SPEAK OUT: Энэ УИХ өнгөрсөн хугацаанд эрчим хүч, шатахууны асуудлаар ямар бодлого гаргав

Aдмин / Улстөр

Жавар тачигнасан хөхөө өвлөөр монголчууд эрчим хүч, бензин шатахууны хязгаарлалтад орсон. Тэгвэл манай сонин эрчим хүч, шатахуун тойрсон ээлжит сурвалжилгаа Төрийн ордноос хийлээ. Одоогийн парламент өнгөрсөн гурван жилийн хугацаанд монголчуудын өмнө үеийн үед тулгарч буй эрчим хүч, бензин шатахууны асуудлаар ямар бодлого, шийдвэр гаргав. УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тиймээс энэхүү асуудлаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.

Энэ УИХ өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрчим хүч, бензин шатахууны асуудлаар ямар бодлого, шийдвэр гаргасан бэ. УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа шүү дээ?

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Бид бүхэн улсаараа хүнд нөхцөл байдалд орчихоод байна. Тэр нь шатахууны хомсдол. Ер нь энэ асуудал өмнө нь ч тулгардаг л байсан. Улирал солигдох үед зуны, өвлийн түлш гээд асуудал гардаг байсан.

Гэхдээ энэ жилийнх шиг хүнд нөхцөлд орж байгаагүй. УИХ-аар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах тухай хуулийг баталсан. Инфляцид хамгийн түрүүнд нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, гурил, бензин байдаг. Үүний үнийг тогтворжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлбэл, инфляци савахгүй гэж үзээд энэхүү хуулийг баталсан. Үүний үндсэн дээр 550 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Мэдээж энэ үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлдэг. Манай улсын шатахуун, эрчим хүчний 90 гаруй хувь нэг улсаас хамааралтай явдаг. Тиймээс олон эх үүсвэртэй болъё

Дотооддоо бид газрын тостой улсын хувьд газрын тосны үйлдвэртэй болъё гэж яригддаг. Эдгээр зүйлүүдээ хийж явна. Гэхдээ яг одоо бол улс орон хүнд байна. Хөдлөх боломжгүй зогссон. Улаанбаатарт иргэд 5-6 цаг оочирлож байна. Орон нутагт иргэдийн түлхүү хэрэглэдэг портер, бонго машинууд нам зогссон байдалтай байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Ковидын үед барааны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд УИХ-ын тогтоол гарч байсан. Тогтоолын үр дүнд газрын тосны үнэ, гурил, мах зэрэг хэрэглээний үнийн сагсанд өндөр жин үзүүлдэг, инфляцид нөлөөлдөг бүтээгдэхүүний үнэ буурах ёстой. Харамсалтай нь буураагүй шүү дээ. Хоёрдугаарт, газрын тосны чиглэлээрх санхүүжилтүүдийг Молнголбанкнаас хийх ч гэдэг юм уу, хөнгөлөлттэй эх үүсвэрийг нь шийдэж өгөх тогтоолууд нэлээд гарсан байдаг. Энэ нь бодитой үр дүнд хүрсэн үү гээд харахаар өнөөдрийн байдлаар үр дүнгүй байна. Үүнээс илүү геополитикийн асуудал байна. Хойд хөрш зөвхөн Монгол бус, хөрш орнуудаа, төв Азийн болон европын орнуудыг эрчим хүчээр хараат байлгах бодлогыг олон жил явуулж ирсэн. Энэ нөлөө байгаа нь тов тодорхой. Харин эрчим хүчний хувьд хараат бус байх, газрын тосны хувьд бие даасан байх бодлогоо хатуу баримталж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь асуултын тэмдэгтэй байна. Сүүлийн 40 жил цахилгаан эх үүсвэр шинээр ашиглалтад орсонгүй. Нефтийн үйлдвэр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Хойшлогдсоор байна. Энэ л хамгийн том зовлон нь. Тиймээс үүнийг шийдэх гарц гаргалгаа нь юу байна гэхээр нэгдүгээрт, эрчим хүчний нүүрсийг түлж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг чиглэлээр хөрөнгө оруулалт, гаднынханд байхгүй болчихлоо. Бүгд ногоон эрчим хүчийг санхүүжүүлнэ гэсэн. Ийм тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр эрчим хүчний нүүрсийг ашиглаж дулааны цахилгаан станц барих яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Үүнтэй уялдуулж сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Үүний хүрээнд үнийг чөлөөл. Алдагдалтай үнээр хэн бизнес хийх вэ дээ. Ийм хоёр асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, газрын тосны хамаарлаас гарахын тулд нефть нэрдэг үйлдвэрээ ашиглалтад оруулах, цаашлаад уран, атомын цахилгаан станцыг барих ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Эрчим хүч, шатахууныг төрийн бодлогоор анхаарах стратегийн гол бүтээгдэхүүн. Ямартаа ч нөөцийн хувьд хангалттай нөөцөлж байсан. Сүүлийн үед иргэдийн дунд шатахуун тасрах гэж байна гэдэг ч юм уу, янз бүрийн байр суурь, мэдээллүүд гарсан. Тиймээс сүүлийн 10-аад хоногийн хугацаанд очертой болсон. УУХҮ-ийн сайд ч өөрөө мэдэгдэж байгаа шүү дээ. Нөөц хангалттай байгаа. Иргэд 50 мянган төгрөгөөр бензин авдаг байсан бол банкаа дүүргэдэг болсон гэх асуудал бий. Ийм асуудлууд байна. Түүнээс нөөц дутагдалтай, өнөө маргааш тасарчихсан, ОХУ-аас нефть орж ирэхгүй гэсэн асуудал байхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа шүү дээ. Дээрх хоёр бүтээгдэхүүний асуудлаар гарсан бодлого, шийдвэрийг хэвлэлийнхэн маань сайн мэдэж байгаа. 2025 онд нефть нэрэх үйлдвэр ашиглалтад орно гээд Засгийн газар нэлээд эрчимтэй ажиллаад, төлөвлөгөөний дагуу явж байгаа гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл хоёр сарын өмнө УИХ-ын тав дахь өдрийн үдээс хойшхи хуралдаанд танилцуулагдаж байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Эрчим хүчний бие даасан байдлыг хангах гээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжээд явж байгаа шүү дээ. Баруун аймгийг өнөөдөр ОХУ-аас эрчим хүчээр хангаж байна. Манайх эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй байна. Тиймээс цаашид бүрэн хангахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шинээр ашиглалтад оруулах энэ том төсөл олон жил яригдсан. Маш ээдрээтэй төслийг ямартаа ч нааштайгаар шийдсэн. Энэ бол эрчим хүчээ дотоодоосоо хангахад маш чухал. Амгалан ДЦС-ын өргөтгөлийн асуудал байна. ТЭЦ-3,4-ийн өргөтгөлийн асуудлууд ч байна. Үүнээс гадна нар, салхины эрчим хүчний хүчин чадлын асуудлууд ч байна. Мөн Бөөрөлжүүтийн 150 мВт-ын цахилгаан станцын ажил хийгдэж байна. Багануурын цахилгаан станцын ажил мөн л олон жил яригдсан. Ажил зогсчихоогүй, гэхдээ удаашралтай байна. Энэ бүрийн цаана эрчим хүчээ дотоодоосоо хангах бодлогын хүрээнд УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлууд явж байна. Үүн дээр удаашралтай ч гэдэг юм уу, эсвэл ОХУ, БНХАУ-тай, олон улсын тендер шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал байна. Гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас удаашралтай байгаа зүйлүүд бий. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлууд ямар нэгэн хэмжээгээр явж байна. Он гараад Бөөрөлжүүтийн 150 мВт-ын станцыг нэгдсэн сүлжээнд оруулах гээд байна шүү дээ. Хоёрдугаарт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буюу гурил, мах, бензин шатахуунд тодорхой хэмжээний арга хэмжээ авах хөтөлбөрийг баталсан. Үүнд шаардлагатай төсөв мөнгийг баталсан. Би танай сонинд нэг бус удаа ярилцлага өгөхдөө үүнийг ярьж байсан. Бензин шатахууны үнэ тарифын асуудалд сүүлийн гурван жил өөрчлөлт гараагүй. Хэвийн хэмжээнд явж байгаа. Нийлүүлэлт дээр үе үе саатсан асуудал бий. Энэ нь манайх импортоос 100 хувь хамааралтай байдал нөлөөлсөн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.