Ш.Адьшаа: Нүүрсний сонсгол гэгч нь чиглэлээсээ хазайж, жинхэнэ хулгайч нараа нуух зорилго цаагуураа агуулж байгаа юм биш үү
Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ.
Сонсголын эхэнд Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Нүүрсний хулгайтай холбоотой янз бүрийн тоон дүн яригддаг. Зарим нь 40 их наяд, 44 их наяд гэж ярьдаг. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай байна гэж хэлсэн. Тиймээс анх 40 наядын хулгай гарсан гэдгийг нотолж ярьж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд болон 440 их наяд гэж хэлсэн С.Ганбаатар нарыг гэрчээр дуудаж, энэ талаар тодруулъя. Тиймээс түр хорооны хоёр гишүүн энэ ярьсан тоо баримтаа ямар үндэслэлээр гаргаж ирсэнээ эхлээд хэлээд өгөх үү.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Шинжээчдийн хэлж байгаагаар бол нөгөө 40 их наядын хулгай бараг нэг их наяд төгрөг болоод буурчихлаа. Бодвол тоонуудыг нь сайн харсан байлгүй дээ. Уг нь энэ тооцоолол бол 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд байсан. Тооцоод 40 их наядын хулгай явагджээ гэж гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг болон энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан байдаг. Тэгэхээр түр хорооны шинжээчдийн туршлага, мэдлэг ямар билээ гэдэгт миний хувьд эргэлзээтэй байгаа. 40 их наяд гэдэг бол магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ “Эрдэнэс Монгол” ХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байгаагаа онцолсон. Тодруулбал, төрөөс гадуур их хэмжээний мөнгө хяналтгүй эргэлдэж байна. “Таван толгой” ХК дээр өнөөдрийг хүртэлх сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллароор ачигдаж байж, хилийн цаанаа 180 гаруй ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр далд байгаа эдийн засгийг ил болгож дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэхээр байгаа гэдэг мэдэгдлийг хийж байв. Энэ мэдэгдлийн дараа бидний эдийн засагчид судалж үзсэн. 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад ДНБ 46 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэсэн үг.
Одоо хоригдож байгаа Б.Ганхуяг гэдэг нөхөр нүүрсний хэргийн талаар мэдэхгүй байна гээд байгаа. Мэддэг хүн нь ирнэ гэсэн, ирсэн хүн нь Н.Удаанжаргал байсан. Хоёр том тортой зүйлийг нь 20-хан минутад танилцуулаад нууцад хамаарна гээд гарын үсэг зуруулсан. Тэр тортой зүйлстэй нь танилцах гэтэл удаан танилцаж болохгүй гэсэн. УИХ-ын гишүүд нь түүнийг мэдэхгүй байсан. Тухайн үед би Зам тээврийн сайд Л.Халтарыг ч дуудсан. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг нөхдийг дуудаж мэдээлэл авч ир гэхэд сайд нар нь ч мэдээллээ мэдэхгүй байсан. Тухайн үеийн нууцлалтай гэрээгээр нүүрсний тонн тутмаас их хэмжээний мөнгө авч, гэрээгээр халхавчилсан. Өнөөдрийн сонсголын үеэр шинжээчид ч танилцуулж байна. Статистик мэдээлэл нь зөрүүтэй. Тэгсэн мөртлөө эзэн холбогдогч, баримт материал нь далд. Тиймээс энэ асуудлыг шинжээчдийн хувьд нухацтай авч үзэх ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, битгий улс төр хий. Би хэвлэл мэдээлэл дээр явж байсан тоог үндэслээд тайлбарласан. Жишээ нь 40 их наяд төгрөг гэдэг бол 400 сая хонь. Ард иргэдэд нүүрсний хулгай гэж ямар том зүйл байгааг л ойлгуулах гэж ингэж хэлсэн.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -С.Ганбаатар гишүүн ээ, та одоо 440 их наяд гэдэг тоон дүн дээрээ байна уу. Эсвэл тэр үед сэтгэл тань хөөрөөд ингээд хэлчихсэн юм уу. 440 их наяд гэж танаас өөр ярьсан хүн алга. Ийм нэг уянгын халилаа та одоо боль оо.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, чи яасан юм ойлгодоггүй хүн бэ. Би хэлж байна шүү. Хэвлэл мэдээлэл болон интернэтээр явж байсан тоог тайлбарлаж ярьсан. Энэ бол аугаа том хулгай. Энэ бол мянганы хулгай. Энэ бол эрх баригчдын тэр дундаа МАН-ын хулгай шүү. Та тэгээд өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Б.Ганхуягийг л хурдан авч ир гэдгийг би хэлье.
Ингээд Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр гишүүнийг эргээд суудалдаа суухыг урьсан. Энэ үеэр Түр хорооны бусад гишүүд С.Ганбаатар болон Т.Доржханд нарын гишүүдээс асуулт асуух гэсэн боловч Түр хорооны дарга зөвшөөрсөнгүй. Үүнээс болж Түр хорооны гишүүдийн дунд маргаан өрнөсөн.
