ, үүн дээр нь хяналтаа тавиач ээ гэдэг зөвлөмжийг бид удаа дараа өгсөн. Энэхүү зөвлөмжийг дагаагүй. Яагаад гэхээр дагах нөхцөлд нь нэг чухал хэсэг нь орчны эрүүл мэндийн үнэлгээ хийлгэх ялангуяа хамгийн түрүүнд дотоод орчны агаарын чанарын үнэлгээ хийгдэх ёстой байсан. түүнийг стандартаар мөрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад тэр стандарт байхгүй. Бид энэ стандартыг батлуулахаар судалгаа хийгээд хоёр жил есөн сарын хугацаанд ажиллаж байна.

-Агаарт байх тоосонцрын хэмжээ дэлхийн стандарт нь PM2.5 байх ёстой. Гэтэл манайд үүнээс их байна гээд байгаа. Та бүхэн энэ талаар судалсан уу?

-Бид дотоод орчны агаарын чанарыг ямар хэм хэмжээнд байгааг тогтоох зорилготой Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд 9 сарын турш үргэлжилсэн 24 цагийн тасралтгүй хэмжилт судалгааг хийсэн. Өвлийн улиралд дотоод орчны PM2.5 тоосонцорын концентраци агаарын чанар ДЭМБ-ын зөвлөмжөөс 4 дахин болчихдог. Харин гадаад орчин дахь Монголын MNS4585:2016 стандартаас 1.1 дахин их байдаг. Зуны улиралд PM2.5 бохирдуулагч дотоод орчинд 24.8 мкг/м3-30 мкг/м3 -ын хооронд байдаг. Гэтэл ДЭМБ-ын 2021 оны удирдамжаар үүнийг 24 цагийн дундажийг гадаад орчинд 15мкг/м3 болго гээд заагаад өгчихсөн.

-Сайжруулсан түлш хэрэглэдэг айлууд жил ирэх тусам чанар нь муудаад байна. Үнс, тортог ихтэй, үйрмэгтэй байна гэдэг. Энэ нь дотоод орчны бохирдол агаарын чанарт нөлөөлдөг гэсэн үү?

-Тортог дотоод орчны бохирдолд нөлөөлнө. Тортгийн судалгаа дэлхий нийтэд хийгдэж байгаа. Гэхдээ стандартчилах түвшинд хийсэн судалгаа ховор. Тортог өөрөө олон янзын эх үүсвэрээс гардаг. Гэхдээ тортгийн судалгааг зайлшгүй хийх ёстой. Судалгаа шинжилгээний дэмжлэг олон чиглэлээр бидэнд хэрэгтэй байгаа. Олон улсын байгууллагуудаас л тодорхой хүрээнд дэмжлэг үзүүлж дээрх судалгаануудыг гүйцэтгэсэн.

-Сайжруулсан түлшний хоруу чанар түүхий нүүрснээс их байна гээд байгаа. Мэргэжлийн хүмүүс үүнийг судалсан болов уу?

-Дотоод орчинд сайжруулсан түлшний PM2.5 тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой. Гэхдээ дотоод орчныг бохирдуулахгүй гэсэн үг биш. Яагаад гэвэл ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс өндөр гарсан. Манай оронд стандарт байхгүй учраас бид ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахаас өөр аргагүй. Харин хоруу чанарын хувьд аваад үзэхэд угаарын хийн хордлогын өртөлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь олон талтай. Нэгдүгээрт, түүхий нүүрс дутуу шаталт өгөөд эхэлхээр униар угаар гараад хүний нүдэнд тоос тоосонцор үүсгэж, утаа нь харагддаг. Тэгэхээр хүмүүс хоолой хорсоод, нүд хорсож, нулимс гарахаар хаалга үүдээ онгойлгож, агаарын солилцоо явуулдаг. Тэнд гарч буй угаарын хийг гадагшлуулдаг. Гэтэл угаасан нүүрс буюу сайжруулсан түлшнийх хүний нүдэнд харагддаггүй. Энэхүү угаарын хийг хүн мэдэрдэггүй.

