Чипний эрэлтээс шалтгаалан Самсунгийн ашиг 78 хувиар буурчээ
Тоног төхөөрөмжүүдийн эрэлт хэрэгцээ ердийн үеийнхээс бага байгаагаас шалтгаалан Самсунг компанийн гуравдугаар улирлын үйл ажиллагааны ашиг нь 78 хувиар буурч магадгүй гэдгийг тус компанийн удирдлага анхааруулан мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын технологийн энэхүү аварга компани лхагва гарагт ашгийнхаа тооцоог гаргасан бөгөдө есдүгээр сард дууссан гуравдугаар улирлын үйл ажиллагааныхаа ашгийг 2.4 их наяд солонгос вон (1.8 тэрбум ам.доллар) гэж таамаглан тооцоолжээ. Өнгөрсөн оны мөн үед ашгийн хэмжээ 10.85 их наяд вон (8 тэрбум ам.доллар) байв. Үүний сацуу тус компанийн орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 12.7 хувиар буурах төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал дэлхий даяарх хэрэглэгчдэд хүндээр тусч, олон хүн гар утас, зөөврийн компьютерээ удаан хэрэглэж байгаа тул сүүлийн саруудад Самсунг компанийн ашиг ихээхэн хэмжээгээр буурлаа.
2023 онд гар утасны нийлүүлэлт 6 хувиар буурч, 1.2 тэрбум ширхэгээс цөөн байх төлөвтэй байгаа нь дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлтийн сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болж магадгүй гэдгийг “Counterpoint Research” судалгааны байгууллага мэдээлжээ.
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт хамгийн их алдагдал хүлээсний улмаас Самсунгийн үйл ажиллагааны ашиг эхний улиралд 95 хувиар буурчээ. Хоёрдугаар улирлын үзүүлэлт ч үүнтэй адил байлаа.
Самсунгийн удирдлага "оны хоёрдугаар хагаст эрэлт аажмаар сэргэнэ" гэж хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдсэн бол “Номура” дүн шинжилгээний байгууллагын шинжээчид энэ оны үлдсэн хугацаанд салбарын сэргэлт түргэснэ гэж найдаж байгаа ажээ.
"Чипний үнэ гуравдугаар улиралд хэвээр хадгалагдах ба эсвэл бага зэрэг өснө, дараа нь дөрөвдүгээр улиралд эрс өснө" гэж шинжээчид дүгнээд, Самсунгийн хувьцааг худалдан авах үнэ өөрчлөгдөхгүй гэж үзжээ. Энэ мэдэгдлийн дараа өнөөдөр тус компанийн хувьцааны үнэ Сөүлд 3.5 хувиар өслөө.
Д.ОДОН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.