НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ТАЛ ТАЛЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛНА…
44 их наяд төгрөгийн хулгайн нүүрсний асуудлыг хянан шалгах нотлох баримтын сонсгол 1-р ээлжиндээ сөрөг хүчний голдуу хүмүүс ба аж ахуй нэгж, аймаг сумуудын удирдлагын түвшинд асуудлуудыг хэлэлцсэн юм. Хамгийн ноцтой хөндөгдөж, шуугиан дэгдээгээд буй асуудал нь Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой газар нутгийг гадаадын иргэд давуу эрхтэй эзэмших болсон явдал байв. Өмнөговь аймгийн Ханбогд сумд л гэхэд засаг дарга нь Хятад улсын 40 гаруй компанид газар эзэмших тусгай зөвшөөрөл олгосон асуудал нь ҮАБ-ын хэмжээний асуудал төдийгүй үүнд Ерөнхийлөгчөөс анхаарал хандуулж ажиллахаар болсон юм.
Гэвч нүүрсний сонсгол гэх улс төр, нийгэм, төр засгийн хүрээний нээлттэй сонсголыг шударга, ил тод явуулах зарчим алдагдаж буй өнгө аяс цухалзаж байв.
Тухайлбал ХЗДХ-ийн сайд сөрөг хүчнээс сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч нарыг нэгийг нь тодорхой баримттай эсэхээс үл хамааран нүүрсний хулгайч мэтээр харагдуулахаар мэдэгдлүүд хийсэн бол нөгөөг нь сонсголд ирж чадахгүй гадаадад явж байгаа гэх шалтгаанаар толгойг нь илээд өнгөрөв бололтой.
Гэтэл нүүрсний гол орд Тавантолгойн захирлаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүс хэн яаж дарамталдаг, ямар зорилготой байсныг нь тодорхой хэлж өгөв.
Бас ЭТТ-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахаас татгалзсан нь анхаарлын гадуур өнгөрсөнгүй.
Хоёрдугаар шатны сонсголоор сөрөг болон эрх баригч намуудын лидерүүд нүүрсний сонсголд гэрчээр дуудагдахаар нэрс нь зарлагдав. Ардчилсан намаас хоёр ч УИХ-ын гишүүний нэр гарсан бол эрх баригч намаас ЭЗХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга нь хүртэл дуудагджээ. Баримтын сонсгол хэр нухацтай явагдахыг харах үлдлээ.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл