Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу
Ердөө, хагас жилийн дараа Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болно. Энэ түүхэн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчноо урьд хожид байгаагүйгээр “хөдөлгөөд” байгаа. Сонгуулийн зохион байгуулалт зардал бууруулах, хяналт тавихаас гадна жендэрийн эрх тэгш байдлын тал дээр манай улс томоохон дэвшил гаргав. Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх, 2028 оноос эхлээд 40 хувь байхаар хуульчилж баталгаажууллаа. Энэ нь УИХ-д олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, тантай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл сонгогдох боломж бүрдлээ. Мөн саналын хуудаст хүйсийн харьцаа 1/1 буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжлөхөөр болсон. Хамгийн багаар бодоход аль нэг хүйсийн төлөөлөл 22-24 сонгогдох боломжтой гэж хэлж болно. Энэ мэтээр тэгш эрхийг хангах 30 хувь учиргүй том дэвшил биш ч өнөөгийн нөхцөл байдалд чамлахаар чанга атгах хэмжээний ялалтыг хүний эрхийн тэмцэгчид 18 жилийн дараа байгуулж чадлаа. Энэ бол жендэрийн эрх тэгш байдлыг хангасан ганцхан зохицуулалт.
Мөн өмнөх сонгуулийн гүйцэтгэл тайлантай уялдуулж сонгуулийн зардлыг багасгах, тэр дундаа нэр дэвшигчдийн зурагт самбарын тоо 90 гаруй хувиар буурна гэж үзжээ. холбоотой шинэлэг зохицуулалтууд орсон. Ингэхдээ нэр дэвшигчид тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “нэгдсэн самбар” ашиглахаар хуульчилсан нь том шинэчлэл болов. Тодруулбал, суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх самбар байрлуулна. Нэр дэвшигчид бүгд нэгдсэн самбар дээр зурагаа байршуулна. Урт нь 2.4, өргөн нь метр гаруй самбар хийхэд хоёр сая төгрөгөөс дээш зардал гарахгүй гэж тооцсон. Ингэснээр нэр дэвшигчээс самбартай холбоотой зардал гарахгүй. Нэг хүн А4 бичгийн цаасыг хоёр нийлүүлсэн хэмжээтэй зурагаа өөрт оногдсон хэсэгтээ наана гэсэн үг. Харин намууд самбараа өөрсдийн зардлаар хийж санал авах байранд байршуулж болно. Гэхдээ гудамжинд байдаг бизнесийн байгууллагын самбарыг түрээслэхийг зөвшөөрөхгүй гэсэн шинэчлэл орсон.
Түүнчлэн, намууд нэр дэвшүүлэхдээ 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх шаардлага тавьж байгаачлан жендэртэй холбоотой тайланг жил бүр гаргаж өгнө. Үр дүнд нь үндэслэж санхүүжилт олгох, намууд шаардлагатай мэдээллээ цахим хуудастаа тавьж байгаа эсэхийг сонгуулийн байгууллага хянана. Нэр дэвшигчдийн бүртгэл, баталгаажуулалтыг цахимаар хийнэ. Энэ мэтээр намд дангаар нь үүрэг болгохоос гадна төрийн институтийг оруулж ирж байгаа чухал өөрчлөлтүүдийг дагаж мөрдөх юм. Тэгвэл Их хурлын сонгуулийн хуульд орж буй эдгээр шинэчлэлийг мөн адил орон нутгийн сонгуулийн хуульд тусгах уу гэдэг асуудал анхаарал татаж буй юм. Гэтэл дээрх шинэчлэлүүдийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль тусгаж өгөхгүй бол хугацаа тун бага үлдсэн. Энэ удаагийн намрын чуулганаар амжиж батлуулахгүй бол хуулийн хугацаа “хаагдана”. Одоогийн байдлаар сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулна гэсэн хамгаалалтыг зургаан сар болгон бууруулж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлаад байгаа ч ёсчилсон эсэх нь тодорхойгүй. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ өргөн барих, орон нутгийн сонгуульд шинэчлэл хийх үү гэдэг нь тун бүрхэг байна. Бид арваад их хурлын гишүүнтэй уулзаж тодруулсан боловч энэ талаар тодорхой мэдээлэлтэй нь цөөн байв.
Орон нутгийн сонгуулийн хуульд зардал бууруулах, жендэрийн тэгш төлөөллийг хангах 30 хувийн зохицуулалтыг тусгахаас эхлээд өөрчилж шинэчлэх хэрэгцээ шаардлага их бий. Үгүй бол сонгуулийн эрх зүйн орчин, жендэрийн мэдрэмжтэй шинэчлэл зөвхөн парламентад үйлчилж, орон нутаг хөсөр хаягдах нь. Одоогийн мөрдөж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуульд Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж заасан.Угтаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль гэдэг ач холбогдлоороо Их хурлаас дутахгүй. Яг л иргэдийн амьдрах орчин, асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг ард түмэнд хамгийн ойр төлөөлөл. Тиймээс намууд, их хурлын гишүүд энэ тал дээр шуурхай “хөдөлж” өргөн барихгүй бол хугацаа бага үлдлээ. Хуулийн өөрчлөлтийн талаар СЕХ-ноос тодруулахад “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуульд Их хурлын Сонгуулийн хуульд тусгасан өөрчлөлтүүдийг оруулсан. Харин хэзээ өргөн барихыг мэдэхгүй” байна гэв. Тиймээс бид Их хурал болоод Засгийн газрын гишүүний байр суурийг хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААГ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Орон нутгийн сонгуулийн хууль одоохондоо өргөн баригдаагүй байна. Зарим гишүүд санаачлаад явж байгаа учраас удахгүй орж ирнэ гэж бодож байгаа. Их хурлын сонгуулийн хуульд тусгасан тогтолцоо, эмэгтэйчүүдийн квотыг орон нутгийн сонгуульд оруулах уу гэдэг асуудал нэлээд яригдаж байна. Мөн сум, дүүргээс сонгогдсон хүмүүсээс аймаг, нийслэлийн төлөөлөгчдийг сонгоё гэдэг санал гаргаж үүнээс болж гацаа үүсээд байгаа. Ер нь орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөх, дагуулаад Нэгжийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Улс төржүүлэхгүйн тулд сум, аймгийн даргыг ард түмэн сонгодог тогтолцоонд шилжих ёстой гэж боддог. Мөн зардал мөнгөтэй холбоотой шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл санааг орон нутгийн сонгуульд суулгах тал дээр идэвхтэй оролцоно.
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТООГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ЧАНАР ЯРИХ ЁСТОЙ
-Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар бүрэн мэдээлэл алга. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэхээс илүү чанар ярих ёстой гэж боддог. Хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн манлайлал өндөр байгаа ч улс төрийн түвшинд харьцангуй цөөн. Тиймээс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр ахиц дэвшил гаргах зайлшгүй шаардлагатай. Эрх зүйн орчин, боломж нөхцлийг ч сайжруулах ёстой. Энэ тал дээр Соёлын яам манлайлж ажилладаг. Миний харж буйгаар зөвхөн тоо гэхээс илүү чанар руу илүү анхаарах буюу бүх салбарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь чухал. Аль ч түвшинд чанартай байх зарчмыг баримтлах хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЯМАР ЗАРЧМААР СОНГОХ ВЭ ГЭДЭГ НЬ МАРГААНТАЙ БАЙГАА
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар төлөөлөгчдийг ямар зарчмаар хэрхэн сонгох, хуулийн хэр хэмжээнд өөрчлөх вэ гэдэг дээр маргаантай саналууд гарч байгаа юм билээ. Миний хувьд өргөн барихгүй болов уу гэж ойлгосон. Гэхдээ руулийн өөрчлөлтийг удахгүй өргөн барих ёстой гэсэн гишүүд ч бий. Орон нутгийн сонгуулийн шинэчлэлийг намрын чуулганд амжиж хийхгүй дахиад “гар” хүрэх боломжгүй болно. Одоогоор өөр санал хэлэхэд эрт байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл