Энэтхэг: Газрын гүнд боогдсон ажилчдыг бүгдийг нь аварч чадлаа

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн хойд нутгийн Уттаракханд мужид хонгил нурсны улмаас газрын гүнд боогдсон 41 ажилчныг аврах ажиллагаа Гринвичийн цагаар 15:30 цагт амжилттай дууслаа. 4,5 км-ийн гүнд орших уг хонгил 17 хоногийн өмнө нурсан бөгөөд ажилчид гарах гарцгүй болсон ч гэсэн аз болоход тэд нурангид дарагдаагүй, гэмтэж бэртээгүй байна. Мөн уртаашаа 2 км орчим, өндрөөшөө 8,5 м том орон зай дотор хүчилтөрөгчийн тодорхой хэмжээний нөөц байв.

Аврагчид нурангин дундуур өрөмдөн нүх гаргаж, түүгээр хоол хүнс, ус, хүчилтөрөгчийг ажилчдад дамжуулан өгч байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүчилтөрөгчийн нөөц багассанаар ажилчдын биеийн байдал муудах вий гэсэн болгоомжлол байлаа. Аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний гол зорилго нь нурангин дундуур бетон хоолой тавих явдал байв.

Даваа гарагт эхэлсэн ажиллагааны сүүлчийн үе шатанд “уурхайчин-хархнууд” гэгддэг аврагчдын тусгай багийнхан оролцжээ. Тэд голдуу уурхайн аврах ажиллагаанд оролцдог бөгөөд маш давчуу орон зайд ажиллах тал дээр мэргэшсэн хүмүүс юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагаанд оролцсон бүх хүмүүст баяр хүргээд, өөрсдийг нь аврах хүртэл тэсвэр хатуужил үзүүлсэн ажилчдын эр зоригийг онцоллоо. “Удаан хүлээсний эцэст найз нөхөд маань ойр дотныхны хүмүүстэй уулзаж буйд би маш их баяртай байна” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Силкьяра гэдэг энэ хонгил бол 1,5 тэрбум долларын өртөгтэй 890 км урт зам барих төслийн нэг хэсэг бөгөөд уг зам хиндү шашинтнуудын мөргөл хийдэг гол газруудыг холбох юм.

Харин зам барихад учирч буй хамгийн том бэрхшээл бол дэлхий дээрх газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй уулын бүс гэгддэг Хималайн нуруугаар шинэ зам дамжин өнгөрч буй явдал юм. Хойд Хималайн нурууны уулсын хөрс нь сул чулуурхаг, хатуу гэх мэтээр янз бүр байдаг нь барилгын ажил явуулахад хүндрэл учруулдаг ажээ.

Зөвхөн энэ онд гэхэд, муссон салхинаас үүдэлтэй аадар борооны улмаас Уттаракхан мужид 1000 гаруй удаа хөрсний нуралт болж, 48 хүн нас баржээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.