Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, монгол хонины махны экспортоо нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, худалдаа экспортыг нэмэгдүүлэхээр боллоо.
Тодруулбал уулзалтын үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, элчин сайд Мохсен Бахтиар нар хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын болон автотээврийн харилцааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов.
Исламын Бүгд Найрамдах Иран Улс бол Монгол хонины махны гол худалдан авагчдын нэг. Монголын эко, амт чанар сайтай махыг өндрөөр үнэлэгддэг.
Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улсаас хонины махыг шинээр нь экспортолж, Иран Улсаас төрөл бүрийн жимс, ногоо болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн хурдан шуурхай импортлох боломжтой болно.
Ингэснээр хоёр улс экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулна. Хоёр улсын Засгийн газар Автотээврийн харилцааны хэлэлцээр байгуулбал Монгол Улс болон БНХАУ, ОХУ-с Иранруу дөт замаар холбогдоно.
Иран Улсын Бандар Аббас боомтоор дамжуулан Монгол Улсын баруун бүсийн экспорт, импорт, транзит ачаа барааг шууд тээвэрлэнэ.
Ташрамд дурдахад, Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулснаар Европ-Турк-Иран-БНХАУ (Өрөмч)-Монгол (Ховд), холимог тээврээр Европ-Турк-Иран (Бандар Аббас боомт)-БНХАУ (Тяньжин боомт)-Монгол Улсын Замын-Үүд боомт гэсэн гарцтай болох юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [82.144.201.2] 2023-11-20 15:18:21
Иран улстай нэг их ойртоод байх нь барууны орнууд болон АНУ-д нэг их таалагдахгүй байх шүү...
Хм [202.126.89.51] 2023-11-20 14:45:27
Энэ Сайдтан НҮБ ийн хоригоо мэдэж байгаа юу ажлаа мэддэггүй ээ