Ганцхан хулгана мэдэрдэг. Тэгэхээр үнэр, өнгө, амт байхгүй. Харагдахгүй, үнэрлэх мэдрэмжид огт нөлөөлөхгүй. Угаар мэдрэгч л түүнийг илрүүлнэ. Хүн өөрийнхөө мэдрэмжээр түүнийг тодруулах боломжгүй. Тийм учраас энэ угаарын хийн хордлого хүнийг шууд үхэлд хүргэж байна. Үүгээрээ сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой. Тиймээс л дотоод орчны агаарын чанарын стандарт Монгол Улсад хэрэгтэй. Стандартыг тогтоосныхоо үр дүнд бид тэр нүүрсээ лабораторид судалж үзээд, дотоод орчинд тийм бодис ялгарч байна, энэ нь илүү байна гэх мэтээр судлаад, мэдээлээд тухайн хорт бодис, хоруу чанарыг бууруулахын тулд арга хэмжээ авч технологи сайжрах ёстой. Ингэж агаарын чанарыг сайжруулах ёстой. Иргэддээ энэ мэдээллийг өгөх ёстой. Өнөөдөр нэн даруй яаралтай батлах стандарт дотоод орчны агаарын чанарын стандарт юм.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Д....н [66.181.180.89] 2023-10-04 09:21:13

Сайжруулсан нүүрсийг шалгах бүүр эхнээс нь шалгах хэрэгтэй

Зочин [66.181.188.133] 2023-09-27 23:19:22

Энэ олон хүнийг хоморголон устгасан хариуцлагыг ХҮК үүрэх ёстой

Зочин [59.153.115.236] 2023-09-27 21:46:58

Цавуудаж шахсан нүүрс .барьдуулагчтай нүүрс түлш биш

Zochin. [202.9.40.103] 2023-09-27 16:19:32

Эхлээд хүмүүст шаталт гэж юу юм бэ ?гэдгийгсайн ойлгуулж тайлбарлах хэрэгтэй.Бүрэн шаталт хүчилтөрөгчөөр хангагдсан үед явагдадгийг тайлбалаж, хүчилтөрөгч дутагдвал дутуу шаталт явагдаж СО үүсэдгийг анхааруулж ойлгуул! Бүрэн шаталт явуулхад бага чадлын сэнс ашиглах хэрэгтэй.Хятадууд зуухныхаа аман дээр сэнс тавьсан байдаг.Ер нь шахмалыг буруу хийгээд байгаа шүүдээ!!Жижигч гэсэн дундуур нь агаар салгэх нүхтэй хийх шаардлагатай!!’Бусад улсын шахмал бүгд нүхтэй байдаг! Шахаж нягтруулсан тул жирийн нүүрстэй харьцуулхад төвдөө хүчилтөрөгч дутагдаж дутуу шаталт болох боломжтойг анхаарах л хэрэгтэй шүү!!

Зочин [103.212.117.201] 2023-09-27 19:10:37

Ёстой үүнийг л ойлгоод түлш үйлдвэрлэгч нар хүн амьдрах нөхцөлд туршилтыг хийж байж амьдралд нэвтрүүлэх ёстой гэж л хэлээд байна. Цаашлаад нүүрнээсээр дулаанаа хангадаг байдлаа бууруулах шаардлагатай байна даа.

зочин [59.153.114.253] 2023-09-27 14:10:30

түүхий нүүрс маш сайн нүүрс шүү

Зочин [66.181.160.33] 2023-09-27 13:32:55

Сайжруулсан гасан нэртэй хороор МОНГОЛЧУУДЫГ хордуулаад дуусгачихвал энэ хэдэн луйварчдад л ашигтай байх даа

Зочин [202.9.46.4] 2023-09-27 12:53:00

2016 онд НЗД Су.Батболд, НОЁН Солиот Ганбатар нар сзрвис центр байгуулж гэр хорооллын айл өрхийг дулааны сүлжээнд холбож агаарын бохирдлыг бууруула гэсэн. өнөөдөр нэг ч айл тэр сервис центрт холболт хийгдээгүй байна.Энэ шахмал түлш гэгч түүхий нүүрснээс илүү их угаарын хий гаргадаг нь тогтоогдсон юм билээ.

Гб [66.181.160.63] 2023-09-27 19:06:47

Худлаа шаа, хаана тэгж тогтоосон байна, түүхий нүүрс хамаагүй хортой

Иргэн [202.9.46.247] 2023-09-27 12:17:35

Ард түмнээрээ туршаад байгаа юм уу Доторхи агаарын чанарт муу хоруу чанартай гэхээр гэр дотроо хордоод л үхээд байна шдээ Гаднахь агаарын чанар уу Гэр Доторхи агаарын чанар уу Хэн судлаад байгаа юм

Зочин [203.91.115.38] 2023-09-27 12:14:31

Энэ хогийн түлшнээс болж олон ч иргэд амь насаа алдлаа Одоо болиочээ Хүний амь авсан туршилтаа зогсооё МАН аа

Зочин [66.181.160.63] 2023-09-27 19:08:10

Хөдөөнөө очиж амьдоаачээ, ядахдаа үхэхгүй

Зочин [206.83.125.91] 2023-09-27 11:28:11

тийм бол хортой нүүрс түлүүлж хүний амь хохироосон хүн буруутай


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.