Хятад, Америкийн харилцаан дахь эерэг хандлагууд
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр энэ үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх гэж буй билээ.
Үүнтэй холбоотойгоор "China media group" уг хоёр улсын харилцааны тухай: "Америк Хятадын харилцааны бүх Америкийн хорооны жилийн ээлжит шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн зоог саяхан болжээ. Энэхүү арга хэмжээнд уригдсан Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер: "Би энэ амьдралынхаа хагасыг Америк Хятадын харилцаанд зориулсан" гэж хэлсэн байна. Хэдийгээр өнгөрсөн хэсэг хугацаанд Хятад Америкийн харилцаа ноцтой сорилттой тулгарсан боловч Хенри Киссинжерийн адил хоёр орны эрүүл харилцааг хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн цөөнгүй хүн бий.
Ийм учир хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эерэг хүчин зүйлсээр хэзээ ч дутаагүй юм. Америк Хятадын харилцааны бүх Америкийн хорооны дарга Стив Оренс энэ тухай: "Хоёр орны харилцаа сүүлийн үед сайжирч, иргэдийн хэлхээ холбоо бэхжиж байна. Зарим саад хүндрэл учрахад бид гэрэл гэгээтэй талыг нь илүү харах ёстой" гэжээ.
Хятад, Америк хоёр Номхон далайн хоёр талд алс хол оршдог ч хоёр орны ард түмэн урт удаан найрамдлын түүхтэй юм. Эдүгээ эргэцүүлэн бодвоос иргэд хоорондын харилцаа хэзээ ч тасалдаж байсангүй. Хоёр орны ард түмэн урт удаан жилийн түүхэнд гүн зузаан нөхөрлөсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Хятад, Америк хоёр фашизмын эсрэг мөр зэрэгцэн байлдаж явсан. Америкийн нисэх хүчний 14-р баг буюу "Нисдэг бар"-ын баатарлаг түүх Хятадын ард түмний сэтгэлд домог болж хоногшсон байдаг. Хагас зуун жилийн өмнө Японд болсон ширээний теннисийн дэлхийн аваргын тэмцээнд хоёр орны тамирчид найзлан нөхөрлөсөн нь ч хоёр орон дипломат харилцаагаа сэргээх бас нэгэн сэдэл, сэжим болсон нь бий.
Уг хоёр орон дипломат харилцаа тогтоосон 40 гаруй жилийн түүхэнд иргэдийн харилцаа холбоо улам ойртож, соёл боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, эрүүл мэндийн олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж иржээ. Хятад, Америк хоёр 1979 оноос анхны ах дүү хотын харилцаа тогтоож, эдүгээ энэ тоо 284 болсон байна.
Хятад Америкийн харилцаа цаашид хэрхэн урагшлах вэ? Хөгжлийн дөрвөн замын уулзварт ирээд байгаа энэ үед иргэдийн халуун дотно харилцаа, нөхөрлөл улам үнэ цэнтэй болж, хоёр орны харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Сүүлийн үед Америкийн үндэстэн дамнасан компанийн захирлууд Хятадад ар араасаа ойрхон айлчилж байна.
Тэдний айлчлал хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа гэхэд болно. Хятад, Америк хооронд шууд нислэгийн тоо нэмэгдэж, Хятадын жуулчид Америкт багаараа аялах нь нэмэгдэж байна. Хятадын ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн Америкийн Кливленд урлагийн музейд нээгдсэн бол Филадельфийн симфони хөгжмийн хамтлаг Хятадад тоглолт хийлээ.
Америкийн Кун Фондын захирал Роберт Лоуренс Кун энэ тухай хэлэхдээ, "Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь хоёр оронд ирж буй боломж, хамтын хэрэгцээ, сонирхлоо идэвхтэй хамтын ажиллагаа болгох найдартай арга зам юм. Хоёр орны харилцааг сэргээж, эрүүл хөгжлийн замд ахин оруулахад иргэдийн харилцааг бэхжүүлэх нь хамгийн дөт зам юм гэсэн байна" хэмээн мэдээлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл