Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ
Орос, Украины хооронд сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам болон Украины Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ. Украины талаас Оросын 248 цэргийн алба хаагчийг, харин Оросын тал Украины 230 хүн, тэдний дотор зургаан энгийн иргэнийг сулласан байна. "Манай цэрэг, түрүүч, офицерууд, мөн энгийн иргэд Оросын олзноос буцаж ирлээ" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский телеграмм хуудсандаа бичжээ. Оросын талтай солилцсон хүмүүсийн зарим нь 2022 онд Мариуполь хотыг хамгаалахад оролцож байсан хүмүүс юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, олзлогдогсдыг солилцох хэлэлцээг Арабын Нэгдсэн Эмирт Улсын зуучлалаар хийсэн байна. Москва, Киевийн хооронд сүүлчийн томоохон солилцоо наймдугаар сарын 7-нд болсон юм. Үүнээс хойш хоёр тал "хэлэлцээг санаатайгаар тасалдуулсан" гэж бие биенээ буруутгасаар байв.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [172.56.105.155] 2024-01-05 19:15:05
Энэ тэнэг дайн зогсоосой доо