Үргэлжлээд Нүүрс тээвэр болон экспортын асуудлаарх шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Шинжээчдийн дүгнэлтийн дараа Түр хорооны гишүүд холбогдох гэрчүүд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа нараас асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Шинжээчдийн дүгнэлтээс нийт тав орчим тэрбум ам.долларын нүүрс тээвэрлэлт Монгол Улсаас гарсан гэж байна. Үүнээс хамгийн их буюу хил гаалийн бүрдүүлэлтгүй гасран 20 жолоочийг гэрчээр дуудсан. Мөн тооны компанийн холбогдох хүмүүсийг гэрчээр дуудан оролцуулж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: -УИХ-ын гишүүдээс гарч байгаа үг ямар хор нөлөөтэй гэдгийг 40, 440 их наяд төгрөгийн хулгай байна гэдэг зүйлээс тодорхой харж болно. Үүнээс болж өвлийн хүйтэнд олон залуус эрүүл мэнд, үзэл бодлоороо хохирсон. Гэтэл сая гишүүд хэлж байна. Интернэтээр явж байгаа мэдээллийг л эш татсан гэж хэллээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй байж болохгүй. Та нар муу сайн ч УИХ-ын гишүүд биз дээ. Та бүхний хэлсэн энэ хариуцлагагүй үгнээс болж Монголын ард түмний төрд итгэх итгэл буурсан шүү.
Гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Энэ сонсголд би ард түмэн, төр засгаа хүндлээд ирсэн. Ийм бузар гүтгэлэг Монголын түүхэнд дахиад гарах уу, үгүй юу. Би хэлж мэдэхгүй юм. Би 2005 онд Монголын гаалийн байгууллагаас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр томилогдсон. 2012 оноос хойш миний бие болон манай ах дүүс, хамаарал бүхий хүмүүс “Эрдэнэс Таван толгой” компани болон бусад уул уурхайн компаниудаас нүүрс худалдан авах, хөрс хуулах үйлчилгээний бизнес хийсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг тойруулах, жинхэнэ нүүрсний хулгайч нарыг нуух зорилго цаана нь явагдаж байгаа юм биш үү. “Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг энэ сонсгол гэгчдээ яагаад оролцуулахгүй байгаа юм бэ. Энэ хүн оролцох ёстой. Гол гэрч болсон хүн шүү дээ. Тиймээс энэ хүнийг оруулахыг албан ёсоор хэлж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Ш.Адьшаа гишүүн ээ. Энэ зөвхөн “Эрдэнэс таван толгой”-н асуудлыг ярьж байгаа. Бусад уул уурхайн компаниудыг яриагүй шүү.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Б.Энхбаяр аа, би ярих ёстой зүйлээ хэлчихье ээ. Чи тэнд суучихаад дарга гэдэг эрх мэдлээрээ хүний хэлэх үгийг боох, хаах эрх байхгүй шүү. Би таныг хүндэтгэж байгаа шүү. Жаахан хүндэтгэлтэй байна шүү.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Би таныг хүндэтгээд л яриулаад байгаа шүү дээ. Таны үүсгэн байгуулсан компани дээр Жаргалсайхан гэдэг хүн өмнөх сонсголын үед жижиг “Таван толгой” компанитай холбоотой асуудлаар гэрчээр оролцсон. Та энэ хүнтэй хамтарсан нүүрс тээврийн компанитай юм байна. Мөн таны зөвлөх бас нүүрс тээврийн компанитай гэдэг асуудал яригдаж байна шүү. Зөвлөх нь ийм асуудалд холбогдохтой зэрэгцээд та чөлөөлчихсөн байна. Баригдахаа мэдээд ийм үйлдэл хийв үү. Та юунд сандраад байна вэ.
УИХ-ын гишүүн Адьшаа: -Би биш Б.Энхбаяр чи өөрөө сандраад байгаа юм биш үү. Өнөөдөр миний хувьд тэр Мөнхцэцэг гэдэг хүн ямар компанитай, ямар аж ахуй эрхэлдэг гэдэг байдлыг нь харгалзаж зөвлөхөөрөө томилоогүй. Харин гадаадад сургууль төгссөн. Англи, Орос хэлний онцгой орчуулагч бүсгүй учраас л зөвлөхөөрөө авсан. Миний хувьд хуулийн төсөл боловсруулах ажилдаа туслуулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авч томилсон. Ийм зүйлээр намайг яллах ажиллагаа явуулах гэж байгаа нь өөрөө утгагүй. Өнөөдөр чинь 1937 он биш шүү, Б.Энхбаяр аа. Ийм зүйлээр хүнийг хэрэгт хийнэ гэвэл энэ төр, энэ нийгэм чинь хаашаа явах вэ. Бусад тэр компанийн талаар би юу ч мэдэхгүй. Энэ ер нь юу болоод, ямар ажиллагаа явагдаад байгаа юм бэ. Өглөө энэ сонсголд ирээд л 10 компанитай болсоноо мэдлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -А.Адъяасүрэн таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө бил үү, болсоны дараа ч юм уу, мэдэхгүй. С зөвшөөрөл авах гэж бусдад авлига өгсөн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудал үнэхээр бодитой юм уу.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: -Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдан олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс би хүндэтгэн ирсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө би улс төрд ямар нэгэн нөлөө бүхий ажил хийж байгаагүй. Улс төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаагүй. Би 1999 оноос эхлээд зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Жолооны сургалт, авто тээврийн бизнес явуулж ирсэн. Монгол Улсад нийт 40 гаруй мянган жолооч бэлтгэсэн байна. Миний үед Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан 400 гаруй тээврийн компани байсан. Хамгийн оргил үе дээ 17 мянган жолооч ажиллаж байсан. Жолооч, тээвэрчдийн зовлон жаргалыг мэддэг, энэ бизнесийн орчны сайн, мууг ойлгодог бүсгүй УИХ-д орж ирсэн. 2020 оны тавдугаар сар хүртэл намайг хэн ч таньдаггүй байлаа. Өөрөөр хэлбэл сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлээд намайг энэ С зөвшөөрөлтэй холбоотойгоор гүтгэж ирсэн. Миний хувьд бизнес эрхлэгч эмэгтэй. Тэр утгаараа бизнес эрхлэгчдийг ухах юм бол зээлийн гэрээнүүд л гарч ирдэг. Тухайлбал манай эгч нэг хүнд зээл өгсөн. Тэр зээлийг надад авлигын хэрэг болгож наасан. Уг наалтаа сонгууль дуустал намайг харлуулсан. Сонгуулийн дараа нэг хэсэг чимээгүй болсон байдаг. Хэрэг ч хаагдсан байсан. Гэтэл нүүрсний хэргийн дуулиан шуугианаар буюу жилийн өмнөөс дахин гарч ирсэн. Ер нь хулгай хаана байдаг вэ. Эрх мэдэлтэй, нууц газарт л хулгай байдаг. Эрх баригчид хэрхэн авирлаж байгааг олон түмэн харж байгаа байх. Ардчилсан намд хоёрхон эмэгтэй гишүүн байдаг. Бид хоёрыг ямар ч нотлогдох зүйлгүйгээр байнга гүтгэж ирсэн. Одоо энэ сонсголоор хамаарал бүхий олон компанитай байснаа мэдлээ. Үнэндээ энэ олон компаниас нэгийг нь ч би мэдэх юм байна. Бусдыг нь ч мэдэхгүй.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.191] 2023-12-20 17:58:19
Адьшаа,Бат-эрдэнэ,Адьяа сүрэн гм гэмт этгээдүүд гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр муур хулгана хөөцөлдүүлэх арга саам хэрэглээд элдэв арга саам хайгаад мөнч ичгүүргүйгээр мэлзэжчээх юм Монголын ард түмэн түмний түмэн нүд харж сонсож байхад.Габаатар гэгч холионы нөхөр ямар утгагүй,өчүүхэн нөхөр вэ? өөрөө хэлж ард түмний баатар болчихоод өнөөдөр бүүр шал эсрэг юм яриад зогсож байх гэ...Ер нь энэ хэргийг ахд түмний шүүхээр шийдүүлэхээс нааш зөв шудрага шийдвэр гарахгүй юм шиг харагдаад байх юм.
Зочин [66.181.176.100] 2023-12-20 03:18:06
Адьша бол монголын төрд ажилах ёсгуй рун гаалиас төрсөн тэрбумтан гашуун сухайт гагц модны боомтоор ноолуурыг татваргуй гаргаж улсын төсөвт биш хувьда мөнгө хийж бсан хун одоо их хуралд гараад төрийн эсрэг ажилаж бга хун
hulgaich adyshaa [66.181.189.194] 2023-12-19 16:58:48
adyashaa geh jinhene hulgaich dee. gaaliin bol estoi ballaj baisan hvn dee. ter chin gaaliin baatartai niilj ih hulgai hiisendee..
Зочин [103.57.93.210] 2023-12-19 14:54:59
Za tegeed hench hulgai hiigeegui, gemgui humuus genee. Tegeed hen hulgailsan bolj bna?
Зочин [103.57.93.210] 2023-12-19 14:51:57
Ganbaatar hudalch gedeg shuud haragdaj bna. Bolovsrol muutai hun yuch gej yarj bolno. Iim hun ih hurliin gishuun gej bair bugluud suuj bna. Anh Oyu Tolgoigoor show hiij garsan, odoo tegeed gishuun bolood yag yu hiij giigulsen be?
Зараа [124.158.66.99] 2023-12-19 12:31:36
хулгайчийг бариарай ! гэж хамгийн гал цогтойгоор дуугарч байгааг хараад л байгаа шүү, ккк