Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо

Aдмин / Улстөр

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дугарын Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах санал оруулж байна гэв. Мөн тэрбээр, Улсын Их Хурлаар тус Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталж, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эрх зүйн цогц шинэчлэл хийх, гадаад дотоод мэдээллийн урсгалаа нэг болгох, аливаа асуудлын үнэн эсэхийг тухай бүрд мэдээлдэг байх, эрүүдэн шүүлттэй тэмцэх механизмыг ажиллуулж буй арга барилын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ хүрээнд тус Комиссын гишүүдээс байгууллагын үйл ажиллагаагаа сайжирч, жигдэртэл Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санал санаачилга гаргасан” гээд нэр дэвшигчийн намтарыг танилцуулав.

Нэр дэвшигч Д.Сүнжид 1977 онд төрсөн. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд Олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 оноос ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессоор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар, 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байна гэв. Түүний дараа Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатараас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад нэр дэвшүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигч Д.Сүнжидийг нэр дэвшүүлснийг олонхи дэмжиж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох нь зүйтэй гэж үзлээ гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ХЭҮК-ийн даргыг сонгох асуудлыг хэт яаравлан оруулж байгаад шүүмжлэлтэй хандсан бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар дэмжиж үг хэлсэн.

Тухайлбал, нэр дэвшигч онолын мэдлэг болон ажлын туршлагатай учраас хараат бусаар, нийгмийн хүсэл шаардлагад нийцүүлэн, хүний эрхийн зөрчлийг арилгахад дэвшил гаргаж ажиллахыг хүслээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64 хувийн саналаар дэмжигдлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.